Цагдаа нарын зовлонг сонсмооргүй байна гэв

Хуучирсан мэдээ: 2012.04.02-нд нийтлэгдсэн

Цагдаа нарын зовлонг сонсмооргүй байна гэв

МҮОНТ-ийн Олон нийтийн мэдээллийн төвд  2008 оны долдугаар сарын 1-нд болсон үймээн самууны үеэр амиа алдсан хоёр иргэний ар гэрийнхэн болох Ц.Энхбаяр, н.Тунгалаг, Иргэдийн Алъяанс  Ж.Занаа нар  мэдээлэл хийлээ. Тэд “Долдугаар сарын 1-ний үймээний үеэр тушаал “биелүүлсэн" цагдаа нарын буруутай үйл ажиллагаанаас дөрвөн хүний амь нас эрсдэж, 1000  орчим иргэдийг албадан баривчилж, урьдчилан хорих төвүүдэд эрүүдэн шүүсэн.  Энэ бүх буруутай үйл ажиллагаанд тухайн үед цагдаагийн өндөр албан тушаал хашиж байсан дарга нар хариуцлага хүлээх ёстой”   гэв. Энэ сарын  28-нд болсон цагдаагийн удирдлагуудад холбогдох хэргийг шүүх хурлын  үеэр цагдаагийн ар гэрийнхэн хэд хэдэн удаа мэдээлэл хийж, цагдаагийн алба хаагчдыг бүхэлд  нь буруутгаж байгаа мэт, цагдаагийн дарга нарт ял  оноох нь тодорхой болсон мэтээр ярьж  олон нийтийг төөрөгдүүлж байгаад бухимдаж буйгаа илэрхийллээ. Хохирогчдын зүгээс шүүх  буруу, зөвийг ялган тунгаах учир шүүх хуралдааныг тасалдуулахгүй байхыг хүссэн юм. Хохирогч Ц.Энхбаяр  “Цагдаагийн удирдлагуудын өмгөөлөгч нараас нэн зүйл хүсмээр байна. Өнгөрсөн  гурван удаагийн шүүх хуралд бид өөрсдийн биеэр ирсэн ч өмгөөлөгчдийн янз бүрийн тайлбар хүсэлтээс удаа дараа хойшиллоо. Одоо дараагийн шүүх хурал чухам хэдний өдөр болох талаар шударга хэлж, тэр цагтаа биднийг шүүх хуралд дууд.  Шүүх хурлын зар тараачихаад байхад элдэв өвчин зовлон тоочин шүүх хурлыг хойшлуулж байгааг чинь харах хэцүү байна. Цагдаа нарын зовлонг сонсч тоглоом болмооргүй байна. Сахарын өвчин гэдэг бол хэнд ч байдаг. Зөвхөн цагдаагийн экс дарга нар өвдөөд үхэх гээд байгаа юм биш” гэв.

Мөн хүний эрх яриад байгаа цагдаагийн алба хаагчид 2008 оны долдугаар сарын 1-ний үймээний дараа олон зуун иргэдийг баривчлахдаа хүний эрхийг ноцтойгоор зөрчиж байсныг сануулсан юм. Тухайлбал, иргэдийг баривчлахдаа мөнгө, гар утсыг нь хууль бусаар хурааж авсан, гэм  буруутай нь нотлогдоогүй байхад иргэдийн  нүүр рүү нулимж, бороохойдож бие мах бодийн гэмтэл учруулсан,

“Онц байдал тогтоосон, бид та нарыг буудах эрхтэй” гэх зэргээр  айлган сүрдүүлсэн, насанд хүрээгүй 13 настай хүүг хэрцгийгээр зодсоны улмаас нас барсан,  жирэмсэн эмэгтэйчүүдийг зодсон, эмэгтэйчүүдийг зүй бусаар харааж доромжилсон зэрэг ноцтой үйлдэл гаргасныг дурдсан юм.

Цагдаагийн алба хаагчид  энэ мэт хүний эрхийг зөрчсөн нь  одоогийн шүүгдэж буй цагдаагийн удирдлагуудын  хариуцлагагүй байдалтай холбоотой  гэж хохирогчид үзэж байгаа аж.

       Тиймээс тухайн үед хариуцлагатай албан тушаал хашиж байсан цагдаагийн удирдлага цагдаагийн бие бүрэлдэхүүн хуулиа сахиагүй, өргөсөн тангарагаа умартаж, хүний амийг хороож, хүний эрхийг зөрчсөн гэмт үйлдэл гаргуулсныхаа төлөө хариуцлага хүлээх ёстой” гэлээ.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж