Герман руу зорчих визийн нөхцөлийг хөнгөвчилнө

Хуучирсан мэдээ: 2012.04.02-нд нийтлэгдсэн

Герман руу зорчих визийн нөхцөлийг хөнгөвчилнө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн гуравдугаар сарын 28-наас дөрөвдүгээр сарын 1-ний өдрүүдэд ХБНГУ-д төрийн айлчлал хийж, амжилттай өндөрлөсөн бөгөөд үр дүнгийнх нь талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэхүү хэвлэлийн бага хуралд УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн нар оролцов.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төрийн айлчлалынхаа хүрээнд Герман улсын Ерөнхийлөгч, Бундестагийн Ерөнхийлөгч, Канцлер, Дэд канцлер нартай албан ёсны уулзалт хийж, Монгол-Германы харилцааг стратегийн төвшинд хүргэх суурийг тавьсан болохыг тэд онцоллоо. Тэр дундаа Монгол Улс газрын баялгаа түүхийгээр нь эскпортлох бус боловсруулж нэмүү өртөг шингээн гадаад зах зээлд гаргах нь хамгийн чухлаар тавигдаж буй энэ цагт нүүрснээс шингэн түлш гаргах боловсруулах үйлдвэр байгуулахад Герман улстай хамтрахаар хоёр тал тохиролцоонд хүрч гэрээнүүд хийгдсэн байна. Гэхдээ өнөөдөр гэрээ зурагдсанаар нүүрс боловсруулах үйлдвэр байгуулагдчихгүй, наад зах нь долоон жил шаардана. Ямар ч байсан эхлээд судалгааны ажилд хоёр жил зарцуулагдана, дараа нь үйлдвэр барихад таван жил гээд тооцохоор долоон жилийн дараа гэхэд Монгол Улс нүүрснээс түлш гаргадаг үйлдвэртэй болчих төлөвтэй юм байна. Энэ чиглэлд Герман улсын Засгийн газар ч мөн дэмжлэг үзүүлэхээр болсон.

Боловсруулах үйлдвэр байгуулахад байгальд халгүй хамгийн орчин үеийн технологи ашиглана гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх онцолж байна.

Айлчлалын хүрээнд итгэл төрүүлсэн нэг үйл явдал болсон нь Тавантолгойн нүүрсийг Герман улс авах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн явдал аж. Учир нь Тавантолгойн ордын нүүрснээс германчууд Валсум дахь коксын үйлдвэртээ туршилт хийж үзэхэд чанар нь танигдаж, маш сайн ган үйлдвэрлэх боломжтой гэдэг нь нотлогджээ. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Тюссен-крупп компанийн Валсум дахь коксын үйлдвэртэй танилцах үеэр “Тавантолгойн нүүрсийг авах боломжтой шүү” гэдгээ илэрхийлсэн байна. Энэ нь Тавантолгойн нүүрсийг зөвхөн Хятад,БНСУ, Япон сонирхоод зогсохгүй Европын орнуудын нэг Герман сонирхож санал тавьж буй нь, энэ ордыг зөв ашиглаж чадвал дэлхий дахинд бүтээгдэхүүнээ экспортлох боломжтойг харуулсан үйл явдлын эхлэл гэж тэрбээр хэлсэн юм.

Түүнчлэн энэхүү айлчлалын хүрээнд боловсруулах үйлдвэрт ажиллах боловсон хүчнийг бэлтгэх чиглэлээр хоёр улсын Засгийн газар хооронд хамтран ажиллахаар болсон. Тодруулж хэлбэл, Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн намар “Монгол-Германы хамтарсан Технологийн их сургууль байгуулах санаачлага гаргасныг ийнхүү дэмжиж, баталгаажуулжээ. Энэ сардаа багтан Германы талаас төлөөлөгч хүрэлцэн ирж Монгол Улсад ажиллах аж.

Мөн энэхүү айлчлалын үеэр визний асуудал хөндөгджээ. Монгол Улсын талаас Монгол иргэдийг Герман руу зорчиход визийн хөнгөлөлт үзүүлдэг болох хүсэлтийг шаргуу тавьж буй юм байна. Германы талаас ч өөрийн орны иргэдийн визэд хөнгөлөлт хүсдэг. Тиймээс дараа жилээс эхлээд нэг жилийн визийг таван жилийнх болгож уртасгах асуудлыг судлахаар болсны зэрэгцээ хоёр талын дипломат паспорттой иргэдийг харилцан визнээс чөлөөлөх гэх мэт асуудлыг шийдвэрлэх анхны алхмуудыг энэ удаагийн айлчлалын хүрээнд гаргасан байна.

Г.Дарь

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж