”Технологийн хаад” Монголыг сонирхож байна

Хуучирсан мэдээ: 2012.04.02-нд нийтлэгдсэн

”Технологийн хаад” Монголыг сонирхож байна

Монгол Улс зээл тусламж, хөрөнгө оруулалтыг бус өн­дөр технологийг сонирхох болс­ныг Ерөнхий сайдын Японд, Ерөнхийлөгчийн Германд хий­сэн айлчлалууд харуулж бай­на. Ердөө ганцхан сарын до­тор Азиас Япон, Европоос Гер­ман улс Монголд технологио импортолж хамт­ран ажиллахаар боллоо. Энэ бол Монгол Улс зээл тусламж, хөрөнгө оруулалтыг бус өндөр технологийг шүтэж амьдрах болсны тод жишээ. Үүнийг дагаад гадаад харилцааны түвшний хувьд ч томоохон өөрчлөлт орж байна. Өөрөөр хэлбэл иж бүрэн түншлэлийн харилцаанаас стратегийн түнш­лэлийн харилцаанд шил­жиж буй хэрэг. Монгол Улсын Ерөнхий сайд энэ сарын 10-15-нд Японд албан ёсны айлчлал хийх үеэрээ Эдийн засгийн түншлэлийн гэрээг хийх бэлтгэл ажлын эхлэлийг тавьсан. Эдийн зас­гийн түншлэлийн гол цөм нь технологийн, мөнгөний, мэргэжилтэй боловсон хүчний  гэсэн гурван үндсэн урсгал дээр суурилдаг. Ингэснээр Мон­голд эдийн засгийн бо­ломж, баялгийн нөөц байна. Хөрөнгө оруулалт нэмэгдэж байна. Одоо зөвхөн өндөр технологи, түүнийг эзэмшсэн мэдлэг, дадлага чадвар бүхий боловсон хүчин чухал гэсэн суурь агуулгыг эдийн засгийн түншлэлийн гэрээнд тусгаж, цаашид яг ийм нөхцлөөр Японтой хамтран ажиллахаар боллоо.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдор­жийн Герман улсад хийж буй айлчлал ч гэсэн бодит үр дүн ихтэй, яриа хэлэлцээр бүхэн асуудлыг шийдсэн, ажил хэ­рэгч уур амьсгал дунд болж байна. Түүний айлчлалын гол онцлог гэвэл Германы Засгийн газар анх удаа Монгол Улстай ашигт малтмалын салбарт хамтран ажиллах хэлэлцээр байгуулсан явдал юм.

Герман улс бол Европ дахь VIP түншүүдийн маань нэг яах аргагүй мөн. Түүнчлэн манай улсын хувьд эртний донор орон маань гэж хэлэхэд хилсдэхгүй. Тус улсад Монгол Улсын Ерөнхийлөгчийн хийж буй төрийн айлчлалын хүрээнд юуны өмнө өнгөрсөн аравдугаар сард Холбооны канцлер А.Меркелийн Монгол Улсад хийсэн айчлалын үеэр гарын үсэг зурсан “Ашигт малтмал, аж үйлдвэр болон технологийн салбарт хамтран ажиллах тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэг­жүүлэх талаар онцгойлон хэлэлцлээ. Энэ талаар Монгол, Германы Засгийн газрын ажлын хэсэг болон хувийн хэвшлийнхний оролцсон эдийн засгийн хорооны анхдугаар хамтарсан хуралдаанаар хэлэлцсэн юм. Эдийн засгийн хорооны хамтарсан хуралдаанаас гарсан гол үр дүн нь Монгол, Германы геологи, уул уурхайн салбарт хамтран ажиллах төслүүдийн талаар санал солилцож, зарим санамж бичиг, гэрээнүүдийг байгуулсан явдал юм.

Үүнд юуны өмнө Тайшир, Алтайн усан хангамжийн төслийг хэрэг­жүүлэх тухай санамж бичигт Мон­голын талаас ЗТБХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ, Германы талаас “Ферроштаал” ХХК-ийн хөгжил ба худалдаа ха­риуц­сан дэд ерөнхийлөгч ноён М.Напел нар байгуулжээ. Мөн нүүрс шин­гэрүүлэх тоног төхөөрөмжийн тухайн технологиороо өөр боловч нэг чиглэлтэй хэд хэдэн компанитай хамтарч ажиллахаар болсон нь онц­логтой юм.  Үүний нэг нь Фишер-Тропшийн технологид суурил­сан нүүрс шингэрүүлэх тоног тө­хөөрөмжийг Монголд нийлүү­лэ­хээр боллоо. Энэхүү санамж би­чигт Мон­голын “Эм Си Эс Холдинг” болон “Петровис” ХХК-ууд, Германы “Лурги” компанитай санамж бичиг байгууллаа. Нөгөө нь “Жи Ти Эл Эф”  технологийг ашиглан нүүрс шингэрүүлэх тоног төхөөрөмж дээр хамтран ажиллах тухай гэрээнд Монголын “Цэцэнс Майнинг энд Энержи” ХХК,  Германы “Лурги”, “Жи Ти Эл Эф” компаниуд гэрээ байгуулсан юм. Түүнчлэн нүүрс шингэрүүлэх үйлдвэрийн хийжүү­лэх технологийг нийлүүлэх талаар манай “Эм Си Эс Холдинг”, “Пет­ровис” компаниуд Германы алдарт “Сиймэнс” компанитай санамж би­чиг байгуулсан юм. Ийнхүү зээл тус­ламж гуйх бус технологи бөөндөн импортолж, хамтран ажиллах ту­хай яриа хэлэлцээр хийж буй нь Мон­голын эдийн засаг, нийгмийн хөгжил шинэ шатанд гарсныг Германд төдийгүй Европ тивд тунхагласан хэрэг боллоо. Нөгөөтэйгүүр Монгол Улсын Төрийн тэргүүний хийсэн мэдээлэлд улс төрийн тогтвортой байдал, эдийн засгийн өсөлт, сайн үр дүнгүүддээ хийж буй дүгнэлт, түүнийг цаашид хэрхэн тогтвортой байлгах талаар юу төлөвлөөд байгаа зэргийг түншлэгчид ихэд сонирхон таатай хүлээн авч буй нь ажиглагдаж байв.

Төрийн тэргүүний Герман улсад хийсэн айлчлалын үеэр хоёр орны Засгийн газар хоорондын ажлын хэсгийн анхдугаар хуралдаан болсон. Энэ үеэр харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлэх талаар дэлгэрэнгүй хэлэлцсэн байна. Мөн дараах чиглэлээр онцгой анхаарч ажиллахаар хоёр тал харилцан тохиролцжээ. Үүнд юуны өмнө Монголын геологи, хайгуул, уул уурхайн салбарын эрх зүйн орчинг боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлж хамтран ажиллахаар болсон. Энэ чиглэлээр манай улсын хувьд Германаас суралцах зүйл их байгаа. Ялангуяа газрын ховор элемэнтийн тухайд тус салбарт холбогдох багц хуульд нь онцгойлон тусгах шаардлагатай, анхааралтай судалж бодлогыг нь тодорхойлох асуудал цөөнгүй бий.

Монгол Улсад нүүрс шингэрүүлэх төслийг хэрэгжүүлэхэд яаравчлах талаар хоёр тал санал нэгдсэн. Дээрх санамж бичиг, гэрээнүүдийг ажил хэрэг болгоход энэ асуудлын гол цөм оршиж байгаа нь ойлгомжтой. Сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллахын тухайд яг энэ чиглэлээр Ерөнхий сайдын саяхан Японд хийсэн айлчлалын үеэр мөн хөндөж ярилцсан. Японы “Soft” банктай гэрээ байгуулж хамтран ажиллахаар болсон. Энэ удаа Германы хол­богдох байгууллагуудтай то­дор­хой яриа хэлэлцээр хийсэн нь Монгол Улс сэргээгдэх эрчим хүч­ний чиглэлээр онцгой анхаарч байгаагийн илрэл юм. Түүнчлэн хүрээ­лэн буй орчинд нөлөөлж буй хүчин зүйлүүдийг багасгах, бай­галь хамгаалах чиглэлээр Герман улстай хамтран ажиллахаар болсон. Энэ  талаар Герман улс дэлхийд тэр­гүү­лэхүйц туршлагатай билээ. Мөн Монгол, Германы хамтарсан Уул уурхайн Академийг Монголд бай­гуул­лахаар болжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэг­дорж ХБНГУ-ын Ерөнхий­лөгч Ё.Гаукийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийх үеэрээ Германы Бундестагт үг хэлсэн. Тэрбээр монгол түмний үндэсний энэ ашиг сонирхолд Герман улстай хамтран ажиллах нь цоож, түлхүүр адил нийцтэй байна. Монгол Улс өнөөдөр газрын тосны бүтээгдэхүүнээр 100 хувь гаднаас хамааралтай байна. Гэтэл нүүрсний нөөцөөр дэлхийд тэргүүлдэг. Миний айлчлалын үеэр нүүрс шингэрүүлэх үйлдвэрийг Монгол Улсад барих олон тэрбум еврогийн мега төсөл урагшилна гэдэгт би итгэж байна. Мөн газрын ховор элементийн салбарт хамтран ажиллах яриа хэлцлүүд сонирхогч талуудын хооронд идэвхтэй хийг­дэж байна. Түүнчлэн манай говь нутгийн нар, салхины эрчим хүчийг ашиглах “Gobitec” супер төсөл мэр­­гэжилтнүүдийн анхаарлыг та­таж байна. Бидэнд Германаас бол­гоомжлох зүйл  алга. Герман улсын хөрөнгө оруулалт, өндөр чанар, ха­риуцлагатай байдал манай улсын ашиг сонирхолд маргаангүй нийцнэ.  Бид ийм л харилцан ашигтай хамтын ажиллагааг манай гурав дахь хөр­шийн бодлого гэж нэрлэж байгаа юм” хэмээжээ.

Ийнхүү Төрийн тэргүүний айлч­лал ХБНГУ-д хийсэн айлчлал ажил хэрэгч үр дүнгээр дүүрэн бай­лаа. Байгалийн баялгийн нөөц, эдийн засгийн өсөлт, хөрөнгө оруу­лалтын хэмжээгээрээ дэлхийн анхаар­лыг татаж буй Монгол Улсын хувьд Европ, Азийн хэмжээнд тех­нологиороо тэргүүлдэг орнуудтай хамгийн түрүүнд яриа хэлэлцээр хийж, дэлхийн шилдэг технологийг ашиглах болж байгаа нь өрсөлдөх чадвартай, тогтвортой өсөлттэй эдийн засагтай байхын гол үндэс юм. Цаашид хамтран ажиллана гэхээр л зөвхөн хөрөнгө гуйх биш “Ма­найд баялаг, танайд технологи байна. Хөрөнгө оруулагчид идэвхтэй сонирхож байгаа төслүүд дээр энэ менеж­мэнетээр ажиллаад олох ашиг дээрээ хөрөнгө босгоё” гэсэн зарч­маар бусад улс оронтой гэрээ хэлэл­цээр хийх зөв жишиг тогтож байгаа бололтой. Энэ нь “Монгол Улс зээл, тусламжийн гуйлгачин биш. Харин хөрөнгө оруулах маш ашигтай талбар” гэсэн шинэ ойлголтыг дэлхий дахинд түгээж буй нь сайшаалтай.

У.ОРГИЛМАА

"Улс төрийн тойм" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж