“Манай багийн эмчилгээний ажилтнууд өглөө өдөр оройгүй миний бэртлийг хурдан илээршуулах гэж ажиллаж байгаа. Онгоцон дотор хүртэл тэд ажилласаар л байдаг. Бэртэл авснаас хойш долоо хоног өнгөрч байна. Тийм болохоор одоо хэр зэрэг эдгэрч байгааг нь харахаар нарийн шинжилгээнд орох гэж байна. Би одоохондоо үсэрч харайж, гүйж чадахгүй байгаа болохоор бүрэн эдгэрэх болоогүй гэдгээ өөрөө мэдэрч байна” хэмээн Жереми ярьжээ. Тэрбээр 14,1 оноо, 6,1 оновчтой дамжуулалтаар улирлыг дунджилж байгаа нь тийм ч сайн үзүүлэлт биш ч гэсэн өнгөрсөн хоёрдугаар сарын 4-нд “Нью Жерси Нэтс”-тэй хийсэн тоглолтоос хойш 10 гаруй тоглолтод дунджилж байсан оноонууд нь түүнийг Амеркийн од болгосон билээ.
Тэрбээр баасан гаригт дахин шинжилгээнд орж, гэмтлийнхээ хугацааг эцсийн байдлаар тодорхойлуулах юм байна. Урдчилсан байдлаар зургаан долоо хоног талбайд гарч болохгүй гэсэн эмчийн дүгнэлт гараад байгаа ч залуу хамгаалагч сэтгэлээр огт унахгүй байгаа гэнэ.
Түүний багийн тухайд сүүлийн 11 тоглолтоос есөд нь хожил авч, плей-оффын наймдугаар байраа хадгалж яваа. Арав гаруй тоглолтын дараа улирал өндөрлөх учир “Никс”-ийн хувьд санаа амрах болоогүй байна. Түүнчлэн багийн гол тоглогч Амаре Стаудмайер гадуур хувцастай тоглолтыг үзэж байгаа. Тэрбээр нурууны бэртлийн улмаас дөрвөн долоо хоног талбайд гарах боломжгүй болоод байгаа юм.