Энэ үеэр сагсан бөмбөгийн тэмцээнд “Твиксерс”, “Соёмбо”, “Доргио дайчид” багууд 1, 2, 3-р байрыг эзэлсэн бол гар бөмбөгөөр “Бизнетворк”, “Булган аймаг”, “Оюунлаг” багууд 1, 2, 3-р байрыг тус тус эзэлж, 500.0-300.0 мянган төгрөгийн шагнал хүртлээ. Харин ширээний теннисээр эмэгтэйчүүдээс Гантуул, Тунгалаг, Насанжаргал нар эхний байруудыг эзэлж, 50.0-30.0 төгрөгөөр шагнуулсан байна. Мөн шатраар Төгөлдөр, Гантуул нар тэргүүлжээ.
Уг тэмцээний хамгийн сонирхолтой үзүүлбэр нь Ерөнхий сайд С.Батболдоор ахлуулсан “Алтайн бүргэдүүд” баг болон “Бодь” группийн Ерөнхийлөгч М.Зоригтын дасгалжуулсан “Сүхбаатар аймаг” группийн тамирчдын хоорондох сагсан бөмбөгийн тулаан байлаа.
Ерөнхий сайдын багийг бут авч, хожлоо үргэлжлүүлсэн Сүхбаатарчууд хөгжөөн дэмжигчдийн дунд өөрсдийн нэрэмжит холын зайн шидэлтийн тэмцээнийг зохион байгуулсан бөгөөд уг тэмцээний ялагч “Доргио дайчид” багийн хөгжөөн дэмжигч Г.Лхагвасүрэнг Сүхбаатар аймгийн үзэмчин үүлдрийн илүү нугаламтай хониор шагнасан нь уг тэмцээний нэгэн том сюрприз байлаа.
Ийнхүү өдөржин компьютер ширтэн сууж, хавтгай дэлгэцийн цаанаас уулзалддаг залуус нүүр тулан уулзаж, нэгэн өдрийг медальтай, хоньтой, хөгжилтэй, хөдөлгөөнтэй өнгөрүүлжээ.