Үүнийхээ дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад дараах хариулт өгөв.
-УИХ-ын сонгууль ойртох тусам долдугаар сарын 1-ний хэрэг явдалтай холбоотойгоор асуудал нэлээд хурцдах шинжтэй. Нийслэлийн шүүхээс өнөөдөр /өнгөрсөн баасан гариг/ энэ хэрэгтэй холбогдуулан байр сууриа илэрхийллээ. Мөн УИХ-ын нэр бүхий гишүүд байр сууриа илэрхийлсээр байна. Та энэ бүхэнд ямар хариулт өгөх вэ?
-УИХ дээр хэрэг шийддэг болоод удаж байна гэж би та бүхэнд нэг удаа хэлж байсан байх аа. Тэр тийм хэрэг үйлдсэн, ял авах ёстой гэдэг дүгнэлтийг УИХ ын гишүүд гаргадаг, яг түүгээр нь прокурор ял дуудаж шүүгч ял өгдөг ёс тогтлоо, Монголд. УИХ-ын нэр бүхий гишүүн “Цагдаагийн удирдлагуудыг шийтгэх ёстой” гэж ярилцлага өгсөн байсан. Энэ бол улс төрийн захиалгатай юм хийгдэж байна. Өмгөөлөгч өмгөөлөх эрхээсээ аль ч үед татгалзах эрхтэй. Одоо байтлаасаа өмгөөлөгчийг нь барьж авч хорьж байгаад хүчээр шүүх хуралд оруулдаг дарангуйллын шүүх бий болж байна. Тийм учраас наад шүүх чинь зүгээр ийм юм хийгээд байгаа юм биш гэж надад харагдаж байна. Эднийг шүүгч болоогүй байхад би Дээд шүүхийнхэнтэй хамтарч ажиллаж байсан хүн, хэтэрч байна, Хоёр юмыг би өчигдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр үзлээ. Сэтгүүлчдийг илтэд ялгаварлан гадуурхаж, захиалгатай хэвлэл мэдээллийг шүүх хуралдаанд оруулсныг харлаа. Шүүх хуралдааныг хаалттай хийх бол хэвлэлийнхнийг бүгдийг оруулахгүй байх хэрэгтэй ш дээ. Нээвэл бүгдийг оруулах. Яахлаараа УИХ-ын гишүүн Л.Болдын эзэмшдэг “Ийгл” телевиз, УИХ-ын гишүүн байсан Социалист демократ гаралтай С.Болдхэтийн SBN, УИХ-ын гишүүн Х.Баттулгын C-1 гэсэн гуравхан телевизийн сэтгүүлчийг шүүх хуралд оруулаад бусдыг нь хаадаг юм. Гадна талд нь хорин хэдэн сэтгүүлч хаврын шороон дотор нүднийх нь ухархайд шороо шигчихсэн гүйж л байна лээ ш дээ. Нэгдүгэээрт ийм юм надад ажиглагдсан.
Хэвлэлийн эрх чөлөө Монголд байхгүй болж, захиалгат хэвлэлүүд толгой дээр гарсан байна. Төрийн ордноос гэж би шуудхан хэлье, шүүх хуралдаанд хэнийг оруулах, хэнийг эс оруулахыг утсаар шийдсэн гэдэг нь надад мэдрэгдэж байна. Жишээ нь, 25 дугаар суваг телевиз, TV-5, Үндэсний телевиз бор царайтай, Л.Болд, С.Болдхэт, Х.Баттулга гурвын телевиз цагаан царайтай юм уу. Цагаан царайтайг нь шүүх хуралд оруул, борыг нь битгий оруул гэсэн шийдвэр гаргасан юм уу. Шүүгч нар “Бид тийм шийдвэр гаргаагүй, Тамгын газар гаргасан” гэх ухааны юм ярьж байна лээ. Эсвэл Тамгын газарт нь улс төрийн хүн аваачаад суулгачихсан юм уу, түүнийг нь ордноос удирдаж байгаа юм уу. Ийм юм ажиглагдлаа. Хэвлэлийн эрх чөлөө баяртай, би олон жилийн өмнө УИХ-ын даргыг өгөхдөө “Монголд чөлөөт хэвлэл байхгүй боллоо шүү, улстөрчид бүх хэвлэл мэдээллийн хэрэгслийг худалдаж авлаа шүү, захиалгат нйитлэл нэвтрүүлэг чөлөөт хэвлэлийн голыг тасалж байна шүү. Энэ байдлаараа явбал энэ улс орон чинь болохоо байлаа” гэдэг юмыг би хэлээд буусан байх аа. Өнөөдөр яг тэр бүрэн хэмжээгээр ажиллаж байна. Хоёрдугаарт, дандаа хүчирхийлэл хэрэглэж энэ асуудлыг шийдвэрлэх гэж оролдож байна.
-Яагаад хүчирхийллээр асуудлыг шийдэх гэж байна гэж та үзээд байгаа юм бэ. Харин өмгөөлөгч нар хэргийг шийдэхэд саад учруулаад байгаа юм биш үү?
-Яагаад гэж үү, мөрдэсийг чинь хуулна гэж цагдаагийн даргыг айлгадаг, хууль ёсны шаардлага тавиад хүлээж авахгүй болохоор нь арга ядаад өмгөөлөх эрхээсээ татгалзаж байгаа өмгөөлөгчийг хорьж байгаад шүүх хурал хийх гэж байна. Би олон удаа хэлж байгаа. Монголын хууль болж байгаа, шүүгч нь болохгүй байна гэж захидал хүртэл бичиж байсан. Ийм шүүх байдаг юм уу, өмгөөлөгчийг шоронд аваачиж хийчихээд хэрэг тасалдаг шүүх дэлхийд байдаг юм уу. Тэр Саддам Хуссейн, Каддафын үед ч ийм хэрэг гараагүй байх шүү. Монголд л анх удаа ийм үйлдэл гарлаа. О.Алтангэрэл гэдэг өмгөөлөгчийг хорьсон гэж би дуулсан. Энэ хэргийн үнэн мөнийг олох гэж шүүх, хууль хяналтын байгууллагынхны болохгүй, бүтэхгүй байгаа юмны төлөө хүчирхийлж байгаа үйлдлийг ил цагаанаар нь байгаагаар нь хэлж ярьсан өмгөөлөгч тэр гэж надад ойлгогдсон. Амыг нь хаах гэж байна. Одоо нэртэйгээр нь энэ хурлаа шүүх өмгөөлөгчгүй хийх хэрэгтэй. Шүүгдэгчгүй хийх хэрэгтэй. Урьдчилаад гаргачихсан шийдвэрээ одоо зүгээр уншаад суулгах хэрэгтэй. Яах юм, өмгөөлөгчийг нь барьж авч шоронд суулгачихаад шүүх хурал хийгээд байдаг юм бол өмгөөлөгч гэдэг юм байж яах юм.
-Гэхдээ нийслэлийн шүүхийн ерөнхий шүүгч “Нэр бүхий цагдаагийн албан хаагч нарт холбогдох хэрэгт ажилласан өмгөөлөгч нар үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг тууштай хамгаалж, хэргийн бодит үнэнийг тогтооход шүүхэд туслахын оронд шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж эхлэх явдалд янз бүрийн хэлбэрээр саад учруулж, шүүгдэгч нарын болон олон нийтийн эрх ашгийг хохироож байна” гэж хэлсэн шүү дээ?
-Өмгөөлөгч Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцдог зургаан субьектээс хамгийн хүчин мөхөстдөг субьект нь байдаг. Тодруулъя л даа, нэг талд нь өмгөөлөгч шүүгдэгч гэсэн субьект. Шүүгдэгчийг нь шоронд хийчихсэн, өмгөөлөгч нь эрх мэдэл байхгүй шахуу. Техник хэрэгсэл, ажиллах нөхцөл боломжийнх нь талаас ярьж байна шүү. Нөгөө талд нь төр байна. Төрд юу ордог вэ гэхээр хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, прокурор, шүүх, цагдаа, ял эдлүүлдэг хорих газар нь ордог. Ийм эрхийн тэгш бус байдал дээр байцаан шийтгэх ажиллагаа явагддаг. Тэгээд шүүгдэгчийн төлөөнөөс үгээ хэлж байх ёстой субьектийг нь аваачиж хорьчихоод энэ шүүх яаж асуудал шийдэх гэж байгаа юм бэ. Би удаан хугацаанд энэ бусармаг явдлыг тэвчлээ, одоо бол чадахгүй. Яг хэлэх ёстой үгээ хэлж байгаад хоригддог газар луу явна. Үнэн үг хэлснийх нь төлөө хорьдог юм бол тэр хорьдог газар луу нь явна.
-Та “Цагдаагийн удирдлагуудыг цэргийн гэмт хэргийн зүйл ангиар яллаж болохгүй” гэж Улсын прокурорт бичиг хүргүүлсэн ч “Боломжгүй, хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа” гэдгээ Улсын ерөнхий прокурор мэдэгдсэн. Та хуулийг өөрийнхөөрөө тайлбарлаад байх шиг?
-Улсын ерөнхий прокурор эдгээр хүмүүсийг цэргийн гэмт хэргийн субьект биш байхад нь цэргийнх болгож хүчээр ял тулгаж байгаа. Дотоодын цэргийн командлагч цагдаагийн дарга мөн үү гэвэл мөн. Гэтэл дотоодын цэргийн бие бүрэлдэхүүн долдугаар сарын 1-нд 24.00 цагт Ерөнхийлөгчийн гаргасан зарлигийг хэрэгжүүлэх ажиллагаанд оролцоогүй. Ерөөсөө 21.00 цаг хүртэл аахар шаахар үүрэг гүйцэтгэж байгаад Цагдаагийн ерөнхий газрын хажууд, Дотоодын цэргийнхний дэргэд очиж зогссон байдаг. Тэр дотоодын цэргийн хүмүүсийг Ерөнхийлөгчийн зарлиг гарсны дараа албадан тараах ажиллагаанд оролцуулаагүй. Дотоодын цэргийн хоёрхон анги байдаг, Монголд. Дотоодын цэрэг цагдаагаасаа тусдаа хуультай, тусдаа хувцастай, хугацаат цэргийн албан хаагч авч үүрэг гүйцэтгүүлдэг. Тэд албадан тараах ажиллагаанд оролцоогүй байхад яахлаараа цагдаагийн удпирдлагыг цэргийн гэмт хэргийн субьект болгож түлхээд байгаа юм бэ. 1961, 1987 оны Эрүүгийн хууль гэж хоёр хууль байсан. Нийгмийг аюулаас хамгаалах яамны офицер албан хаагч энэ бүлэгт заасан гэмт хэрэг үйлдсэн бол цэргийн гэмт хэргийн бүлгээр шийтгэнэ гэсэн заалтыг прокурорынхонд өгсөн. Энэ хоёр заалт нь энэ байж байна. 2002 оны Эрүүгийн хууль гэж бий, тэр хуулийн 174 дүгээр зүйлийн 3 дах хэсэгт цагдаагийн байгууллагын хэрэг бүртгэх мөрдөн байцаагч, гал түймэртэй тэмцэх байгууллагын албан хаагч, тагнуулын байгууллагын албан хаагч, хорих байгууллагын албан хаагч энэ бүлэгт заасан гэмт хэрэг үйлдвэл энэ хуулиар шийтгэгдэнэ гэсэн заалт 2002 оны Эрүүгийн хуульд байсан. 1961 оноос хойш мөрдсөн гурван хуулийн заалт байж байгаа. Дотоодын цэрэг албадан тараах ажиллагаанд оролцоогүй гэдэг нь тэд л буу хэрэглээгүй, зэвсэг хэрэглээгүй оролцоогүй гэсэн үг. Ийм байхад цагдаагийн удирдлагыг дотоодын цэргийн зүйл ангитай холбогдуулж ял руу түлхэх ямар ч бололцоо байхгүй. 2008 оны хоёрдугаар сарын 1-нд энэ хууль хүчинтэй болсон. Энэнээс хойшхи хугацаанд цагдаагийн албан хаагчид энгийн албан тушаалын гэмт хэргийн субьект болсон. Мөн 262-оос хойш дөрвөн зүйл байдаг. Энэ 274 өөс хойш дахиад дөрвөн зүйл байдаг, албан тушаалаа урвуулах, хэтрүүлэх, хайнга хандах гэж. Ердөө л ийм гурван дөрвөн зүйлээр албан тушаалтнуудыг шийтгэдэг. Энгийн албан тушаалын гэмт хэрэг нь Ерөнхийлөгчийн өөрийнх нь санаачилсан Өршөөлийн хуулиар өршөөгдсөн, таван жил хүртэлх хугацааны ялтай гэмт хэргийн ялаар шйитгүүлсэн бол ялыг нь хүчингүй болгосон. Дээр нь хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааг нь хэрэгсэхгүй болгосон, тэр хуулиар. Дээрээс нь өмгөөлөгч нарыг барьж хориод дээрээс нь хэвлэлийнхнийг ялгаварлаж нэг намын харьяалалтай хэвлэлийг хурал руу оруулсан явдал нь энэ хэрэг улстөрийн захиалгатай, шүүн таслах ажиллагаа улстөрийн захиалгатайгаар явагдаж байна гэдгийн хамгийн том баримт энэ. Одоо энэ үнэнийг ард түмэнд хэлэх цаг болсон. Хэнбугай ч байсан ийм юм хийх юм бол би цаашдаа чадал хүрэх үгээ хэлж байгаад дуусна. Үнэн үг хэлсний төлөө, хууль ярьсны төлөө хүн аваачиж шоронд суулгадаг ёс Монголд тогтож байгаа юм бол намайг аваачиж суулгаг.
-Тэгэхээр долдугаар сарын 1-ний хэргийг өнгөц шалгаж байна гэж та хэлэх гээд байна уу?
-Тийм ээ, дутуу шалгаж байгаа. Долдугаар сарын 1-ний хэрэг хоёр талтай. Нэг талд нь хэрэг өдүүлсэн, галдан шатаасан хүмүүсийн асуудал байдаг, үүнийг ерөөсөө шалгадаггүй. Энэ долдугаар сарын 1-ний хэрэг чинь Монголд гарсан анхны терроризмын хэрэг. Зургадугаар сарын 29-нд байшинг газартай нь тэгшилнэ гэж амалсан, долдугаар сарын нэгэнд “Драгон”- тэндээс бөөн хүн авчраад галдан шатаасан, газрын хөрстэй тэгшилсэн. Дотор нь нэг хүн нас барсан, Орост, Америкт, Францад ийм явдлыг дандаа терроризмын хэргээр шийдэж байгаа. Монголд яагаад терроризмын хэргийг шалгахгүй байгаа юм. Яагаад терроризмын үйл ажиллагаанд оролцсон хүнийг Ардчилсан нам гишүүнээр элсүүлж байгаа юм, үүнийг юу гэж үзэх юм улстөрийн хувьд. Би тухайн үед хэлж байсан, Ардчилсан нам гэмт этгээдүүдийн хоргодох байр болж хувирлаа шүү. Ийм юм байж таарахгүй гэж.. .Яагаад энэ хүмүүсийн асуудлыг авч үзэхгүй, энэ хэдэн цагдаа нартай оролдоод байгаа юм. Хохирогч нарын ар гэрийнхэн гуйгаад байна ш дээ. Хэн буудсаныг, ямар буугаар буудсаныг ямар сумаар буудсаныг тогтоогоод өгөөч ээ, эзнийг нь олоод өгөөч ээ гэж гуйгаад байхад яагаад хүчээр хэргийг шийдэх гээд байгаа юм. Яагаад хүн буудсан хүнийг тогтоохгүй байгаа юм, энэний хариуцлагыг хэн хүлээх юм. Би ноцтой юм ярьж байна шүү, энэ Монгол орон улс төрийн гяндан болох ёсгүй юм шүү, улс төрийн захиалгатайгаар хэрэг маргааныг шалгаж шийдвэрлэх ёсгүй юм шүү. Социализмын үед ийм балмад юм үзээгүй. Социализмын үед энд хэрэг авчирч танилцуулдаг юм үзээгүй. Өнөөдөр ардчилал гэдэг нийгмийн үед Төрийн ордны танхимд гишүүд хоёр гурван удаагийн шүүх хурал хийсэн. Тухайн үед нь би УИХ, бүлгийн удирдлагуудад хэлсэн. “Та нар хэрэг бүртгэх мөрдөн байцаах байгууллага шалгаж байгаа ажилд хөндлөнгөөс оролцож хэргийн нууцыг задруулж шүүх хурал хийж байна шүү. Энэ шүүх хурлаа таслан зогсоо гэж.. .Өнөөдөр энд ч хонгио барьж давхисан, тэнд ч хонгио барьж давхисан баахан УИХ-ын гишүүдтэй боллоо. Хаанахын юу хонгио хэнээс олж ирээд юу болгоод байгаа юм. Тэр хонгио авчирч өгсөн хүн өнөөдөр Авлигатай тэмцэх газарт жолоочоор орчихсон байна, энэ юу вэ. Ийм юмнууд явагдаж байна, Монголд. Хэлмэгдүүлэлтийн үүд хаалга нээгдлээ шүү. Өнөөдөр шинэ цагийн Монгол төрийн хэлмэгдүүлэлт энэ хэргээр эхэллээ. Терроризмыг нь шалгахгүй байна, төрийн Ерөнхийлөгчийн зарлигаар үүрэг гүйцэтгэсэн цагдаа нарыг яллахын тулд чадлынхаа хэрээр зүтгэж байна. Шүүх хуралд өөрийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг далдуур зохион байгуулж оруулж байна. Ингэж хоёр сая ард түмнийг талцуулж өнчрөл хагацалд оруулах алхмыг нээлээ. Би удаан тэвчлээ, энэ муухай эмгэнэлт жүжгийг харж.
-Терроризмын хэргээр ял оноох ёстой гэлээ. Гэхдээ энэ хэрэг сонгуулийн үр дүнгээс хамаарч бий болсон нийгмийн бухимдал байсан. Хүчний байгууллагынхны хувьд бэлтгэлгүй байснаас нийгмийг хамарсан эмх замбараагүй байдлыг зогсоож чадаагүй биш үү?
-Долдугаар сарын 1-ний хэргийг бүтэн өдөр харсан ш дээ, хэн юу гэж хэлж байсныг тухайн үед нь. Зургадугаар сарын 29-нд долдугаар сарын 1-нд хийх ажлынхаа бэлтгэлийг базааж авсан. Долдугаар сарын 1-нд галдан шатаасан. Зургадугаар сарын 29-нд Сонгинохайрхан дүүрэг дээр хууль бус жагсаал цуглаан болж тэрэн дээр “Маргааш МАХН- ын байрыг газартай тэгшилнэ гэж амлаад гарсан ш дээ. Тэр үгийг хэлсэн хүн “Драгон” төвийн тэндээс хүн цуглуулж ирээд намын байрны өмнө жагсаал цуглаан хийгээд галдан шатаагаад дараа нь өөрөө зугатсан шүү дээ. Төв шуудангийн урд талд хууль бус жагсаал зохион байгуулаад замын хөдөлгөөнийг хаасан, Долдугаар сарын 1-нд 11.00 цагт Ардчилсан намын байран дээр хэвлэлийн хурал хийгээд түүнийг шууд залгаад жагсаал цуглаан хийсэн нь үнэн ш дээ. Үүнийг худлаа гэж хэлэх үү. Портероор чулуу ачиж ирээд байшингийн цонхуудыг хага цохиод араас нь шилэнд савласан бензин шатааж шидлээд галдан шатаалтыг эхэлсэн ш дээ. Тэр байранд өчнөөн хүмүүс амьдарч байсан ш дээ, энэ террорзм биш үү. Москвад метро дэлбэлэхээр терроризм болдог, Франц, Англи, Норвегид ийм юм болоход терроризм гэдэг. Монголд болохоор яагаад терроризм биш гээд намдаа элсүүлж аваад байгаа юм. Би дахиад хэлье, долдугаар сарын 1-ний анх өдүүлсэн хэрэг явдал бол терроризмын хэрэг. Терроризмын хэргийг шалгадаг эрхтэй байгууллага нь тагнуул. Тагнуулын байгууллага юу ч хийхгүй байна. Тагнуулын байгууллагын ийм ажиллагаанд хяналт тавьдаг газар нь прокурор. Прокурор яагаад энэ асуудлыг тагнуулын байгууллагаар шалгуулахгүй байна вэ. Наад хэргийг чинь тойрсон шударга биш юмнууд цадигаа алдаж байна. Би байнга энэ асуудлыг тавих болно, аваачаад хоривол хориг, хэрэг үүсгэвэл үүсгэг, цагдвал цагдаг. Би эцсээ хүртэл энэ бусармаг явдалтай тэмцэх болно. Тэвчээр алдагдаж байна, яах гэж өмгөөлөгч хорьж байгаа юм.
-Та хэтэрхий бусдыг дайрч байгаа юм биш үү?
-Би үнэнийг хэлж байна. Монголын хуулийг завхруулж байгаа гол газар шүүх. Цагдаа арай ядан байж хэрэг боогоод өгдөг, прокурор нь хэрэгсэхгүй болгодог. Эсвэл шүүх дээр очоод байхгүй болдог, шүүх Монголыг хуульгүй болгож байна. Дур зоргын шүүхтэй, захиалгын шүүхтэй, хүчирхийллийн шүүхтэй болгож байна. Шүүх үнэний дэнс биш улстөрийн захиалгат хэрэгсэл болж хувирч байна. Энэ шийдвэр анхных биш шүү, улстөрийн захиалгатай хоёр гурван ийм шийдвэр гарсан. Ц.Зоригт гэдэг хүн Дээд шүүхийн ерөнхий шүүгч болсноос хойшхи хугацаанд улс төрийн зорилготой хоёр гурван ийм шийдвэр гарсан. Энэ нь цааш үргэлжлэх юм байна л даа, одоо. Би 30 жил Монголын төрд зүтгэхдээ 20 жилд нь практик ажил хийж явсан хүний хувьд гутамшигтай юм үзээд сууж байна. Амьдралдаа ийм гутамшигтай юм үзээгүй. Цагдаагийн дарга нар чинь хүн биш юм уу, тэдний ар гэрийнхэн хүн биш үү. Нас барсан хүмүүсийн ар гэрийнхэн “Хэн буудсаныг тогтоогоод өгөөч” гэж хэлж байгаа, тэд өнчирсөн хүн биш үү. Эхлээд ямар зэвсгээр тэр дөрвөн хүнийг буудсан бэ гэдгийг тогтоочихоод, дараа нь үнэхээр цагдаа бууджээ гэдэг нь тогтоогдвол дарга нарыг нь аваачаад “Чи ийм асуудалд хариуцлагагүй ханджээ” гэж хэлээд шийтгэх ёстой. Энэ эрэмбэ алдагдсан. Хэн буудсаныг нь бид тогтоож чадаагүй гэж хэлчихээд, цагдаа буудсан гэж хүн шийтгүүлэх гээд зүтгээд байдаг нь ямар учиртай юм.
Яахлаараа зарлиг гараагүй байхад хүн хонгио барьчихаад гүйж явдаг юм, тэр хэний захиалгатай юун хонгио вэ. Өдөр болгон л энэ асуудал яригдаж байна. Үүнд прокурорын байгууллага яагаад хариулт өгөхгүй байгаа юм, мөрдөж байгаа газар нь. Зарлиг гараагүй байдаг, буун дуу гараагүй байсан тэгтэл хүн хонгио өвөртөлчихсөн гүйж явсан, энэнд прокурорын байгууллага үнэн хариугаа хэлэх хэрэгтэй. Хамгийн точвоор хэлэхэд чөлөөт хэвлэл баяртай, шударга шүүх баяртай, хууль баяртай, шударга ёс баяртай, хэлмэгдүүлэлт эхэллээ. Эрх мэдлийн хүчирхийлэл хэрээс хэтэрлээ. Энэ УИХ ын гишүүд хэн юм, бүхнийг мэддэг, бүхнийг шийддэг улс төрийн захиалагч болж хувирч байна ш дээ. Сүүлийн хоёр гурван хэрэг ордонд боловсрогдоод хурал хийгээд, хүн аваачиж шийтгэж байгаа шүү. Ч.Сангарагчаагийн хэрэг ч ялгаа байхгүй шүү. Ордон дотор Ч.Сангарагчаагаар баахан хурал хийсэн, дараа нь тэр ялтан болсон. Үүнийг юу гэж үзэх юм, эд нар өөрсдийгөө мөнхөд УИХ-ын гишүүн байна гэж тооцож байгаа юм уу, юм эргэдэг ш дээ. Өнөөдөр магадгүй хууль бус нотлогдоогүй шахуу хэрэгт татагдаад явж байгаа хүмүүс маргааш өөрөө хэрэгтэн болох хувилбар байгаа ш дээ. Яагаад гэвэл санаатайгаар бусдыг эрүүгийн хариуцлагад татсан бол барьж авч шийтгэнэ шүү гэсэн хуулийн заалт одоо мөрдөж байгаа Эрүүгийн хуульд байгаа.
-Шүүх хурал ахин дахин хойшлогдоод байгаа нь юутай холбоотой гэж үзэж байна вэ?
-Илэрхий хүчирхийлэл явагдаж байгаа учраас ингэж эсэргүүцэж байгаа юм. Нэг ёсондоо арга ядаж байна гэсэн үг. Байхгүй хуулиар хүн шийтгэх гээд байна. Тэр Өршөөлийн хууль гэдэг чинь өршөөлд хамрагдаж байгаа хуулиа байхгүй болгочихдог юм. Тэр хэрэг мөрдөх, мөрдөн байцаах ажиллагааг хэрэгсэхгүй болгох заалтыг тухайн мөчид байхгүй болгодог юм. Би 1981 оноос хойш арав орчим Өршөөлийн хууль хэрэгжүүлэх хуулийг хэрэгжүүлж, хоёрыг нь удирдаж байсан. Би ийм хачин юм хийгээд сууж байгаа шүүгчид, прокуроруудыг хараад ой гутаж байна. Шившиг болж байна ш дээ, эд нар. Мэргэжлийн хувьд хүний боол болж байна. Төрийн хуулийг манаад суух сэтгэлийн тэнхээ эд нарт байхгүй. Улс төрийн захиалгат хөдөлгөөний үзүүрт бамбар болж байгаа шүүгчдийг хараад харамсч байна.