ОХУ-ын Сибирийн районд өнөөдөр өглөө 43 зорчигчтой зорчигч тээврийн ATR-72 онгоц осолдсон талаар тус улсын онцгой байдлын яамнаас мэдээлсэн байна. Ослоос амьд гарсан 14 хүнийг яаралтай түргэн тусламж үзүүлэхээр эмнэлэгт хүргэсэн байна. Шинжээчид 16 хүний цогцсыг одоогоор олжээ. Онгоц нь Тюмень хотоос холгүй орших Рощино онгоцны буудлаас хөөрснөөс хойш удалгүй Сибирийн хойд хэсэг дэх Тюмень хотоос 30-35 км-ийн зайд осолджээ. ATR-72 онгоц Тюмениэс газрын тос үйлдвэрлэгч Сургут руу зорчигч тээвэрлэж явжээ. ОХУ-ын Онцгой байдлын яамны төлөөлөгчийн мэдээлснээр онгоцонд 43 зорчигч, онгоцны багийн дөрвөн гишүүн байсан гэнэ. Осолдсон онгоц ОХУ-ын ЮТ-эйр зорчигч тээврийн компанийн өмч аж. ЮТ-эйр компанийн вэбсайтад бичсэнээр тус компани Франц-Германд үйлдвэрлэсэн ATR-72 загварын гурван онгоцтой гэнэ.
Өнгөрсөн оны есдүгээр сард ОХУ-ын Ярославль хотод тус хотын хоккейн багийн гишүүдийн зорчиж явсан ЯК-42 онгоц осолдож, 44 хүн амиа алдсан. Дээрх ослын дараа ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев ОХУ-ын зорчигч тээврийн онгоцны тоог бууруулж, нислэгийн багийн гишүүдийн ур чадварыг сайжруулахыг уриалсан билээ.
Н.ЭНХ