Цагдаа зодсон бөхөд эрүүгийн хэрэг үүсгэлээ

Хуучирсан мэдээ: 2012.04.02-нд нийтлэгдсэн

Цагдаа зодсон бөхөд эрүүгийн хэрэг үүсгэлээ

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Нарантуул захын баруун урд уулзварын орчим өнгөрөгч лхагва гаригт 15:28 цагийн үед ажил үүргээ гүйцэтгэж, шаардлага тавьсан замын цагдаагийн алба хаагчийг улсын харцага Г.Намсрайжав гэгч зодож гэмтээсэн талаар бид мэдээлсэн.  Шаардлага  тавьсан цагдаагийн алба хаагчийн биед халдаж, хүнд гэмтэл учруулсан улсын харцага Г.Намсрайжавт эрүүгийн хуулийн  230.2-т  зааснаар төрийн албан хаагч, хэв журам хамгаалах олон нийтийн байцаагчийг эсэргүүцсэн,  энэ хэргийн улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учирсан гэх үндэслэлээр буруутгаж байгаа аж. Түүний гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол  гурван зуун тавин нэгээс таван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.  Хэргийг Баянзүрх дүүргийн  цагдаагийн хэлтэст шалгаж байна. Албан үүргээ гүйцэтгэж байгаад бусдад зодуулсан замын цагдаагийн алба  хаагчийн нүдний ухархайны яс хугарсан гэх урьдчилсан онош гарчээ.

Замын цагдааг зодож байгаа  дүрс бичлэг  Замын хөдөлгөөний удирдлагын төвийн камерт бичигдсэн байна. Тухайн өдөр болсон үйл явдлын  талаар эргэн сануулбал машиныг жолоодож явсан улсын харцага Г.Намсрайжавын хүү чигээрээ явах ёстой урсгалд буцаж эргэхийг завдан дүрэм зөрчжээ.  Улмаар дүрмээрээ хөдөлгөөнд оролцохыг сануулан, зогсоож,  бичиг баримтаа үзүүлэхийг шаардахад  шаардлага биелүүлээгүй байна. Энэ үеэр  тус машинд зорчиж явсан улсын харцага Г.Намсрайжав машинаас буун цагдаагийн биед халдаж, зодож танхайрсан байна.

С.ОТГОН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж