орчин, аялал жуулчлалын сайд Д.Цогтбаатар, Ерөнхий сайдын ахлах
зөвлөх, Жендерийн тэгш байдлын үндэсний хорооны дэд дарга Б.Долгор
болон холбогдох байгууллагуудын удирдлагуудаас бүрдсэн ажлын хэсэг
Өмнийн говьд үйл ажиллагаагаа явуулж буй уул уурхайн ордуудын байдалтай
гурав хоног биечлэн танилцлаа. Өмнийн говьд урин цаг хэдийн ирж, уул
уурхайн үлэмж биет техникууд шоргоолж мэт говийн ээрэм талаар зогсоо
зайгүй холхино. Бас тэнгэр нь “шороон” үүлээр бүрхсэн мэт харагдах аж.
Гэвч энэ бараан үүл хурмастын үүл биш ээ. Уул уурхайн машинуудын
нөлөөгөөр боссон тоос говийн тэнгэрийг ийн хүрээлжээ. Цагаан хад хэмээх
гамшгийн хэмжээнд хүрсэн, нүүрс тээвэрлэлтийн бүстэй танилцсаны дараа
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших Ухаахудаг, том, бага
Тавантолгойн ордын зүг хүлгийн жолоо заллаа.
Монголд
үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудын гол дутагдалтай тал нь
авахаа урьтаж боддогоос биш бүтээн байгуулалт хийх, байгаль орчинд
учрах хор хохирлыг огтхон ч тооцоолдоггүй талаар мэргэжилтнүүд
шүүмжилдэг. Гэтэл Монгол инженерүүдийн гараар байгуулсан “үндэсний”
гэсэн тодотголтой нэгэн компани гадаадын ямар ч том компаниас
дутахааргүй хийж бүтээсэн, үзүүлж харуулах юмтай болжээ. Тус
компанийнхан говь нутагт огтхон ч ургах боломжгүй зарим ургамлыг аль
хэдийн тарьчихсан нь бахархах сэтгэлийг аргагүй төрүүлж байв. Энэ бол
Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах Ухаахудаг нүүрсний ордоос
олборлолт явуулж буй “Энержи ресурс” компани. Анх олборлолтоо явуулж
эхлэхээс өмнө 200 гаруй километр хатуу хучилттай зам барьжээ. Тэдний
барьсан энэ зам нь Өмнийн говьд байгаа цорын ганц хатуу хучилттай зам
юм. Нэгэнт уул уурхайн бусад компаниуд хийж чадаагүй хойно тэдний замаар
нүүрс тээвэрлэсэн машинуудаас нь татвар болгож нэг удаа 500 мянган
төгрөг авдаг байна. Харин “ӨМӨ” гэсэн дугаартай суудлын автомашинуудаас
өөр дугаарлалтай бол 20 мянган төгрөгийн татварыг “Энержи ресурс”
компанид төлдөг аж. Нэгэнт л юм хийж чадаж байгаа болохоор хэн тэднийг
буруутгах билээ. Бас 18 мВт-ын цахилгаан станц барьж, Цогтцэций сумын
иргэдийг цахилгаанаар бүрэн хангаж байгаад сумын иргэд талархалтай
байдаг юм билээ. Түүнчлэн говь нутагт алтнаас ч илүү үнэтэй нэг зүйл бол
ус. Тиймээс тус компани газрын гүнээс гаргаж ашигласан усаа эргүүлээд
ашиглаж байна. “Цаашдаа 98 хувьд хүргэх зорилготой” хэмээн Байгаль
орчин, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн газрын дарга
Д.Мөнхзориг хэлсэн. Мөн 56 мянган тонн ус агуулах багтаамжтай усан сан
хоёрыг байгуулсан аж. Усны ууршилт, гадны нөлөө зэргээс хамгаалсан
тусгай материалаар гадна талаараа бүрхүүлтэй байна. Тус компани гурван
жилийн хугацаанд улсад 169 тэрбум төгрөгийн татвар төлжээ. Мөн нутгийн
иргэд, эмэгтэйчүүдийг дэмжих үүднээс тэднийг ажилд түлхүү сурган авч
байгаа талаар уурхайн удирдлагууд танилцуулсан. Түүнчлэн ажилчдын орон
сууцыг ашиглалтад оруулж, сургууль, цэцэрлэг барих талаар ярьж байгаа юм
билээ. Энэ үеэр БОАЖ-ийн сайд тус компанийн удирдлагуудаас байгаль
орчинд ямар сайн зүйл хийж байгаа талаар асуухад Ухаахудаг дахь салбарын
захирал Ш.Байгальмаа “Бид Хөдөө аж ахуйн их сургуультай хамтарч говийн
хөрсөнд хэрхэн нөхөн сэргээлт хийх талаар олон судалгаа хийж байгаа.
