Монголын шигшээ багийн бүрэлдэхүүн тодорчээ

Хуучирсан мэдээ: 2012.04.02-нд нийтлэгдсэн

Монголын шигшээ багийн бүрэлдэхүүн тодорчээ

Спортын төв ордонд өнөөдөр Азийн оюутны аварга шалгаруулах эмэгтэй волейболчдын хоёр дахь удаагийн тэмцээний талаар мэдээлэл хийлээ. Анхны тэмцээн 2009 онд Тайландын Бангконг хотноо болж байсан ба хоёрдугаар тэмцээнийг Азийн оюутны спортын холбооноос /АОСХ/ олгосон эрхийн дагуу 2012 оны дөрөвдүгээр сарын 09-15 ны өдрүүдэд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулах юм. Тэмцээний эрхийг Монгол улс 2011 оны тавдугаар сарын 20-нд хуралдсан АОСХ-ны Гүйцэтгэх хорооны хурлаар хоёр оронтой өрсөлдөн авчээ. Уг тэмцээнийг Монгол улсад авах талаар МОСХолбоо нь 2009 оноос санаачлага гарган хөөцөлдөж эхэлсэн ба тэмцээний эрхийг авахад МУ-ын Засгийн газрын санхүүгийн дэмжлэг, мэргэжлийн холбоодын ажлын туршлага, манай улсын олон улсын нэр хүнд ихээхэн тус хүргэжээ.

ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРООГ С. ЛАМБАА УДИРДАЖ БАЙНА

Тэмцээний Зохион байгуулах хороог /ЗБХ/ Эрүүл мэндийн сайдын 2011 оны 435 тоот тушаалаар батлаж  даргаар нь УИХ-ын гишүүн, Монголын волейболын холбооны /МВХ/ хүндэт ерөнхийлөгч С.Ламбаа ажиллаж, ЗБХ-ны орлогч даргаар ЗГХАгентлаг-БТСГ-ын дарга Ч.Наранбаатар,  ЗБХ-ны нарийн бичгийн даргаар Монголын оюутны спортын холбооны /МОСХ/ ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан, ЗБХ-ны гишүүдэд БСШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Далайжаргал, Нийслэлийн ЗДТГазрын дарга Ц.Болдсайхан, СЯ-ны газрын дарга Д.Батжаргал, ГХЯамны консулын газрын дарга Д.Ганхуяг, БСШУЯ-ны мэргэжлийн боловсролын газрын дарга М.Баасанжав, ГИХАлбаны дарга Д.Мөрөн, МОСХ-ны ерөнхийлөгч, ОУОСХ-ны ерөнхий санхүүч Д.Баясгалан, МУИС-ийн ректор С.Төмөр-очир, МУБИС-ийн ректор Б.Жадамба, “Залуу Монгол” корпорацийн ерөнхийлөгч М.Сономпил, МОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Н.Бямбагэрэл, МВХолбооны ерөнхий нарий бичгийн дарга  Ц.Бат-энх, МИАТ- ХК-ийн маркетинг, борлуулатын хэлтсийн дарга Т.Мэндсайхан, “Боловсрол суваг” телевизийн ерөнхий захирал А.Амундра нар сонгогдон ажиллаж байна.

ТЭМЦЭЭНИЙГ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗҮҮЛНЭ

Волейболын болон оюутны спортыг сурталчилах, дэлгэрүүлэх үүднээс тэмцээнийг үнэ төлбөргүй үзүүлэхээр ЗБХорооны анхдугаар хурлаас шийдвэрлэсэн. Нийслэлийн иргэдийг тэмцээнийг өргөнөөр үзэхийг ЗДТГазраас уриалсан байна. Тэмцээнийг зөвхөн Улаанбаатар хотын иргэд бус 21 аймгаас волейболын спортыг сонирхон хөгжөөн дэмжигч, үзэгч, волейболын спортын мэргэжилтэн багш нар, секцэнд хичээллэгч хүүхдүүд зохион байгуулалтай ирэхээр болжээ. Ялангуяа тэмцээн болох газартай хамгийн ойрхон Хан-уул дүүргийн ЗДТГазар дүүргийнхээ ард иргэд, хөдөлмөрчид, сургуулийн сурагчид, оюутнууд цэргийн албан хаагчид, Буянт-ухаа орчимын албан байгууллага, хамт олныг идэвхтэй оролцуулах арга хэмжээ авч эхлэжээ.


ОЛОН ЗУУН ОЮУТНУУД ТЭМЦЭЭН ҮЗЭХ БОЛЛОО

Тэмцээний өдрүүдэд нийслэлээс Буянт-ухаагийн Спортын ордонг чиглэсэн хүмүүсийн цуваа ихсэх төлөвтэй байна. Учир нь нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 80 орчим ИДС-ийн оюутнууд тэмцээнийг анги, сургууль хамт олноороо үзэх сонирхолтой байгаагаа Монголын оюутны холбоо, биеийн тамирын тэнхимдээ хүсчээ. Үүний дагуу БСШУЯам, МОХ, Монголын оюутны спортын холбоо (МОСХ)-ноос тэмцээнийг өдөр бүр 10 гаруй сургуулийн 4000 орчим оюутнууд нэгдсэн хуваарийн дагуу үзэх болжээ. Хуваарийг БСШУЯ-ны төрийн нарийн бичгийн дарга, Зохион байгуулах үндэсний хороо (ЗБХ)-ны гишүүн Д.Далайжаргал батлан сургуулиудад албан тоотоор хүргүүлжээ.

МОСХ-д тэмцээнийг үзэхээр олон арван сургуулиуд оюутны тоогоо өгч бүртгүүлж, суудлын хувиарлалтанд орж байгаа ажээ. Ялангуяа биеийн тамирын мэргэжлийн 5 –н дээд сургуулийн оюутнууд дадлага хичээлээ энэ тэмцээний үеэр хийхээр хичээлийн хувиараа зохицуулсан байна.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА ОЮУТНУУДАД ТУСЛАВ

Улаанбаатар хотноо болдог оюутны олон улс, тив, дэлхийн тэмцээн бүрт нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр ихээхэн туслалцаа үзүүлэн оюутан залуусаа байнга дэмжин оролцдог ажээ. Тэрээр тус тэмцээнд оролцохоор бэлтгэж байгаа монголын оюутны шигшээ багийн 16 тамирчидын 10 хоногийн бэлтгэл сургалтын зардлыг хариуцан гаргасан байна. Хөрөнгө санхүүгийн хүндрэлтэй байгаа үеэд тэмцээнд бэлтгэж байгаа оюутан тамирчидаа цагаа олж, хэрэгцээтэй үеэд нь дэмжлээ гэж МОСХолбоо, Монголын волейболын холбоо (МВХ) тамирчидынхаа өмнөөс талархал илэрхийлжээ. Монголын баг тамирчид Эрдэнэт хотод 2012 оны 03 сарын 30-ны өдрөөс эхлэн 21 хоногийн бэлтгэл хийснийхээ дараа ийнхүү Нийслэлийн засаг даргын туслалцаатайгаар гадаадын тамирчидтай хамт байрлах “Цэцэг” зочид буудалдаа орж, бэлтгэл сургуулиалтаа үргэлжүүлэх боломжтой болжээ.

Мөн НЗДТГазраас баг тамирчдын үйлчилгээнд замын цагдаагийн машин гаргах, НЦГ-аас хэв журмын цагдаа авах, Улаанбаатар чуулгын толголтыг үзүүлэх, гадаадын баг тамирчдын ахлагч нарыг ЗДТГ-т хүлээн авч танилцуулга хийх, нийтийн тээврийн газраас тэмцээний өдрүүдэд Буянт-ухаа спортын ордны чиглэлд явах хүн нэмэгдэж байгаатай холбогдуулан автобусны түр шугам нээж өгөх зэрэг олон төрлийн туслалцаа дэмжлэгийг үзүүлж байна.

АЗИЙН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МЭНДЧИЛГЭЭ ИРЛЭЭ

Азийн  оюутны  аварга  шалгаруулах эмэгтэй волейболын хоёрдугаар тэмцээний үйл ажиллагаанд амжилт хүсч Азийн оюутны спортын холбооны (АОСХ) ерөнхийлөгч, Олон улсын оюутны спортын холбооны (ОУОСХ)-ны дэд ерөнхийлөгч, БНХАУ-ын ОСХ-ны ерөнхийлөгч, доктор Занг Шиншинг мэндчилгээ ирүүлсэн байна.

ТЭМЦЭЭНИЙ ИВЭЭН ТЭТГЭГЧИД ТОДОРЛОО

МОСХ-ны ерөнхийлөгч, ОУОСХ-ны ерөнхий санхүүч Д.Баясгалангийн санаачлага, оролцоо дэмжлэгтэйгээр энэхүү тэмцээний ивээн тэтгэгч, хандивлагчдын уулзалт зохион байгуулжээ. Үүний үрээр тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр “Голомт” банк, албан ёсны ивээн тэтгэгчээр “Хасу мегават” ХХК, “Сод Монгол” групп, ивээн тэтгэгчээр “Ханнс вилл” ХХК, “М Си Эс Бонакуа цэвэр ус” ХХК, “Залуу Монгол” корпораци, “Сод пресс” ХХК, “Ану & Ти” ХХК зэрэг байгууллагууд оролцон оюутан залуусдаа туслалцаа үзүүлэхээр болжээ.

ЗБХороо, МОСХолбооноос тэмцээнийг ивээн тэтгэгч эдгээр байгууллагуудтай  маркетингийн гэрээ байгуулан хамтын ажиллагаагаа эхлүүлсэн байна. Тэмцээний дэмжигч байгууллагаар БСШУЯам, ЭМЯ, ГХЯ, НЗДТГ, БТСГазар, МВХолбоо, МИАТ ХК, ИНЕГазар, МУИС, Ус сувгийн удирдах газар, Цэцэг зочид буудал, БУСОрдон зэрэг байгууллагууд орж байна. Хэвлэлийн ивээн тэтгэгчээр Масс медиа групп, “Боловсрол суваг” телевиз, Ийгл телевиз, “Спорт бокс” телевиз ажиллаж байна.

ОЛИМПИЙН НААДМЫН “GERFLOR” ШАЛ МОНГОЛД ОРЖ ИРЛЭЭ

Тэмцээний үйл ажиллагаанд хамгийн чухал шаардлагатай техникийн хэрэгсэлийн тоонд олон улсын зориулалтын шал ордог юм. Тиймээс дэлхийд алдартай олимп, дэлхий, тивийн аварга шалгаруулах тэмцээнд ашигладаг Франц улсын “Gerflor” брэндын шалыг ЗБХороо авч энэт тэмцээнд ашиглах болжээ. Энэхүү шал нь олон улсын волейболын холбооноос хүлээн зөвшөөрөгдөн ажээ. Монголд оруулж ирсэн шал нь 36 х 21 метрийн харьцаатай, дэвсэж нааж тогтоодог, резинэн эдээр бүтсэн 2012 оны шинэ загварын бүтээгдэхүүн юм.

МИАТ ХК ОЮУТАН ЗАЛУУСТ ТУСЛАВ

Дэлхийд нэг номерийн брэнд Франц улсын “Gerflor” брэндын шалыг Монгол улсад авчирахад “МИАТ” ХК нь Берлин-Улаанбаатарын чиглэлийн ачаа тээвэрлэлтийн зардлыг 100 хувь чөлөөлөн Улаанбаатар хотод хүргэж ирсэн нь тэмцээний бэлтгэл ажилд маш чухал туслалцаа болжээ. Учир нь цаг хугацаа давчуу,  газраар тээвэрлэхэд Монголд тэмцээний өмнө ирж чадахгүй хүндхэн нөхцөл байдал үүсээд байжээ. МОСХолбоо тэмцээний хүрээнд МИАТ ХК өргөн хүрээтэй сурталчлах хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ.

ЯПОНЫ МИКАСА БӨМБӨГӨӨР ТОГЛОНО

Тэмцээнд ОУВХ-ны стандартыг хангасан Японы Микаса бөмбөгөөр тоглоно. Тэмцээнд  зориулж монголд 252 ширхэг олимп, дэлхийн аваргад ашигладаг бөмбөгийн авчирсан байна. Тоглолт бүрт шинэ бөмбөг гарган тоглуулдаг бөгөөд тэмцээний өмнө ба тэмцээний өдрүүдийн өглөө бүр багууд бэлтгэлээ хийх СТО-ны А заал, МУИС-ийн спортын заалуудад бөмбөг, шонг байрлуулах гэнэ.

БУЯНТ-УХАА СПОРТЫН ОРДОНД ШИНЭЭР ШОН СУУРИУЛНА

Буянт-ухаа спортын ордонг анх барихад нь волейболын зориулалтын шон байгуулаагүй байна. Тиймээс шинээр шон суулгах арга хэмжээ, техникийн шийдлийг ЗБХорооны гишүүд нь Хасу-Мегават ХХК-ны инженерүүдтэй хамтран гаргажээ. Шинэ ордоны заалны төв хэсэгт доошоогоо 1 метр гүнд 2 ш шонгийн нүх гарган, бортго суулгах юм. Шинэ гаргасан нүхийг бүтүүлэх, бэхжүүлэх техникийн ажлыг 2 хоногийн хугацаанд хийх юм байна ОУВХолбоогоор хүлээн зөвшөөрлөгдсөн  БНХАУ-ын “Жиангсу Цанг Хуа” спортын хэрэгслийн компанид үйлдвэрлэсэн шон, тор, дагалдах хэрэгслийг ЗБХороо худалдан авч оруулж ирсэн байна. Энэхүү шон, тор, хамгаалалтын хэрэгслүүд нь цаашидаа БУСОрдонд явагдах бүх төрлийн тэмцээнд шилжин ашиглагдах юм.

ТЭМЦЭЭНД  ОРОЛЦОХ ОРНУУД БА БАГИЙН СУГАЛАА

Тэмцээний эцсийн мэдүүлгийг ЗБХороо 2012 оны 3 сарын 9 ны өдөр авч дуусчээ. Киргизстан, Казакстан, Малайз, Монгол, Тайланд, Хонгконг зэрэг 6 улсын баг тамирчид сугалаанд оролцсон. Тэмцээний сугалааг олон улсын төлөөлөгчийн хяналт дор 2012 оны 3 сарын 10 ны өдөр Улаанбаатар хотноо явуулж сугалааны дарааллын дагуу  1. Киргизстан, 2. Малайз, 3. Казакстан, 4. Монгол, 5. Хонгконг 6. Тайландын багууд сугалаа таарчээ. Тэмцээний эхний өдөр сугалааны дагуу Монголын баг Казакстаны багтай тоглох байсан боловч Казакстаны баг санхүүгийн хүндрэлээс болж тэмцээнд ирж чадахгүй болсон тухай 3 сарын эцсээр мэдэгджээ. Тиймээс тэмцээний хөтөлбөрт зарим өөрчлөлт орлоо.

ТЭМЦЭЭНИЙ ТОГЛОЛТЫН ЖУРАМ

Тэмцээнийг олон улсын волейболын холбооны /ОУВХ/ дүрмээр явуулна. Багууд тойргийн журмаар өдөр бүр нэг тоглолт хийнэ. Тойргийн тэмцээнд нэгдүгээр байрт орсон баг 2 дугаар багтайгаа аваргын төлөө шигшээ тоглолтонд хүч үзнэ. Харин урьдчилсан тоглолтонд 3-4 байрт орсон багууд хүрэл медалийн төлөө  сүүлийн өдөр тоглох юм.

Тиймээс тойргийн тоглолт бүр тун хариуцлагатай, чухал явагдах юм. Спорт сонирхогч, хөгжөөн дэмжигчдээ Монголын баг тамирчидаа өдөр бүр ирж дэмжихыг уриалж байна.

ТЭМЦЭЭНИЙ ЭЦСИЙН ХӨТӨЛБӨР ГАРЛАА

 

Хугацаа

Цаг

Тоглолт

Дөрөвдүгээр сарын 09      /Даваа гариг/

17:00

Нээлтийн ажиллагаа /Дуурь, бүжгийн эрдмийн театр/

Дөрөвдүгээр сарын 10        /
Мягмар гариг/

15:00 

Киргизстан – Тайланд

18:00             

Малайз         Хонгконг

Дөрөвдүгээр сарын 11        /
Лхагва гариг/

15:00             

Tайланд                  Mонгол

18:00

Kиргизстан             Хонгконг

Дөрөвдүгээр сарын 12        /  Пүрэв гариг/

15:00 

Kиргизстан –           Mонгол

18:00

Tайланд                   Mалайз

Дөрөвдүгээр сарын 13        /
Баасан гариг/

15:00 

Хонгконг                  Tайланд

18:00

Mонгол                    Mалайз

Дөрөвдүгээр сарын 14        / Бямба
гариг/

15:00             

Kиргизстан    Малайз

18:00

Mонгол                    Хонгконг

Дөрөвдүгээр сарын 15        / Ням
гариг/

13:00 

Хүрэл медаль

16:00             

Алтан медаль

 

18:00

Хаалтын ажиллагаа


НЭЭЛТИЙН ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА ДУУРИЙН ТЕАТРТ БОЛНО

Азийн аваргын тэмцээний нээлтийн ёслолын ажиллагааг Дуурь бүжгийн эрдмийн театрт 2012 оны 04 дугаар сар 09 –ны өдөр 17.00 цагт хийхээр төлөвлөжээ. Нээлтийн ажиллагаа нь  ёслолын болон соёлын арга хэмжээ гэсэн 2 үндсэн хэсгээс бүрдэх юм байна.

ВОЛЕЙБОЛЫН БАГ ТАМИРЧИД БЭЛТГЭЛЭЭ ХИЙЖ БАЙНА

Монголын оюутны волейболын шигшээ багийн тамирчид 26 хүний бүрэлдэхүүнтэй энэ оны 3 сарын 5-26-нд Эрдэнэт хотын Хангарьд спортын ордонд 21 хоногийн бэлтгэл сургуулилтаа хийсэн. Энэ үеэр ЗБХорооны дарга С.Ламбаа тэргүүтэй ЗБХорооны төлөөлөгчид Орхон аймагт очиж тамирчдын бэлтгэлтэй танилцсан юм.  Харин 3 сарын 30-ны өдрөөс эхлэн манай тамирчид “Цэцэг” зочид буудалд байрлаж нэгдсэн бэлтгэл сургуулилтаа үргэлжүүлж байна. Шигшээ багийн тамирчид “Ус суваг”-ийн удирдах газрын спорт заал, МУИС-ийн спортын заал, МУБИС-ийн БТС-ийн сургуулийн зааланд тус тус бэлтгэлээ нэгдсэн журмаар хийж байна.

ТЭМЦЭЭНИЙГ УДИРДАХААР ОЛОН УЛСЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ИРНЭ

Азийн оюутны спортын холбооноос томилогдсон 4 хүний бүрэлдэхүүнтэй зөвлөл тэмцээнийг удирдна. АОСХ-ны ГХ-ны төлөөлөгчөөр Казакстан улсын иргэн Кайрат Закирянов, Мандатын комиссын даргаар БНХАУ-ын иргэн Шүй Хуй, Азийн волейболын холбооны /АВХ/ техникийн төлөөлөгчөөр Япон улсын  иргэн Ёшихару Нишиваки, тэмцээний ерөнхий шүүгчээр Тайландын иргэн Ч.Сонсак нар багтсан байна. Гадаадын төлөөлөгчид 2012 оны 4 сарын 6-ны өдөр Улаанбаатар хотноо ирнэ.

Энэхүү тэмцээний бэлтгэл ажлыг шалгах зорилгоор АОСХ-ны төлөөлөгч, БНХАУ-ын иргэн Шүй Хуй, АВХ-ны техникийн төлөөлөгч, Япон улсын  иргэн Ёшихару Нишиваки нар 3 дугаар сарын 9-11-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо ажиллаж “Буянт-Ухаа” спортын ордон, бэлтгэл сургуулилт хангах СТОрдон, МУИС-ийн заалуудаар орж, тамирчидын байрлах зочид буудал, техник хангамж, ажиллах хүч, сайн дурын оюутан-орчуулагч, эмнэлэг, хамгаалалт, соёл урлагийн үйлчилгээ явуулах, нээлт хааалтын ёслолын протокол зэрэгтэй танилцсан ба ЗБХ-ны дарга, орлогч дарга нартай уулзан, бэлтгэл ажил хангалттай түвшинд явагдаж байна гэж дүгнэсэн юм.

ТЕЛЕВИЗҮҮД ШУУД ДАМЖУУЛНА

Тэмцээний үйл ажиллагааг шууд нэвтрүүлэх телевизүүдээр “Боловсрол суваг” телевиз, “Спорт бокс” телевиз шалгаран эрхээ авч урьдчилсан реклам зар, сурталчилгаагаа 2 сарын 20-ны өдрөө эхлэн явуулаад байна. МҮОНРТ-ийн 2 дугаар суваг, Ийгл телевиз, хэсэгчлэн дамжуулахаар техникийн бэлтгэлээ хангаж эхлээд байна. Мөн төвийн хэвлэл мэдээлэлийн 53 байгууллагын сэтгүүлч, сурвалжлагч нарыг сурвалжлах эрхийг олгоно.

ГАДААДЫН ТАМИРЧДЫГ ХИЛЭЭР ШУУРХАЙ НЭВТРҮҮЛНЭ

ХЦУГазар, Буянт-ухаа дах “Чингис хаан”нисэх буудлын захиргаатай ЗБХороо хамтран  оюутны баг тамирчдыг хил дээр тусгай шугам гарган шуурхай нэвтрүүлэхээр болжээ. Энэ журмын дагуу ЗБХорооны ажилтанууд гадаадын баг тамирчидаа онгоцны хоолойн хэсгээс угтаж авч үйлчилнэ. Мөн Гадаад хэргийн яам, ЗБХороо хамтран тэмцээн оролцох гадаадын орны баг тамирчид, төлөөлөгчдийг визний хураамжаас чөлөөлсөн ба  ГИХАлба визийг хилийн постууд дээр хөнгөн шуурхай олгох ажээ.

ТЭМЦЭЭНИЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТАД 200 ГАРУЙ ХҮН ОРОЛЦНО

Азийн оюутны аваргын тэмцээнд их, дээд сургуулиудаас ажиллах 50 орчим сайн дурын оюутнуудыг БСШУЯам, МОХолбоо, МОСХолбоо хамтран сонгон шалгаруулжээ. Мөн волейболын холбооноос 60 орчим техникийн ажилтанууд, БУСОрдон, СТО, МУИС, ЗБХороо зэрэг  байгууллагуудаас 100 орчим хүн төрөл бүрийн үйлчилгээ, зохион байгуулалтын ажилд оролцно.

МОНГОЛЫН  ТАМИРЧДЫН НЭРС ТОДОРЛОО

Манай улсын оюутны эмэгтэй волейболчдын шигшээ бүрэлдэхүүнд багийн даргаар М.Сономпил /МОСХ-ны болон МВХ-ны УЗ-ийн гишүүн/, багийн даргын орлогчоор Жин Жи Хунг /Энагура багийн эзэн/, ахлах дасгалжуулагчаар Жон Юн Ха, дасгалжуулагчаар Б.Хэрлэн, “Сүлд” багийн дасгалжуулагч Р.Тамир, орчуулагч Д.Мөнхцэцэг нар ажиллана.

Монголын оюутны үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд 12 тамирчин шалгаран үлдлээ. Үүнд: Багийн ахлагчаар спортын дэд мастер Э.Мөнх-Үйлс, багийн тамирчинаар олон улсын хэмжээний мастер Г.Цэцэгжаргал, спортын мастер П.Буянжаргал, Д.Алтансувд, Д.Цэндхүү, дэд мастер Г.Энхсайхан, А.Пүрэвсүрэн, Ч.Халиун, А.Наранчимэг, Л.Отгонцэцэг, 1 дүгээр зэргийн тамирчин  А.Батжаргал, Д. Үнэнтуяа нар багтжээ.  Монголын баг тамирчдын дундаж өндөр нь 179 см юм.

Монголын багийн бүрэлдэхүүнд орсон тамирчид нь 2009 онд Серби улсын Белград хотноо Дэлхийн оюутны зуны спортын Универсиад 25 дугаар наадам, Тайланд улсын Бангкок хотноо 2009 онд зохиогдсон Азийн оюутны аварга шалгаруулах волейболын анхдугаар тэмцээн, 2010 оны БНХАУ-ын Гуанжоу хотноо болсон Азийн спортын их наадам, 2011 оны БНСУ-ын Чэжү хотноо болсон Зүүн азийн тэмцээн, ОХУ, БНХАУ, БНСУ-д болж байсан олон улсын туршлагатай тамирчид юм.

ОЮУТНЫ БА ВОЛЕЙБОЛЫН СПОРТ НЬ ТҮҮХЭН ХОЛБООТОЙ

Манай оронд волейболын спортыг хөгжүүлэхэд Монголын оюутнууд хувь нэмрээ оруулжээ. Учир нь 1927 онд Эрхүү хотноо суралцаж байсан монгол оюутнууд волейболын спортыг үзэж, суралцаад өөрийн оронд дэлгэүүлэх зорилгоор волейболын бөмбөг, торыг МХЗЭ-ийн Төв хороонд ирүүлж байсан түүхтэй ажээ.  Мөн түүнчлэн Монголын оюутан тамирчид анх 1965 онд Унгар улсын Будапешт хотноо болсон Дэлхийн оюутны зуны спортын Универсиад 4 дүгээр наадамд эрэгтэй волейболын баг тамирчид дэлхийн хүчтэй 16 орны тоонд орж хүчээ сорьж байсан гэнэ.  Монголчууд 1973 онд ЗХУ-ын Москва хот, 1977 онд Болгар улсын Софи, 2009 онд Серби улсын Белград хотноо болсон наадмуудад эрэгтэй, эмэгтэй багууд тус тус оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорьж байсан юм.

ОЮУТНЫ АЗИЙН АВАРГААС МОНГОЛЧУУД ХҮРЭЛ МЕДАЛЬТАЙ

Монголын оюутны эмэгтэй баг Тайланд улсын Бангкок хотноо 2009 онд зохиогдсон Азийн оюутны аварга шалгаруулах волейболын анхдугаар тэмцээнд 7 орны баг тамирчидтай өрсөлдөн Тайланд, БНХАУ-ын дараа орж, хүрэл медаль хүртсэн юм. Тус тэмцээний шилдэг тамирчнаар ОУХМастер Г.Цэцэгжаргал, шилдэг хамгаалагчаар П.Буянжаргал нар шалгаран өндөр амжилт үзүүлсэн. Сүүлийн жилүүдэд ийнхүү Монголын оюутны эмэгтэй волейболын баг тамирчдын амжилт тивийн түвшинд хүрч хөгжсөн ба Монголд болох 2 дугаар тэмцээнээс дахин медаль авч, амжилтаа ахиулах бүрэн боломжтой юм. 

МОНГОЛЫН ШИЛДЭГ  2 ХОЛБООД ТЭМЦЭЭНИЙГ УДИРДАЖ БАЙНА

Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Монголын оюутны спортын холбоо (МОСХ) ажиллаж менежментийг удирдаж байна. Тус холбооныхон Монгол оронд 2002 оноос эхлэн 3 удаагийн оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг 2002 /шатар/, 2006 / чөлөөт бөх, 2010 /бокс/ төрлөөр, Азийн АШТ-ийг ширээний теннисний төрлөөр 2008 онд нэг удаа амжилттай явуулж олон улсын байгууллагуудаас өндөр үнэлэлт авч байсан арвин туршлагтай спортын холбоо юм. Харин МВХолбоо нь 2000, 2008 онд Зүүн Азийн АШТ-ийг эх орондоо зохион байгуулж байжээ. Тэмцээний ЗБХороо Спортын төв ордны 304 тоот өрөөнд байрлаж байна. Утас 311947, 99706100,99063275

ТЭМЦЭЭНИЙ АЧ ХОЛБОГДОЛ

Энэхүү тэмцээнийг Монгол оронд явуулах нь олон талын ач холбогдолтой болж байна. Юуны түрээнд олимпийн спорт болсон волейболын спортыг хөгжүүлэх, хүүхэд, оюутан залуучуудыг энэ спортод дуртай болгох, шүүгч техникийн ажилтанууд, спортын мэргэжилтүүдийг сургах, дадлагажуулах, шинэ техник, арга барилд суралцах, орчин үеийн спортын хэрэгсэл материалтай болох, монголын тамирчдыг туршлага суулгах, цаашидын тэмцээнд бэлтгэж тэдэнд хариуцлага оноох, олон мянган спорт сонирхогчид үзэгчдийг азийн хэмжээний тэмцээнийг газар дээр нь болон телевизээр үзүүлэх, спортын байгууллагуудын олон улсын тэмцээн зохион байгуулах чадварыг нэмэгдүүлэх, боловсон хүчнийг бэлтгэх, өөрийн орныг сурталчилах, хөгжлийг харуулах, олон улсын түвшинд идэвхтэй үйл ажиллагааг явуулахад чухал үүрэгтэй юм. Энэхүү тэмцээн нь Буянт-ухаа спортын шинэ ордонд анх удаагаа багийн спортын төрлөөр зохион байгуулагдаж байгаа тивийн хэмжээний тэмцээн болж байгаагаараа чухал онцлогтой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж