Байнгын хороод маргаашнаас хуралдана

Хуучирсан мэдээ: 2012.04.02-нд нийтлэгдсэн

Байнгын хороод маргаашнаас хуралдана

УИХ-ын хаврын чуулган энэ сарын 5-нд нээлтээ хийж, тавдугаар сарын 10-даар хаах товтой байгаа билээ. Энэ нь УИХ-ын сонгууль болохтой холбоотой юм. Тиймээс энэ хаврын чуулганаар зайлшгүй хэлэлцэх шаардлагатай гэж үзсэн 11 асуудлыг оруулсан болохыг УИХ-ын дэд дарга Н.Энхболд өнөөдөр мэдээлэл хийх үеэрээ онцоллоо.

Мөн түүний хэлснээр маргаашнаас эхлэн байнгын хороод хуралдаж, чуулган хуралдах бэлтгэлийг хангах юм байна. Одоогоор УИХ-ын гишүүдийн ирц 70 хувьтай, орон нутагт ажиллаж байгаа гишүүд хаврын чуулган эхлэхээс урьтаж Улаанбаатар хотод хүрэлцэх ирэх гэнэ. Харин хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын эхэнд Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай багц хуулийн төсөл багтжээ. Уг багцад 10 хуулийн төсөл багтаж байгаа юм. Мөн Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Инновацийн тухай, Монгол Улсын төрөөс баримтлах соёлын бодлогыг шинэчлэн батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх юм. Түүнчлэн УИХ-ын ээлжит сонгууль товлон зарлах тухай болон зардлын хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслүүд, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2011 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2013 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2014-2015 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл зэргийг хэлэлцэн батлахаар төлөвлөжээ.

Одоогийн байдлаар УИХ-д 65 хууль, тогтоолын төсөл өргөн мэдүүлээд байгаа бол 41-ийг нь хэлэлцээд эхэлчихсэн гэнэ. Түүнчлэн энэ удаагийн чуулганаар УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн зарим зүйл заалт Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн тухай Цэцийн дүгнэлтийг авч хэлэлцэхийн зэрэгцээ Орон нутгийн сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай нэр бүхий гишүүдээс өргөн мэдүүлсэн төслийг хэлэлцэж, УИХ-ын сонгуулийг хийхдээ орон нутгийнхтай хамт зохион явуулах уу, үгүй юу гэдгийг эцэслэх юм.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж