Ааяа хошин урлагтаа үнэнч

Хуучирсан мэдээ: 2012.04.02-нд нийтлэгдсэн

Ааяа хошин урлагтаа үнэнч


Хошин урлагийн хууччуултай гар нийлэн ажиллаж байсан жүжигчин Ш.Алтанцэцэг буюу Ааяа хаачив аа хэмээн үзэгчид түүнийг үгүйлэх болсон. Харин тэрбээр өчигдөр Соёлын төв өргөөнөө болсон “Best of comedy” буюу Хошин урлагийн анхдугаар наадамд хүрэлцэн ирсэн юм. Энэ үдшийн гоёлоор цасан цагаан үслэг хүрэм, дэрэвгэр хормойтой цагаан богино даашинз, цагаан бээлий сонгосон түүнд сувдан хослол, хар гар цүнх нь гайхалтай гэгч нь зохисон байсан. Тас тас хөхөрсөн, нүүрэмгий бүсгүй урьдын хэвээрээ цоглог, басхүү энэ үдшийн тоглолтыг чимж тайзнаа эргэн гарсан юм. Ингээд түүнтэй сүүлийн үеийн уран бүтээлийнх нь талаар цөөн хором ярилцлаа.

-“Инээдмийн баяр”-ын өдрийн мэнд хүргэе! Энэ өдрийн сайхан дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Дөрвөн сарын 1 гэдэг нэг нэгнээ хуураад л, инээд бэлэглэдэг гоё баярын өдөр. Олон жилийн өмнө би сургуулиа төгсөөд хүүхэд, залуучуудын театрт хуваарилагдаж очоод “Элдэв зураг” гэдэг инээдмийн хөтөлбөрт тоглодог байсан. Тухайн үед нэг л театр нэг л хөтөлбөрийг дөрөвдүгээр сарын 1-нд тоглодог, түүнийг нь бүх Монгол даяараа шууд үздэг байсан. Түүндээ ч бид их бэлтгэдэг байсан. Тэр үед их гоё баяр болдог байсан юм даа. Түүний дараагаар “Азтай бадарчин” гэж наадам болдог байж байгаад хэсэг тасраад, эргээд ийнхүү сэргэж байгаад их баяртай байна.

-Өнөөдрийн тоглолтод оролцох уу?

-Тийм ээ, өнөөдөр энэ  тайзнаа уран бүтээлчидтэйгээ хамт гарах гэж буйдаа баяртай байна.

-Энэ танхимд өнөөдөр хошин урлагийн гурван үеийн гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэгдсэн байна. Таны анхаарлыг татсан сонин хачин ямар зургууд байна?

-Үзэсгэлэнгийн зургуудад анхаарал татсан ганц л зүйл байгаа шүү дээ. Бүх хүмүүсийн жингийн ялгаа байгаад байгаа шүү дээ. /инээв/ Хуучны зүйлс санаанд ороод сайхан байна аа.

-Үзэгчдийн дунд таныг тайзнаа гаралгүй удлаа, хэзээ уран бүтээлээрээ эргэн уулзах бол оо гэсэн хүлээлт их байсан?

-Ер нь бол би уран бүтээлээ завсарлаагүй шүү дээ. Хаан банктай хамтраад сүүлийн дөрөв таван жил Монгол орны бүх сумдуудаар тасралтгүй явж, уран бүтээлээ хүргэсэн. Хотод уран бүтээлчид маань тоглолтоо байнга хүргэж байдаг. Харин хөдөөд хошин урлагийн уран бүтээл хүрээгүй газар их байсан. Тэр бүү хэл амьд жүжигчний бараа хараагүй газар хүртэл очиж, уран бүтээлээ хүргэсэн. Би өөрөө өөрийгөө их магтаад байгаа шүү дээ, гавьяа байгуулсан эмэгтэй гээд. Хөдөөгөөр залуу уран бүтээлчидтэй хамтраад явсан.

-Нийслэлийн үзэгчдэд хэзээ уран бүтээлээ хүргэх вэ. Ер нь аль хамтлаг, продакшнтай хамтран ажиллаж байгаа вэ?

-Одоогоор чөлөөт уран бүтээлч, тэр энэ продакшнд хамтраагүй байж байна л даа. Хийх гэж төлөвлөсөн ажлууд олон байгаа. Удахгүй хэвлэлийн бага хурал хийж, уран бүтээлийнхээ тухай дуулгах болно оо.

-Нууцаасаа бага зэрэг дэлгэхгүй юү. Тун удахгүй таны дэлгэх гэж буй уран бүтээл дэлгэцийнх үү, эсвэл тайзных уу?

-Тайзны тоглолт байгаа. Ойрын хугацаанд энэ тухай дуулгана аа.

-Баярлалаа. Танд уран бүтээлийн амжилт хүсье.

-Айл бүр гэр бүлийн аз жаргал, инээд хөөрөөр халгиж цалгиж байхын ерөөлийг та бүхэндээ өргөн дэвшүүлье.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж