Тухайн үед цөмийн технологи улам их хэмжээний энерги хэрэглэж буй дэлхийд ахиц дэвшил гаргав. Гэвч цэргийнхэн атомыг судлагчдын нээлтийг бусдаас урьтаж ашиглав. Энэ нь бас нааштай тал. Тэргүүлэх гүрэн улсуудын цөмийн тэнцүү байдал дэлхийд ахин дайн дэгдээхээс сэрэмжлэх үндсэн хүчин зүйлийн нэг боллоо. Үүний хамт хүн төрөлхтөн атомыг энх тайвны зорилгоор ашиглахтай холбоотой аюулыг улам ухамсарлаж байгааг Москва онцолж байна. Чернобылийн сүйрэл, Америкийн ба францын Атомын Цахилгаан Станцад гарсан осол, өнгөрсөн онд японы Фукушимагийн эргэн тойрны эмгэнэлт хэрэг явдал зэргийг үүнтэй холбогдуулан дурьдвал хангалттай биз.
Түүнчлэн цөмийн технологийг хяналтгүй хөгжүүлэх нь үхлийн аюул дагуулна. Ираны ба Умард Солонгосын цөмийн хөтөлбөрүүд дэлхийн хамтын нийгэмлэгийг түгшүүлсэн явдал үүнтэй бас холбоотой.
Өнгөрсөн долоо хоногт Сөүлд дэлхийн 53 улсын төр засгийн удирдагчид ба шинжээчид хуралдаж, дээрх асуудлуудыг авч үзэж хэлэлцэв. Гэвч Тегеран, Пеньяны төлөөлөгчдийг цөмийн аюулгүй байдлын асуудлаарх форумд оролцохыг уриагүй. Энэ нь Сөүлийн дээд хэмжээний уулзалтын ганц зохисгүй тал болсон хэмээн Москва үзэж байна.
Атомын энергийн асуудлын хэлэлцүүлэгт сонирхогч бүх талыг оролцуулах хэрэгтэй гэж ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев хэлээд “Их яригдаж буй улс орнуудыг санал шүүмжлэлд илүү идэвхтэй оролцуулбал зохино. Тэд эрт орой хэзээ нэгэн цагт хэлэлцээг сэргээж, бидэнтэй яриагаа үргэлжлүүлнэ гэж найдаж байна” гэв.
Сөүлын дээд хэмжээний уулзалтын ажилд сэтгэл ханамжтай байна гэж Дмитрий Медведев дүгнэн мэдэгдлээ. Москва нормативын шинэ үндэс суурийг боловсруулах болон цөмийн аюулгүй байдлын тухай, цөмийн ослын тухай шуурхай мэдээлэх зэрэг хоёр конвенцийг шинэчлэхийг санаачилж, цөмийн террорын ажиллагаатай олон улсын хэмжээнд тэмцэх санал дэвшүүлснийг Д.Медведев дурдав.
Мэдээж бүх асуудлыг шийдвэрлэж амжаагүй. Амжуулах цаг хугацаа яагаа ч үгүйг “Итар Тасс” агентлагийн шинжээчид хүлээн зөвшөөрч байна. Тухайлбал, зарим улс 2005 онд НҮБ-д баталсан цөмийн террорын ажиллагаатай тэмцэх тухай конвенцийг одоохондоо батлаагүй байна. Гэвч энэ чиглэлээр ажлаа үргэлжлүүлж байгаа нь чухал хэмээн тус сайтад бичжээ.
Японы Фукушима АЦС-д аюултай осол гарсан ч эдүгээ дийлэнх улс атомыг энх тайвны зорилгоор гарцаагүй ашиглана гэсэн дүгнэлт хийснийг Сөүлийн дээд хэмжээний уулзалт харуулав. Мэдээж цөмийн барилга байгууламжийн аюулгүй байдлыг хангах ба цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхгүй байх асуудал улам хурцдаж байна.
Үүний хамт эдгээр аюулыг арилгах арга хэмжээнүүд атомыг энх тайвны зорилгоор ашиглаж хөгжүүлэх улс бүрийн эрхийг хангахад саад учруулах ёсгүй гэж дээд хэмжээний уулзалтын төгсгөлийн албан мэдээнд онцолсон юм.
Эх сурвалж: "Нийгмийн толь" сонин