”Шинэ төмөр зам”-ыг ирэх сараас эхлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2012.04.02-нд нийтлэгдсэн

”Шинэ төмөр зам”-ыг ирэх сараас эхлүүлнэ

Төмөр зам байгуулах тухай асуудал хамтарсан Засгийн газрын үед нэлээд хүчтэй яригдаж байсан ч ажил хэрэг болж чадалгүй байсаар өдийг хүрсэн. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт ээлжит бусаар чуулсан Засгийн газрын хуралдаанаар Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Ц.Дашдорж “Төрөөс төмөр замын талаар авч хэрэгжүүлэх бодлого”-ын явцын талаар танилцуулан батлуулж, хэрэгжүүлэх ажлыг эхлүүллээ. Энэ хүрээнд Төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлэх зорилгоор төрийн өмч давамгайлсан “Үндэсний төмөр замын суурь бүтэц” компанийг байгуулж Засгийн газар хувь нийлүүлсэн хөрөнгөд төрийн талаас эхний ээлжинд ногдох 518 сая төгрөгийг нөөц сангаасаа гаргахаар болсон. “Үндэсний төмөр замын суурь бүтэц” компани нь шинээр баригдах төмөр замын 51 хувийг эзэмшсэн төрийн өмч давамгайлсан компани байхаар тогтсон. “Олон улсын жишигт төмөр замын суурь бүтэц эзэмшигч нь тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулахгүй байх зарчмыг мөрддөг. Учир нь төмөр замын суурь бүтэцтэй аж ахуйн нэгж өөрийн эзэмшлийн замд тээврийн үйл ажиллагаа явуулах, эсрэгээр төмөр замын тээврийн компани өөрийн өмчийн суурь бүтэцтэй болчихвол хувийн тээврийн компанидаа давуу эрх олгох, өрсөлдөгчийнхөө суурь бү­тэц ашигласны төлбөрийг өндөр тогтоох гэх мэт монополь бай­дал үүсгэдэг. Иймд үүнээс сэр­гийлэх үүднээс төмөр замын 51 хувийг эзэмших эрх бүхий тө­рийн өмчийн шинэ компанийг бай­гуулсан” хэмээн Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Ц.Дашдорж хэлж байгаа юм. “Шинэ төмөр зам” төслийг эхний ээлжинд санхүүжүүлэхэд шаардагдах 399 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкны баталгаагаар шийдэж байгаа юм. Ямартай ч удаан дуншсан төмөр замын асуудал ийнхүү шийдэгдлээ.  Эхний ээлжинд Ухаа худагаас Гашуун сухайт чиглэлд төмөр зам тавих бөгөөд ингэхдээ нэг чиглэлийн мухар зам байдлаар барихгүй гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж. Учир нь мухар зам нь Монголын нүүрсийг зөвхөн Хятад руу зөөх зориулалттай байх учир Ухаа худагыг Таван толгойтой холбон, Таван толгойг Сайншандтай нийлүүлсэн нэг төсөл, нэг цогц хөтөлбөрөөр төмөр зам барих ажлыг зэрэг эхлүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм байна. Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамнаас дээрх ажлыг хоёр жилийн хугацаанд барьж дуусгах зорилт тавин ажиллаж байгаа юм. Тэгэхээр дээрх чиглэлд 2014 он гэхэд төмөр зам барих бөгөөд нүүрс тээвэрлэлтийн асуудал нэг тийш шийдэгдэх боломжтой болох юм. Уг ажлыг ирэх тавдугаар сараас эхлэх юм.

Төмөр зам барих ажил гараанаас гарахаар болоход “Ардын намынхан хамтарсан Засгийн газрын ажлыг өөрийн болгох гэж зүтгэж байна” гэх яриа гараад байгаа бөгөөд улмаар хамтарсан Засгийн газрын үед байгуулсан “Монголын төмөр зам” ХК-ийн ажлыг булааж байна” гэх яриа гараад байгаа. Тэгвэл суурь бүтэц эзэмших шинэ компани байгуулсанаар “Монголын төмөр зам” ХК-ний үйл ажиллагаа зогсчихож байгаа юм биш гэдгийг салбар хариуцсан сайд нь мэдэгдэж байгаа.  Шинэ компани байгуулснаар “Монголын төмөр зам” ХК тээвэрлэлтийн үйл ажиллагааг хариуцаж явуулах юм байна. Харин шинээр байгуулагдсан “Үндэсний төмөр замын суурь бүтэц” компани нь ирээдүйд баригдах төмөр замын суурь бүтцийг өөрийн эзэмшилдээ байлгах, үүнтэй холбоотой үйл ажиллагааг зохицуулах аж.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Цогтбаатар өнгөрсөн долоо хоногт Өмнөговь аймагт ажиллахдаа “Төмөр зам барих асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй. Эс бөгөөс нүүрс тээвэрлэлтийн асуудал гамшгийн хэмжээнд хүрэх нь” гэж мэдэгдэж байсан.  Энэ мэт байдлаас шалтгаалан төмөр зам барих ажлыг эхлүүлж, санхүүжилтийн асуудлыг нэн дариу шийдэх асуудал тулгарч байсны зэрэгцээ Монгол Улсын дэд бүтцийн асуудлыг шийдэх зайлшгүй шаардлага тулгарч байгаа юм. Энэ бүхнээс харахад дээрх яриа ор үндэсгүй зүйл гэдэг нь тодорхой харагдаж буй биз. Нөгөөтэйгүүр төмөр зам барих энэ нүсэр ажлыг эхлүүлэхэд улсын хөрөнгөөр барьж байгуулах боломж өнөөдөр байхгүй учир барих, ашиглах, шилжүүлэх концессын хэлбэрийг ашиглан бүтээн байгуулалтын ажлыг хийхээр төлөвлөж байгаа юм байна.

Энэ хүрээнд “Энержи ресурс” компани Ухаа худагаас Гашуун сухайт хүртэлх замын санхүүжилт, гүйцэтгэгчийн асуудлыг шийдчихсэн байгаа аж. Дөрвөн жилийн өмнө Засгийн газраас шийдвэр нь гарчихсан, зураг төсөл, хөрөнгө нь бэлэн болсон энэ ажлыг “Энержи ресурс” компаниар гүйцэтгүүлэх аж. Харин Ухаа худаг-Таван толгойг холбосон өртөө, Таван толгойгоос Сайншандын чиглэлийн төмөр замын ажлыг хөрөнгө оруулагч талуудтай хэлэлцээ хийж, концесс олгох зарчмаар эхлүүлэх юм байна. Тиймээс төмөр замын бүтээн байгуулалтад оролцож ажиллах хүсэлтээ гадаад, дотоодын олон байгууллага Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яаманд ирүүлээд байгаа аж. Гаднын компаниудын  саналтай  тус яамныхан танилцаж байгаа бөгөөд  ажиллах хүч, техникийн хүчин чадал, төмөр зам барьж байсан туршлагыг харгалзан нөхцөлөө тавих юм байна. Цаасан дээр буучихаад бодит хөрсөн дээр биелэлээ олж чадахгүй байсан ажлыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын шинэхэн сайд Ц.Дашдорж байгаа боломжийг нь ашиглан амьдрал дээр ийнхүү буулгаж байгааг эрхгүй магтууштай. 

Р.САРАНГОО

"Улс төрийн тойм" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж