Захиргааны хэргийн шүүх ажлаа тайлагнав

Хуучирсан мэдээ: 2012.04.02-нд нийтлэгдсэн

Захиргааны хэргийн шүүх ажлаа тайлагнав

Улсын Дээд шүүхийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхтэй хамтран өнөөдөр хэвлэлийн хурал  хийв.    

Хэвлэлийн бага хуралд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Цогт тус шүүхийн үйл ажиллагаа, хянан шийдвэрлэсэн хэргийн тоо, маргааны төрлүүд, үйл ажиллагаагаа олон нийтэд нээлттэй, ил тод хүртээмжтэй хүргэх зорилгоор хийж байгаа ажлынхаа талаар танилцууллаа. Мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Батсуурь ашигт малтмалын маргааны талаар, шүүгч П.Соёл-Эрдэнэ татвартай холбоотой маргааны талаар, шүүгч Д.Батбаатар улсын бүртгэлтэй холбоотой маргааны талаар тус тус мэдээлэл хийсэн юм.  захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхний ерөнхий шүүгч  Ц.Цогт “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх  өнгөрсөн  нэг жилийн хугацаанд 525 хэрэг хүлээн авч, нийт 499 хэрэг шийдвэрлэсэн. Мэдээлэл авах эрх чөлөөний тухай хуулийг хэрэгжүүлэх, шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод, хүртээмжтэй хүргэх зорилгоор www.admincourt2.gov.mn вэб хуудас болон http://twitter.com/appellatecourt,  “http://www.facebook.com/pages/Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх” хуудсыг нээж, мэдээ, мэдээллүүдийг тогтмол байрлуулж байна. Мөн 2011 оны магадлалуудыг өөрийн www.admincourt2.gov.mn, 2012 оны магадлалуудыг шүүхийн нэгдсэн www.shuukh.mn вэб сайтад тус тус байрлуулж, олон нийтэд хүргэж байна. Нэг жилийн ойд зориулан тус шүүхээс 2011 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан-эмхтгэлийг Ханнс-Зайделийн сангийн санхүүжилтээр хэвлүүлэн гаргалаа”  хэмээн онцлон ярив. 

“Захиргааны хэргийн давж  заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэгдсэн хэргүүдээс маргааны төрлийн хувьд газар, төрийн алба, ашигт малтмал, татвар, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлтэй холбоотой хэргүүд дийлэнх хувийг эзэлдэг аж. Нийслэлийн хувьд газрын маргаан тасрахгүй байгаа нь Нийслэл, дүүргийн газрын алба ажлын зохион байгуулалт муутай, хоорондоо мэдээлэл солилцоо, ажлын уялдаа байхгүй, иргэд байгууллагын газар, хүссэн өргөдлийг шийдвэрлэхдээ ялгамжтай ханддаг, газрын тухай хууль зөрчиж шийдвэр гаргадаг, улмаар хууль бус шийдвэрийнхээ төлөө хариуцлага хүлээдэггүй зэргээс шалтгаалж байна гэж албаныхан үзэж байна.

Нөгөөтэйгүүр Захиргааны байгууллагууд хууль бус шийдвэрээ нуун дарагдуулах зорилгоор шүүхэд хуурамч баримт бичиг гаргаж ирүүлсэн тохиолдол өнгөрсөн хугацаанд хэд хэд гарсан тул эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулахаар прокурорт шилжүүлжээ. Тухайлбал нийслэлийн Барилга, хот байгуулалт төлөвлөлтийн газарт дээрх төрлийн хэрэг маргаан гарсан  байна.

Эдгээр байдлаас үзвэл шинээр боловсруулагдаж буй Захиргааны үйл ажиллагааны тухай хуулиар хариуцлагын асуудлыг зохицуулах шаардлагатай байгааг онцоллоо. Түүнчлэн захиргааны чиглэлийн хууль тогтоомжийн өөрчлөлтөд энэ чиглэлийн хэрэг маргааныг хянан шийдвэрлэдэг, алдаа оноо нь хаана гардгийг мэддэг захиргааны хэргийн шүүхүүдээс санал авч байх нь  зүйтэй гэв.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж