“Аида”-тай олон улсын театрын өдөр

Хуучирсан мэдээ: 2012.04.02-нд нийтлэгдсэн

“Аида”-тай олон улсын театрын өдөр

Олон улсын театрын өдрийг өнгөрсөн амралтын өдрүүдэд Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид Ж.Вердийн “Аида” дууриар тэмдэглэлээ. Мэдээж театрт хайртай үзэгчид энэ үдэш цугласан. Хамгийн сонирхолтой нь, энэ үдэш “Аида” нэртэй амтат шоколад, Аида нэртэй ноолууран гоёлын даашиз театрт цугласан олны анхаарлыг татаж байв. Хүн бүр энэ өдөр “Аида”-г амталсан.

Ж.Вердийн суут бүтээлүүдийн нэг, дуурийн урлагийн ноён оргил гэгддэг “Аида” дуурийг энэ удаад Америкийн удирдаач Жиндон Кэй удирдан тоглуулж, үзэгчдийн сэтгэл хөөрлийг дээд цэгт хүргэж чадсан. Ж.Вердийн хөгжим хүний сэтгэлийн нарийн чавхдасыг хөглөж, уярааж чаддаг увидастай. Түүний “Травиата”, “Риголетто”, “Трубадур” дуурьтай монголчууд хэдийнэ танилцсан. Түүний дууриуд үзэгчдийг эзэмдэж, ховсддог чадалтай. Сонсоод л баймаар “Аида” дуурийн хөгжмийг үзэгчид биширсэн, шүтсэн.

Харин УДБЭТ-ын дуучид удирдаач төдийгүй үзэгчдээс өндөр үнэлгээг авсан. Аидад Гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг, Радамест Ч.Түмэндэмбэрэл, Амнерист Р.Доржхорол, Рамфист Д.Алтанхуяг, Амонасрод Ц.Баттөр, Египтийн хаанд Ч.Чинзориг, элч Г.Шижирболд нар гайхалтай хувирсан. “Аида” үргэлж л үзэгчдийг алмайруулж орхидог дуурь. Тайз заслын хувьд ярих зүйлгүй. Яг л эртний Египтээр үзэгчдийг аялуулж орхино. Энэ бүх үзэгчдийг алмайруулж буй тайз заслыг Соёлын тэргүүний ажилтан Г.Ганбаатар хийсэн. Тэрбээр энэ өдөр ч ажлаа хийсээр тайзны зургийг авсаар явна лээ.

Үзэгчдэд барих гэнэтийн бэлэг….Тайзан дээр гэнэтхэн чоно, бүргэд, могой, морь гараад ирэв. Радамес дайнд ялалт байгуулаад, олзлогдсон хүмүүс болон ваар, зааны соёо зэргийг авчирч байгаа нь энэ аж. УДБЭТ-ынхан жинхэнэ амьтдыг авчирсан нь үзэгчдэд гэнэтийн бэлэг болсон. Энэ өдөр монголчуудтай хамт олон улсын театрын өдрийн тэмдэглэхээр Хонг Конг, Америк, Швед гээд л олон орны үзэгчид ирсэн. Тэд бүгд Монголд “Аида” дуурийг үзэж байгаадаа сэтгэл хангалуун байсан. Тэд бол Монгол Улсын Дуурь, бүжгийн эрдмийн театрын фэн үзэгчид гэсэн шүү. Олон улсын үзэгчидтэй, дэлхийн дуурийн урлагийн ноён оргил “Аида” дуурьтай, театрын өдөр олон үзэгчдэд тайвшрал, гайхшрал, сэтгэлийн их таашаал, оюуны их хөрөнгө оруулалтыг хийсэн. Дэлхийн суут хөгжмийн зохиолчдын агуу бүтээлийг эх орондоо үзэж байгаа Монголчууд бид азтай үзэгчид юм.

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж