Цахим ертөнцийнхөн шилдэг тамирчдаа тодруулав

Хуучирсан мэдээ: 2012.04.02-нд нийтлэгдсэн

Цахим ертөнцийнхөн шилдэг тамирчдаа тодруулав

Орчин үеийн хүмүүсийн ажлыг онцгой их хөнгөвчилж бас тэр хэрээрээ цагийг нь хумслах болсон  “шидтэй” зүйл бол цахим талбар. Тэр дундаа олон нийтийн сүлжээ сайтууд улам бүр хүчээ авч, өдрөөс өдөрт гишүүдийн тоо нь өсөн нэмэгдсээр байгаа билээ. Өөр хоорондоо харилцаа тогтоохоос эхлээд нийгмийн тодорхой бүлгүүд рүү хандсан үйл ажиллагааг идэвхтэй явуулах болсон facebook, twitter, biznetwork хэрэглэгчдийн дунд өнгөрсөн сарын 31-нд “Буянт-Ухаа” спорт цогцолборт “Хүн-хөдөлгөөн-хөгжил” сэдэвт спортын өдөрлөг зохион байгуулагдлаа. Биеийн тамир спортын газар, жиргээчид хамтран зохион байгуулсан уг тэмцээнд 20 гаруй баг тамирчид сагсан бөмбөг болон гар бөмбөгийн холимог баг, ширээний теннисийн эрэгтэй, эмэгтэй гэсэн дөрвөн төрлөөр өрсөлдсөн юм.

Энэ үеэр сагсан бөмбөгийн тэмцээнд “Твиксерс”, “Соёмбо”, “Доргио дайчид”  багууд 1, 2, 3-р байрыг эзэлсэн бол гар бөмбөгөөр “Бизнетворк”, “Булган аймаг”, “Оюунлаг” багууд 1, 2, 3-р байрыг тус тус эзэлж, 500.0-300.0 мянган төгрөгийн шагнал хүртлээ.

Харин ширээний теннисээр эмэгтэйчүүдээс Гантуул, Тунгалаг, Насанжаргал нар эхний байруудыг эзэлж, 50.0-30.0 төгрөгөөр шагнуулсан байна. Мөн шатраар Төгөлдөр, Гантуул нар тэргүүлжээ.

Уг тэмцээний хамгийн сонирхолтой үзүүлбэр нь Ерөнхий сайд С.Батболдоор ахлуулсан “Алтайн бүргэдүүд” баг болон “Бодь” группийн Ерөнхийлөгч М.Зоригтын дасгалжуулсан “Сүхбаатар аймаг” группийн тамирчдын хоорондох сагсан бөмбөгийн тулаан байлаа. Ерөнхий сайдын багийг бут авч, хожлоо үргэлжлүүлсэн Сүхбаатарчууд хөгжөөн дэмжигчдийн дунд өөрсдийн нэрэмжит холын зайн шидэлтийн тэмцээнийг зохион байгуулсан бөгөөд уг тэмцээний ялагч “Доргио дайчид” багийн хөгжөөн дэмжигч Г.Лхагвасүрэнг Сүхбаатар аймгийн үзэмчин үүлдрийн илүү нугаламтай хониор шагнасан нь уг тэмцээний нэгэн том сюрприз байлаа.

Ийнхүү өдөржин компьютер ширтэн сууж, хавтгай дэлгэцийн цаанаас уулзалддаг залуус нүүр тулан уулзаж, нэгэн өдрийг медальтай, хоньтой, хөгжилтэй, хөдөлгөөнтэй өнгөрүүлжээ.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж