“С1” телевиз, үндэсний ууган хүнсний үйлдвэр “Мах импэкс” ХК хамтран хөлбөмбөг сонирхогчдын дунд уламжлал болгон зохион байгуулдаг “Нүүдэл кап” тэмцээн энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд болох аж. Нийслэлийн тавдугаар сургуулийн ногоон талбайд нээлтээ хийх тус тэмцээнд нийт 32 багийн 350 гаруй тамирчин оролцох урьдчилсан саналаа илгээжээ. Багуудын хувьд бүрэлдэхүүндээ үндэсний лигийн тэмцээнд оролцдог мэргэжлийн тоглогч багтаасан байх ёсгүй бөгөөд уг журмын дагуу зөвхөн сонихогчид оролцох учиртай. Тиймээс хавар цагийн нээлтийн тэмцээн болох “Нүүдэл кап”-т зөвхөн хөлбөмбөгч сонирхогч хүүхэд, залуус оролцох бөгөөд олны танил эрхмүүд ч багаа бүрдүүлж эхэлсэн байна. Тодруулбал, 100 гаруй жилийн түүхтэй Английн алдарт “Liverpool” багийн Монгол дахь хөгжөөн дэмжигчдийн баг, өнгөрсөн жилийн шилдгүүд болох “Continental”, “FC Friends”, “Western”-ийн залуус бэлтгэлдээ хэдийнэ гарчээ.
Тэмцээний хэвлэлийн бага хурал болон техникийн зөвлөнөөн энэ сарын 5-ны 15.00 цагт “Баянгол” зочид буудлын байранд болж, багуудын бүртгэлийг эцэслэн сугалааны ажиллагааг явуулах юм байна. Тиймээс багуудыг яаравчлахыг зохион байгуулагчид сануулсан.
Сонирхуулахад, “Дэлхийг дайлах Монгол брэнд” уриатай ерөнхий ивээн тэтгэгч “Нүүдэл” брэндийн баг өнөө жил бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулжээ. Өнгөрсөн жил тус багт олимпийн аварга Э.Бадар-Ууган, дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт гавьяат тамирчин Б.Наранбаатар тэргүүтэй их спортын шилдгүүд болон Монгол Улсын гарьд Н.Ганбаатар, “ТВ Коктейл” хамтлагийн жүжигчид багтан байсан юм. Харин өнөө жилийн хувьд их спортынхон олимпийн бэлтгэлтэй, урлагийн одууд олон улсад аялах учраас багтаа ийн өөрчлөлт оруулжээ. Гэхдээ чухам ямар тамирчдаар багаа сэлбэснийг хэвлэлийн хурлын үеэр задлах аж.
Т.Маша