Эхнээс нь хэрэгжүүлээд эхэлсэн” гэв. Тэдний хэрэгжүүлээд эхэлсэн гэх 26
мянган мод тариалсан ойн бичил хэсэгт очиход сонирхолтой нь говьд
ургадаггүй хэмээдэг гацуур байсан нь сайдын болон байгаль орчны салбарын
мэргэжилтнүүдийг гайхшруулсан юм. Д.Цогтбаатар сайд “Энержи ресурс”
компанийн үйл ажиллагаатай танилцах үеэр хэд хэдэн санал хэлсэн.
Тухайлбал, ухсан газартаа цаг алдалгүй нөхөн сэргээлт хийх, мөн ус
ашиглах нэмэлт технологио аль болох хурдан авчрахыг даалгасан. Мөн ирэх
тавдугаар сарын 13-ны дотор ашиглаж буй технологиуд ямар хүчин чадалтай
гэх зэргээр олон улстай харьцуулсан судалгаа яаманд ирүүлэхийг үүрэг
болгов. Түүнчлэн одоо ажиллаж байгаа нүүрс баяжуулах үйлдвэр дээр нэмж
гурван үйлдвэр барих юм байна. Юм бүхэн зуун хувь сайн байхгүй. Тэдний
барьсан ажилчдын кэмп дотор ногоо ургаж, усан оргилуур ундарч байв. Гэвч
үндэсний энэ компанийн бүтээн байгуулалт их ч зарим нэгэн асуудал
үүсгэхээр зүйлийг ажилчид нь хэлж байлаа. Ажилчдын нийтийн ариун цэврийн
угаалгын ус нь зэвтэй, бор хүрэн өнгөтэй гардаг. Нүүр угаах усыг нь
харахад хоол ундны ус нь бас ийм зэвтэй байгаа болов уу хэмээх сэтгэгдэл
төрөх аж. Ажилчдаас нь асуухад “Усны шугамын хоолойноос болж сүүлийн
үед зэв гараад байгаа” гэсэн юм.
“Энержи
ресурс” компани, Ухаахудагийн үйл ажиллагаатай танилцсаны дараа төрийн
өмчийн “Эрдэнэс МГЛ” компанийн үйл ажиллагаатай танилцахаар очсон.
Ухаахудагаас ердөө 10-аад километрын зайд байрлах тус компани том
Тавантолгойн нүүрсний ордыг эзэмшдэг. Олборлолт хийж эхлээд жил гаруйн
хугацаа өнгөрч буй. Уг компанийг уул уурхайн бусад компаниуд дотроос
хамгийн их олборлолт хийнэ гээд байгаа. Учир нь өнгөрсөн жил гэхэд нэг
сая тонн нүүрс олборложээ. Ирэх 2016 он хүртэл бүрэн хүчин чадлаараа
ажиллаж 20 сая тонн нүүрс олборлох төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Гэтэл
говийн хөрсийг яаж сүйтгэж, нүүрс тээвэрлэсэн машинуудын хөдөлгөөнөөр
боссон их тоосны асуудлыг яаж шийдэх талаар ямар ч төсөөлөлгүй байв.
Хэдий байгуулагдаад удаагүй байгаа ч гэсэн тэндээс нэгэнт ашиг олж
байгаа учир байгаль орчинд ямар ээлтэй зүйл хийхээ урьдчилан төлөвлөөгүй
байгааг нь сайд зэмлэсэн юм. 2.84 тэрбум тонн нүүрсний нөөцтэй том
Тавантолгойгоос манай улсын ирээдүй ихээхэн шалтгаалах учир цаашид
байгаль орчны асуудал дээр түлхүү анхаарах хэрэгтэйг салбарын
удирдлагууд анхааруулсан юм. Уг компани байгаль орчны гуравхан
мэргэжилтэнтэй. “Төрийн компани бусаддаа үлгэр болох байтал ийм
байдалтай байгаа нь үнэхээр харамсалтай” хэмээн Ерөнхий сайдын ахлах
зөвлөх Б.Долгор шүүмжилсэн. Гэхдээ уурхайн удирдлагын зүгээс “Цаашид
мянган ажилчны кэмп, баяжуулах үйлдвэр, хатуу хучилттай зам барих, 300
мВт-ын хүчин чадалтай цахилгаан станц барих болно” хэмээв. Түүнчлэн
дөрөв дэх жилээс байгаль орчны нөхөн сэргээлт хийх талаар ярихад сайд
“Та нар одоо сая тонн нүүрс олборлосон байгаа юм чинь зарим ухсан
газрууддаа нөхөн сэргээлт хийх болсон гэж ойлгож байгаа. Яагаад дөрвөн
жилийн дараа гэж. Нэн даруй нөхөн сэргээлт хийж эхлэх хэрэгтэй байна”
хэмээн анхаарууллаа.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд
тэргүүтэй ажлын хэсэг Өмнийн говьд гурав хоног ажиллахад тэдний
анхаарлыг хамгийн их татаж, санааг нь зовоосон зүйл бол усны асуудал
байлаа. Том Тавантолгойд гэхэд шороо босохоос сэргийлж өдөрт 60 тоннын
даацтай машинаар ус цацаж буй нь уул уурхайн компаниуд усны мөрөөдөл
болсон, тэнгэр хур бороо бага хайрладаг говь нутгийн иргэдийн голыг
харлуулах нэг эмзэглэл болжээ. Тиймээс төрийн зүгээс нэн түрүүнд
компаниудыг газрын гүний усыг хэрэглэхээс татгалзуулах шаардлагатайг
ажлын хэсгийнхэн хэлж байв. Гэхдээ яаж вэ гэдэг асуудал гарч ирнэ.
Үүнийг салбарын сайд “Дэлхийн банкны санхүүжилтээр “Орхон гол” төслийн
судалгаа хийж байгаа. Учир нь хангайн илүүдэл усыг говь руугаа татах
асуудал юм. Ингэснээр говьд усны асуудлыг шийдэх нэг гарц болно” гэлээ.
Дашрамд дурьдахад ингэж говио усны гачааллаас аварч чадсан улс орнууд
дэлхийд олон байдаг аж. Тухайлбал, Израйл гэхэд дэлхий дээр усгүй цөлтэй
орнуудын нэг. Гэтэл тэд илүүдэл усаа цөл рүүгээ татаж чадсанаар
асуудлыг шийджээ.
Уг
нь монголчууд бид хөрсний сүйрэл, тоосонцорын аюултай заавал
тулгараад байх шаардлагагүй байжээ. Бидэнтэй цуг явсан Ерөнхий сайдын
ахлах зөвлөх Б.Долгор, УИХ-ын гишүүн асан н.Оюунбаатар нар 2003 онд говь
нутагт төмөр зам барих ТЭЗҮ-г боловсруулж байжээ. Үүнд Сайншанд, Чойр,
Оюутолгой, Тавантолгой, Цагаан хадын чиглэлд хөндлөн гулд зам барих
асуудлыг тухайн үеийн Засгийн газарт тавьж байсан ч тоогоогүй талаар
Б.Долгор хэлсэн. “Хэрэв тэр үед төмөр зам барьчихсан бол одоо ингэж
говийн эмгэнэлийг ярьж суухгүй байлаа” хэмээн тэрбээр говь нутгийн
унаган хүний хувьд сэтгэл зовниж буйгаа илэрхийлж байв. Өмнийн говьд
олборлолт явуулж буй компаниуд дотроос төрийн оролцоотой компаниудын
хийж буй зүйл хангалтгүй байгааг тэд онцолсон. Мөн “Уул уурхайн
компаниудад эхлээд замаа барь, тэгээд үйлдвэрээ ярь” гэдэг шаардлагыг
цаашид тавих болно гэдгээ Д.Цогтбаатар сайд энэ үеэр хэллээ.
"Улс төрийн тойм" сонин