Нийслэлийн АН дөрвөн дэд даргатай боллоо

Хуучирсан мэдээ: 2012.04.02-нд нийтлэгдсэн

Нийслэлийн АН дөрвөн дэд даргатай боллоо

Өнгөрсөн пүрэв гаригт Нийслэлийн Ардчилсан Намын Зөвлөдөх Хорооны ээлжит 14 дүгээр хурал Дисковер Монголиагийн хурлын танхимд болж өнгөрлөө. Хурлыг НАН-ын дарга Ш.Түвдэндорж, ХЭГ-ын дарга Н.Гантөмөр нар удирдан явуулсан. Хуралд ирвэл зохих 135 гишүүнээс 110 гишүүн оролцсон юм. Тус хурлаар шинээр сонгогдсон гишүүдийн бүрэн эрхийг батламжлах, Нийслэлийн АН-ын дэд дарга нарыг сонгох зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдсэн юм. Ардчилсан Намын дүрмын дагуу НАН-ын дарга Ш.Түвдэндорж НАН-ын дэд даргад Н.Батаа, П.Батчимэг, Ц.Энхцэнгэл, Ц.Баатархүү нарын гишүүдийг санал болгон нэр дэвшүүлж гишүүдийн дунд нууцаар санал хураалгасан юм. Санал хураалтад 98 гишүүн оролцож 87 гишүүн зөвшөөрсөнөөр дэд дарга нарын бүрэн эрхийг батламжилсан юм.

Хурлын үеэр НАН-ын дарга Ш.Түвдэндоржийн тавьсан илтгэл болон уриалгыг хүргэж байна.


Журмын нөхөд  өө! Та бүхний энэ өдрийн амгаланг эрэн мэндчилье.

Ардчилал-Шудрага ёс- Эрх чөлөө гэсэн гурван үгийг эрхэм болгож оройдоо залсан Ардчилсан намын гишүүддээ зориулж энэ үгийг хэлмээр байна.

Намын сонгуульт гишүүдээ, өнөөдөр энэ эх оронд чинь юу болоод ямар гээчийн юм тогтчихоод байгаа юм бэ?

Ардчилагчид бидний хүсэн хүлээж байсан тэр нийгэм маань эргэн тойронд чинь цогцолж байна уу гэж өөрсдөөсөө асуумаар байна.

Хувхайран ядуурч байгаа ард түмэн, сүйрч бөхөж байгаа эх орон, гольдрилоосоо гарсан ардчилал, буудуулсан эрх чөлөө, мөнгөнд дарагдсан шудрага ёс, төрд шургалж баяжигсад, хуулийг гууль болгон гишигчигсэд, шүүх цагдаа нь хүчин мөхөсдөж хүчгүйдсэн төр энэ бидний тэмцэж олсон ардчилал мөн үү.

Сонгуулийн шудрага ёсыг шаардсан олон түмний жагсаал цуглааныг улам бухимдуулан хатгаж, үймээн самуун болгон тэр нь бүр даамжирч эрдэнэт хүний таван халуун амь тасарч олон арван хүн гэмтэж, хэдэн зуун жирийн иргэд хилсээр хоморгологдон шийтгэгдсэн 2008 оны 7 сарын 1-ний хар өдрийг эргэн санацгаая.

Онц байдал тогтоосон тэр гурван өдөр бид ямар нийгэмд амьдарч байгаа билээ, ардчилал яасан хэврэг юм бэ гэдгийг тэгэхэд олж харсан. Бидний 20 жилд олж авсан юм бүхэн ганцхан өдөр алга болж болохыг тэгэхэд мэдэрсэн ардчилалдаа хайртай манай ард түмэн магадгүй энэ шалтгаанаар Ардчилсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг сонгосон гэж би боддог. Тухайн үед шудрага ёсыг тогтоож , авилгалтай тэмцэнэ гэж уриалж байхад зүгээр л нэг уриа гэж бодож харж байсан хүн олон болов уу. Сүүлийн үеийн нөхцөл байдлаас харахад түүний зорилго зөв байсан нь улам тод томруун болж байна.

Шудрага ёсыг тогтоох, 7 дугаар сарын 1-ны хэргийг илрүүлэх түүний тэмцэл ямар их эсэргүүцэлтэй тулгарч буйг өнөөдөр та бүхэн бэлхнээ харж байгаа.

Нийгэм даяар бугшсан авилга, хээл хахуулийн эсрэг УИХ- ын гишүүн, МоАХ- ны дарга Х.Баттулга тэмцэхэд мөн л ХЗДХ-ийн сайдаасаа эхлээд ЗГ-аас мэдэгдэл гаргах хэмжээнд хүртлээ түүний эсрэг араа шүдээ арзайлгаж байна. Жишээ нь.Таван толгойн 4 хувь, 4 тэрбум доллар 200 гаруйхан хүнд ноогдож байхад, 96 хувь нь гэх 15 тэрбум нь 2 700 мянган хүнд оногдож түүгээр ч зогсохгүй тэр 4 хувиа стратегийн ордоос хасуулахаар тогтвортой байдлын гэрээндээ тусган хууль зөрчиж байгааг нь хэлэхээр эсэргүүцдэг нь шудрага ёс мөн үү. Ард түмэндээ үйлчлэх ёстой Монгол улсын Засгийн газар нэг компани, хэсэг бүлэг хүнд үйлчилдэг, тэдний нэг охин компани мэт ажилладаг болсон нь шудрага ёс мөн үү. 

Монголын ардчилалыг дэлхий нийтээр шагшиж байсан нь саяхан. Улс төр, Эдийн засгийн эрс өөрчлөлтийг хамтад нь амжилттай хийж байгаа гэж. Улс төрийн шинэчлэл нь эдийн засгаасаа тэр үед түрүүлж байсан бол одоо улс төр нь эдийн засаг, Бүтээн байгуулалтаа хойш татаад эхэллээ. Шалтгаан нь улс төрийн системд байгаа нөгөө луйварчин бэртэгчингүүд чинь өөрсдийн эрх ашигт нийцүүлэн улс төрийн шийдвэр гаргаж байгаад л байна. Тэд өөрсдөд нь ашиг авчрахгүй л бол монголд, ард түмэнд хэрэгтэй бүхэнд саад тотгор болдог гэсэн үг. Чухам тэдний энэ шуналаас болж их бүтээн байгуулалтууд болох шинэ төмөр зам, 100 000 айлын орон сууц хөтөлбөр, Сайншандын Аж Үйлдвэрийн Цогцолбор, Таван толгойг ашиглалтанд оруулах ажлууд гацаад байна. Энэ шудрага ёс уу.

Утаанаас салгахад иргэдээ орон сууцжуулах нь чухал гэхээр зуух, гэрийн бүрээс зараад, тараагаад унадаг, энэ жил зассан замаа дараа жил нь дахиад засдаг, шинээр сургууль, цэцэрлэг, эмнэлэг, дулааны станц барих гэхээр газар нь байдаггүй, түүнийг нь шийдээд өгдөггүй, Төрийн байгууллагад иргэд нь үйлчлүүлэхээр хүнд суртал гаргаж авилгал нэхдэг, жирийн иргэнд хууль нь төрийн төмөр нүүрээ харуулж, харин албан тушаалтан, хөрөнгө мөнгөнд өршөөлт эхийн сэтгэлээр ханддаг болсныг шудрага ёс гэх үү.

МАН/МАХН/ дээх нь үедээ алуурчдын, хэлмэгдүүлэгчдийн нам байсан бол одоо луйварчид, бэртэгчингүүд, авилгачид, хэлмэгдүүлэгчидийн нам хэвээрээ байсаар байна. Энэ намд иргэд үзэл бодлоороо бус хөрөнгөжих, албан тушаалд очих шат мэтээр хандан элсэх болжээ. Өөрсдөө ч “манай намд орж өөдөө дэвж” хэмээн ятган элсүүлж улмаар луйварчид бэртэгчид болгон хүмүүжүүлж монголын улс төр, төр засагт шургалуулдаг үүр уурхай болжээ энэ нам. Үүний тод илрэл нь өнөөдөр аймаг, дүүргүүдийн МАН- аас нэр дэвшин томилогдсон 10 гаруй засаг дарга АТГ- т шалгагдаж заримынх нь хэрэг прокурорт шилжээд байгаагаас харж болно. Энэ хүмүүс бол мөсөн уулын зөвхөн орой нь болохыг УИХ-ын гишүүн, МоАХ- ны дарга Х. Баттулгын дэлгэн тавьсан тун ноцтой баримтууд нотолж байна.

Энэ бүхний ард МАН- ын “төрөөс төрсөн тэрбумтанууд” байгаа гэдгийг түвэггүй мэдэж болно. Системд нь доргилт ирэх учир одоог хүртэл тэд шудрага ёсыг тогтоох, ардчилалыг бэхжүүлэх аливаа санаачлагыг дэмжихгүйгээр барахгүй байна. Авилга, хээл хахууль, төрөөс хулгайлдаг хөрөнгө мөнгөө, тогтолцоогоо хамгаалж авч үлдэхийн тулд /өөрсдийгөө хэзээ нэгэн цагт үнэний шүүлтүүрээр орно гэдгээ мэдэж/ хууль тогтоомжийг зориуд цоорхойтой, давхар утгатай болон зөрчилдсөн заалттай хуулиудыг батлан гаргаж өөрийгөө хаацайлж ирсэнийг ойрын өдрүүдийн үйл явдлууд харуулж байна. Тухайлбал шүүх, прокурор бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэр гаргахаар ХЗДХ- ийн сайд нь өөрөөр тайлбарладаг, эсэргүүцдэг, сайд асан хүн нь хоёр компанийн хоорондох нууцаар байгуулаагүй гэрээ гэхээр бүх л бүтэн гүйцэтгэх засаглалаараа нийлж байгаад үгүй ээ нууцаар чи байгуулсан гэдэг, Бороогоулдтай тогтвортой байдлын гэрээ байгуулахын тулд хуулинд өөрчлөлт оруулан татвараас зугтаалгадаг, мөн саяхны “Энержи ресурс” зэрэг олон жишээг дурдаж болно. Үүнийг шудрага ёс гэж үзэх үү. 

Үндэсний хэмээх тодотголтой, улс төрөөс ангид телевизээр, ялангуяа мэдээний дийлэнхи цагаар МАН- ынхан, гишүүдийнх нь тухай гарч байгааг юу гэх вэ?  Энд шудрага ёс байна уу.

Орон нутгийн сонгуулийн хуулийн хүчин төгөлдөр тов бараг тодорхой болчихоод байхад хуулийг нь хойшлуулж зохион байгуулалтыг тасалдуулж байгааг юу гэх вэ? Монгол улсын нутаг дэвсгэрт хууль хэрэгжүүлэх үүрэгтэй Засгийн газар нь энэ талаар “ажил хаялт” зарлаад байгаа нь шудрага ёс уу.

Ер нь МАН- ынхан энэ тогтолцоогоо хамгаалан авч үлдэхийн тулд сонгууль бүрээр луйвар булхай хийдэг байсныг та бүхэн мэдэж байгаа. Өнөөдөр УИХ, Орон нутгийн сонгуулийг нэгэн зэрэг явуулах зарчмын зөвшилцлөөсөө булзаж, сонгуулийн булхай луйвраа хийхийн тулд элдэв арга саам хэрэглэн, олонхиороо түрий барьж “Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийг хэлэлцэн батлах явцыг гацаасаар хаврын чуулган хүргэлээ. Хаврын чуулганаар энэ асуудал хэрхэн нь өнөө хэр бас л бүрхэг байна.

 23 жилийн өмнө бид ардчилалын тухай ойлголтгүй, эрх чөлөөгүй, нийтээрээ ядуу амьдралтай, хуулиас дээгүүр амьдардаг МАХН- ын дарга мяндагтан цөөхөн хүний дарангуйлалтай тоталитар дэглэмийн эсрэг тэмцсэн билээ. Өнөөдөр эргээд харахад юу болж хувирсан байна вэ? Ядуурлын төвшин нь 40 хувьд хүрсэн, баялагийн 90 хувийг хүртдэг цөөхөн гэр бүл бүхнийг хянасан, шудрага ёс шаардахаар бууддаг, МАН/МАХН/- ын төрөөс төрсөн тэрбумтангууд, улс төрд шургалсан луйварчид, авилгачид шигсэн төртэй, ардчилал гэдэг маань үзүүлэн төдий болжээ. Энэ бол системийн гажуудлын үр дүн. Бид сөрөг хүчний хувьд, үндэсний хэмжээний намын хувьд үүнийг засан залруулж, шудрага ёсыг тогтоон, энэ бүх бусармаг үйлдлийг таслан зогсоох ачааны хүндийг үүрэх хэрэгтэй байна тийм ч үүрэгтэй. Тиймээс ардчилал, шудрага ёсны төлөө хийж байгаа аливаа шинэтгэлийг дэмжин авилгал, булхай луйвар, шудрага бус бүхний эсрэг шат шатандаа тэмцэх шаардлага тулгараад байна.

Үүний тулд 2012 онд Ардчилсан нам сонгуулийн хувьсгалаар эрх мэдлийг авч, одоо оршин буй үхширсэн тогтолцоог халах замаар иргэд, сонгогчиддоо эрхийг нь шилжүүлж байж л шудрага ёсыг тогтоон, ардчилалаа баталгаажуулж, эрх чөлөөгөө хамгаалж, шудрага ёсыг тогтоож чадна.

Удирдлагын хоцрогдсон коммунист социалист арга барил, философоосоо яагаад ч хагацаж үл чадах, хувийн ашиг сонирхол идэх уух шуналаасаа өөр юуг ч үл тоох МАН- ын оронд орчин үеийн удирдлагын онол, мэдлэг, арга барил, техникийг эзэмшсэн, хийж бүтээх эрмэлзлэлтэй, энэ улсын амьдрал хөгжлийн асуудлыг л хамгийн зөв шийдэж чадна гэсэн үнэн итгэл үнэмшилтэй эрчимтэй залуу хүмүүсээр солих хэрэгтэй болжээ.

Түүнчилэн Ардчилсан Намын санал болгож буй “Эдийн Засгийн Хувьсгал”-ыг “Захиргааны хувьсгал”,  “Удирдлагын арга барил, хандлагын хувьсгал”- ын хамт хэрэгжүүлэх цаг болжээ. УБ хотын Ардчилсан Намын гишүүд та бидний ойрын ирээдүйн улс төрийн үйл ажиллагааны үндсэн зорилго үүнд чиглэнэ.

Дахин хэлэхэд үүнийг сонгуулийн хувьсгалаар л хэрэгжүүлж чадна гэж намын даргын хувьд би үзэж байна.


Анхаарал тавьсанд баярлалаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж