Ард түмний сонголтод Н.Энхбаяр байх ёстой юу?

Хуучирсан мэдээ: 2012.04.02-нд нийтлэгдсэн

Ард түмний сонголтод Н.Энхбаяр байх ёстой юу?

Монгол улс ардчилалын замаар замнаад 20 гаруй жил болж байна. Иргэд маань ихэнхдээ МАХН, АН–д итгэл үзүүлэн сонголт хийж, төрийн ""жолоог атгуулж"" ирсэн. Харин энэ удаагийн УИХ-ын сонгуулиар 3 дахь хүчин юу байх вэ гэдэг асуудал чухал болоод байна.

1990-ээд оноос хойш монгол төрийн өндөр албан тушаалыг бүгдийг нь хашиж үзсэн Намбарын Энхбаяр хэмээх эрхэмийн тухай энд онцлон дурьдая.

Тэрээр 1990-ээд онд улс төрд өөрийн хадам аав Ононгийн тусламжтайгаар анх хөл тавьсан гэдэг. Н.Энхбаяр, Соёлын яамны сайд, МАХН-ын дарга, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Монгол улсын Ерөнхийлөгчийн албан тушаалыг тус тус хашиж байсан. Товчхондоо бол Монголын ард түмний хувь заяаг барих үйл хэрэгт 1992-2009 он хүртэл 17 жил зүтгэсэн, МАХН-ын даргаар 1997-2005 он хүртэл 8 жил ажилласан хүн юм. 2005 онд тэрээр МУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон тул хуулийн дагуу намаасаа түтгэлзсэн боловч намын даргын байр сууриа 2-3 жил үргэлжлүүлэн “хашиж” байсан төдийгүй, МАХН-ын аливаа шийдвэр Ерөнхийлөгч Н.Энхбаярын “виз”-гүйгээр эцэслэн шийдэгддэггүй байсан гэдэг. Түүнийг МАХН-ын дарга болсон үеэс авилга, хээл хахууль, хууль завхаруулалт ид цэцэглэж, албан тушаалын наймааны “жим” анх гарсан гэдэг. Түүний эхлүүлсэн энэ жимийг хойч үеийнхэн нь эдүгээ улам тодруулан “жим биш зам” болтол нь өргөтгөж байна.

Бид аливааг амархан мартах юм. Н.Энхбаяр засаг төрийн эрхэнд байхад өнөөгийн УИХ-ын гишүүдийн нэг хэсэг нь түүнийг зусардаж байж төрийн өндөр албанд орох “visa” авдаг байв. Өнөөдөр түүнтэй дайсан болоод байгаа Ц.Нямдорж цагтаа Н.Энхбаярын төлөө амиа ч өгөхөөс буцахааргүй “улаан хамгаалагч” нь байсныг бид мартах учиргүй. Н.Энхбаяр “хуруугаа хөдөлгөх” төдийд Монголын хууль шүүхийнхэн асуудлыг түүний хүссэнээр шийддэг байв. Одоогийн МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, түүнийг “Эхнэртээ толгойгоо мэдүүлсэн хүн, намын шийдвэрийг өөрийн шийдвэрээр сольдог, дарангуйлагч” гэж хэлснийхээ төлөө “фургон”-ы /авилгын/ хэрэгт сэжиглэгдэн, анхан шатны шүүхээс 2 жил хоригдох шийдвэр гарч, “дээлээ нөмрөх” шахаж байв. Үүний дараа У.Хүрэлсүх түүнд “далан таваар бууж өгөн” дээрх хэргээс ялгүй мултарч байв.

Түүнтэй ингэж дайсагналцаж байсан У.Хүрэлсүх энэ үйл явдлын дараа жил Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Энхбаярыг дэмжин, хамаг сайн үгээ түүнд хамаатуулан хэлж, сонгуулийн штабыг нь ахалж байлаа. Гэсэн хэдий ард түмэн Н.Энхбаярт дахин итгэл үзүүлэн Ерөнхийлөгчөөр сонгоогүй билээ. Энэ нь түүнд ард түмэн дахин итгэх шаардлагагүй гэж үзсэнийх биз ээ.

“Унасан бөхөд шалтаг мундахгүй” гэгчийн үлгэрээр Н.Энхбаяр, Ерөнхийлөгчийн сонгуульд “өвдөг шороодсныхоо” бурууг намынхаа журмын нөхдөд нялзааж, бараг л өөрийг нь зориудаар, хэргээр ялагдуулсан гэж үзсэн бололтой байдаг. Үнэндээ ч 2009 оны оны Ерөнхийлөгчийн сонгуулийг эргэн санахад Н.Энхбаяр гэдэг хүнийг, ард түмнээс илүү тойрон хүрээлэгчид нь “бараг л бурханчлан тахиж”, “та наамвар ваан”, “та гарцаагүй ялна” гэх мэтээр өөрт нь ухуулж, сонгуулийн үйл явцыг эрүүл логикоор харах сөхөөгүй болтол нь бялдуучилсан юм билээ. Ингэхийн гол шалтгаан бол тэр тухайн цагтаа хамгийн “хүчтэй” хүн байсантай холбоотой. Хэн ч түүний эсрэг та ерөнхийлөгчийн сонгуулиар ялагдаж болзошгүй гэж хэлж зүрхлэхгүй. Товчхондоо тэр тухайн цагийн “дарангуйлагч” байв. Түүний дэргэд өнөөгийн Ц.Нямдорж юу ч биш, Н.Энхбаяр “хэн нэгнийг зуусан л бол заавал цаадах нь хэн ч биш болдог” байв. Тиймээс энхрий хайрт намын журмын нөхдөөс нь хэн ч түүний эсрэг сөрөг зүйл хэлж зүрхлэхгүй болтлоо “зүгширсэн” байв. Иймээс Н.Энхбаяр та 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсаныхаа бурууг бусдаас биш, өөрөөсөө хайх хэрэгтэй. Та хүчтэй байсан, та “эзэн” байсан. Танд байх хэтэрхий их эрх мэдэл таныг сонгуульд “өвдөг шороодоход” хүргэсэн.

Дараа нь та сонгуульд ялагдсан буруугаа намдаа, түүний удирдлагуудад тохсон. 10 гаруй жил удирдсан, өөрийг нь төрийн бүхий л өндөр албан тушаалуудад хүргэж байсан намаасаа, намынхаа нөхдүүдээс нүүр буруулан, намынхан журмын нөхөд нь өөрийг нь Ерөнхийлөгчийн сонгуульд “хэргээр” ялагдуулсан гэдэгт та итгэн, энэ итгэл үнэмшлээрээ асуудалд хандсан. Энэ үед МАХН нэрээ сольж МАН болж өөрчлөгдсөн. Харин та намынхаа хуучин МАХН нэрийн дор өдгөө болтол улс төр хийж явна.

Н.Энхбаярыг МАХН-ыг удирдаж байхад Монголын төрд коммунист арга барил бүхэлдээ тогтсон байжээ. Ямар сайндаа л 2005 онд түүнийг Ерөнхийлөгчөөр сонгогдон хуулийн дагуу намын даргынхаа ажлыг өгөхөд МАХН-ын Удирдах зєвлєлийн ихэнх гишvvд “нэг хvний харцаар тvvний команд дор байдаг vе єнгерлєє, одоо л нэг цээж дvvрэн амьсгалах боллоо, дарангуйлагч дарга нэгэнт явсан тул одоо л чєлєєтєй ярьж хэлэлцэх болов” хэмээн ярьж байсан тухай 2005 оны өдөр тутмын сонинд бичигдэн үлджээ. Тухайн цаг үед Монголын ард түмэн ч гэсэн Н.Энхбаяр монголын төрийг “ганцаар захирах боллоо” гэцгээн “тааламжгүй” ханддаг байлаа. Түүний илрэл нь 2009 оны ерөнхийлөгчийн сонгууль болсон. Харин бид одоо энэ бүгдийг мартсан бололтой.

Тэрээр улс төрчийн хувьд оносон алдсан л байх, гэхдээ оноо нь алдаагаа давсан нь юу л бол. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгийн улмаас тэр нэг хэсэгтээ улс төрөөс хөндийрсөн. Харин удахгүй болох сонгуулиар тэр улс төрд эргэн ирэх хүсэлтэй байна. Ингэхдээ ганцаараа биш, багаараа орох хүсэлтэй байна. Бид түүнд байж болох бүх эрх мэдлийг нэгэнтээ өгч үзсэн. Улс төрд “Н,Энхбаяр шиг энхийн цагаан тагтаа” хэрэгтэй байна гэх яриа энд тэнд дуулдах боллоо. Лавтайяа тэр “энхийн цагаан тагтаа биш”, тэр ууртай байгаа, түүнийг тойрон хүрээлэгчид бас ууртай байна, тэд улс төрд 3 дах хүчин боллоо гэхэд төрийн бодлогийг ухаанаар биш, уураар удирдах юм биш байгаа. Монголын ард түмний сонголтонд Н.Энхбаяр хэрэгтэй юу?

Ц.Дагдан

Эх сурвалж: www.olloo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж