-Сайн байна уу. Тантай ярилцмаар байна. Та дургүйцэхгүй биз дээ. Та хэдэн жил наймаа эрхэлж байна вэ?
-Намайг Б.Сэжидням гэдэг. Эгч нь Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн хажууд юм ширхэглэн зардаг. Эгч нь энд дөрөв орчим жил болж байна. Манайх ам бүл тав. Гурван хүү, нэг охинтой. Хамгийн том хүү маань өнгөрсөн жил Монгол Улсын их сургуулийг төгссөн. Харин хоёр нь их сургуульд сурч байна. Бага охин маань арван жилийн сургуульд сурдаг. Эгч нь уг нь ОХУ-д нэхмэлийн үйлдвэрийн инженер мэргэжлийг эзэмшсэн хүн. Энэ мэргэжлээрээ ажиллах гэхээр нас нэлээд хэвийчихлээ. Бас нэхмэлийн үйлдвэр манай улсад хэд байдаг билээ дээ. Тиймээс хэдэн хүүхдийнхээ сайн сайхан амьдрахыг харахын тулд өвөл, зуныг ялгалгүй л зогсож байна. Сургалтын төлбөр, хичээлийн хэрэглэл гээд бишгүй асуудал тулгардаг. Энэ бүгд эгчийнх нь нуруун дээр буудаг юм.
-Та наймаанаасаа хэр хэмжээний ашиг олдог вэ?
-Ер нь бол гайгүй шүү. Энэ хэдэн оюутан хүүхдүүд ирээд “Аниа” гээд л хэрэгтэй бүхнээ авдаг болохоор эгч нь болоод байдаг юм. Нуулгүй хэлэхэд хэдэн хүүхдүүдийнхээ буянд л өнгөтэй, өөдтэй амьдарч байна. Сүүлийн үед ашиг олоод нэг их гавихгүй болсон. Юм үнэд ороод хэцүү л байна.
-Та цаашид энэ наймаагаа хийх бодолтой байна уу. Өөр ямар нэгэн ажил хийе гэж бодож байв уу?
-Эгч нь одоо 49 настай. Ажил хайсан ч насыг маань голоод олдохгүй байх. Тэгээд ч иймэрхүү ажил хийсээр байгаад царай зүс ч үгүй болжээ. Хэдэн хүүхдийнхээ сайхан амьдрахыг хартлаа эгч нь энэ ажлаа хийх байх аа.
-Энэ наймааг эрхлэхэд ямар нэгэн хүндрэл гарч байна уу. Тантай адил наймаа эрхэлдэг эмэгтэйчүүд олон байдаг?
-Хүндрэл ер нь бишгүй дээ л гарна. Гадаа хүйтэнд хөрч, халуунд халах нь мэдээж хэцүү. Тэгээд зогсохгүй цагдаа, эрүүл мэндийн байгууллагынхан гээд олон бэрхшээл тулгардаг. Энэ бүгдийг даван туулж байж эгч нь өдий зэрэгтэй амьдарч явна. Гэхдээ ингэж зовлоо гээд эгч нь нэг ч удаа гутарч байгаагүй. Надад сайхан үр хүүхэд байна. Сайныг санаж явбал сайхан амьдарна гэдэгт итгэж явдаг юм. Надтай адил ийм наймаа эрхэлдэг хүн олон бий. Тэд ч гэсэн үр хүүхэдтэй хүмүүс биз. Дээр нь нэмж хэлэхэд тэд худлаа ярьж хулгай хийгээгүй л амьдарч байгаа юм шүү дээ.
Ийнхүү тэрбээр өөрийн амьдралын нэгээхэн хэсгээс ярьж, зовлон, жаргалаа надтай хуваалцсан юм. Түүний амьдрал одоогийнх шигээ ийм байгаагүй нь түүний ярианы өнгө, хэлж ярьж байгаагаас илт байлаа. Мэдлэг, боловсролтой дээр нь гадаадад мэргэжил эзэмшсэн хүн ийм ажил хийгээд явна гэдэг санаанд багтмааргүй. Гэхдээ хүний амьдрал тэр чигээрээ асуудал, бэрхшээлээр дүүрэн байдгийг илтгэнэ. Б.Сэжидням эгч шиг наймаа эрхэлдэг зуу зуун эмэгтэй байгаа. Хүн гэдэг хүсэж байгаа бүхэндээ хүрэхийг тэмүүлж амьдардаг тийм л амьтан шүү дээ.
"Улс төрийн тойм" сонин