“МАН-ын хувь заяаны асуудал болж хувирлаа”

Хуучирсан мэдээ: 2012.04.02-нд нийтлэгдсэн

“МАН-ын хувь заяаны асуудал болж хувирлаа”

УИХ-ын гишүүн Х.Тэмүү­жин­тэй ярилц­лаа.


-Долдугаар сарын 1-ний асуудлаарх цаг­даа­гийн дарга нарын шүүх хуралдааны үеэр өм­гөөлөгчид нь үйлч­лүү­лэгчээсээ татгалзлаа. Энэ нь хурлыг хойш­луулах гэсэн арга хэл­бэр үү. Та юу гэж бодож байна вэ?

-Нэр томъёоны хувьд зөрүүтэй зүйл яриад байх шиг байгаа юм. Өмгөө­лөгч нар "ажил хаяна" гэдэг нь өөрсдийнхөө өм­гөөлж байгаа, өөрсдөөр нь дамжуулж эрх ашгаа хамгаалж байгаа хүмүүст үйлчлэхгүй гэж хэлж бай­гаа утга. Тийм утгаар асуу­­дал тавигдаж байгаа бол энэ нь Өмгөө­лөгч­дийн холбооных нь ёс зүйн дүрмээр зохицуу­лагдах зүйл. Харил­цагч­дын­хаа эрх ашгийг шүү­хэд төлөөлж, хамгаалах үүрэг бүхий этгээд "төлөө­лөхгүй" гэж хэлэх юм бол харилцагч нь Өмгөө­лөгч­дийн холбоонд гомдол гаргаж, тэдний сахилгын хороогоор асуудлыг ярь­даг. Гэхдээ "ажил хаялт" нэ­рийн дор шүүх хурал­даа­ныг тасалдуулж бай­гаа бол өөр асуудал та­вигдана. Угтаа бол өмгөө­лөгч нь "Би харилцагчаа өмгөөлөхгүй" гэдгээ шүүх хурлын үеэр бус хурал болохоос өмнө хэлэх ёс­той. Гэтэл шүүх хурал дээр хэлж байгаа нь хур­лыг хойшлуулах, тасал­дуу­лах гэж оролдож бай­на гэж харахаас өөр арга­гүй юм. Учир нь шүүх ху­рал тэдний өдөр болно гээд зар гарчихсан үед ху­рал­даанд оролцох ёс­той хүмүүс ямар нэгэн байд­лаар ажлаа зохи­цуулаад ирэх ёстой.  Гэ­тэл тэг­сэн­гүй­гээр үл ба­рам шүүх ху­рал­дааныг хийлгэхгүй гэдэг зорил­гоор ийм арга хэмжээ авч байгаа бол үүнийг ажил хаялт гэхгүй. Ха­рин шүүн таслах үйл ажил­лагааг тасалдуулж байгаа үйл явц гэнэ.

-Нөгөө талаас өм­гөөлөгчдийн ийм ха­риуц­лагагүй үйлдлийг зо­хицуулах эрхзүйн ор­чин нь ямар байдаг юм бэ?

-Ийм асуудлыг шууд хатуу зохицуулсан зохи­цуулалт бий. Шүүн таслах үйл ажиллагааны эсрэг гэмт хэрэг гэдэг Эрүүгийн зохицуулалттай. Шүүн таслах ажиллагааг тасал­дуулж, шүүхийн шийдвэ­рийг үл хүндэтгэж байгаа бол Захиргааны хариуц­лагын тухай хуулиар арга хэмжээ авах нь ч бий. Гэхдээ энэ арга хэм­жээ­ний хүрээнд баривчлах, торгох, эсвэл эрүүгийн гэмт хэрэг гэж үзэх үү гэдэг нь энэ удаагийн хэргийн тухайд дараагийн про­цесс болов уу. Ер нь бол дээр хэлсэн хуулиудын зохицуулалт их болхи гэдэг нь ха­рагддаг. Дан ганц долду­гаар сарын 1-ний хэрэг­тэй холбоотой гарч бай­гаа зүйл биш. Өмнө нь насанд хүрээгүй эмэгтэй хүүхдийн амь насанд бү­лэг хүмүүс халдсан хэрэг гарахад шүүх хурал нь болохгүй хоёр жил шахам болсон. Энэ нь нөгөө л өмгөөлөгчидтэй хол­боо­той асуудлаас үүдэлтэй. Өмгөөлөгч шүүх хурал болох үед л өвчтэй бол­чихдог, ийш тийшээ яв­чих­даг, эсвэл солигд­чих­дог гэх мэт шалтгаанаас болж шүүх хурал хойш­логдож байсан. Гэтэл Үндсэн хуульд зааснаар бол шүүх хурал гэдэг бол зөвхөн шүүгдэгчийн бус маргаж байгаа талуудын асуудал. Шүүх хуралд хохирогчоос гадна ний­тийн эрх ашгийг төлөөлж прокурор оролцдог. Ин­гэж гурван эрх ашиг хол­богдож шударга ёсны үзүүлэлтээрээ аль нь илүү нотлогдож байна вэ гэд­гээрээ л асуудал ший­дэгдэх гэж байгаа боло­хоос бус шүүх хурал ганц­хан шүүгдэгчид зориулаг­даж байдаг зүйл биш юм.

-Өнгөрөгч сард ба­талсан Хуульчийн эрхзүйн байдлын тухай хуульд энэ талаар то­дорхой тусгасан байгаа юу?

-Тийм. Шүүх хурлыг хэвийн тасалдалгүй явуул­даг байхын тулд хариуцлагын систем байх ёстой гэж үзээд ээл­жит бус чуулганаар Хуульчийн эрхзүйн байд­лын тухай хуулийг ба­талсан. Ингэснээр хууль­чид лицензтэй болж, ли­цензийн хүрээнд үйл ажил­лагаагаа явуулна, мөн хариуцлага хүлээ­хээр тусгасан. Тиймээс санаатайгаар шүүх ху­ралдааныг тасалдуулах гэж оролдсон, хууль бус аргаар үйл ажиллагаа явуулсан байх юм бол өмгөөлөгч эсвэл про­ку­рор байхаас үл ха­маарч лицензээ хураал­гадаг системээр явах юм.

Ийм хууль бат­лагд­сан боловч хэрэгжиж эх­лэх хугацаа нь 2014 он. Тийм учраас 2014 он хүр­тэл Монгол Улсад нэг ч шүүх хурал явуулахгүй байж болох жишгийг энэ удаа тогтоочихлоо. Харин 2014 оноос хойш ийм байдлаар үйл ажиллагаа явуулсан хүн хуульчийн­хаа лицензийг хураал­гаж, хуульч нэрийг ашиг­лах эрхгүй болно. Хэрэв хуульч нэрийг ашиглах гэж оролдвол Эрүүгийн хариуцлагад татагддаг ийм шинэ систем рүү орох юм. Тиймээс хууль хэрэгжихээс өмнө л ийм бантан зуурч орхилоо.

-Тэгвэл энэ бан­тангийн эзэд хэн бэ?

-Уг нь бол хуульчийн мэргэж­лийн үйл ажил­лагаа гэдэг нь улстөрч шиг хэвлэл мэдээллийн хэрэгслээр явдаг зүйл биш. Нотлох баримтаар хууль зүйн үндэслэлээ бэх­жүүлж байгаад хурал­даан дээр нотлох барим­таа гаргаж, үндэс­лэ­лээ ярьж маргадаг зүйл. Хэ­рэв тухайн шүүх хурлаас алдаа гарах юм бол да­раагийн давж заалдах шатны шүүхэд ханддаг. Ийм л професс. Хуульчид мэргэжлийн үйл ажиллагаагаа ингэж улстөрчид шиг хийгээд ирэхээр шүүхийн шүүн таслах үйл ажиллагааны нэр хүнд парламент шиг л унадаг гэдэг үг бий.

Манай нийгмийн хувьд ийм улс төрийн өнгө аястай, тэдэн шиг ажлаа хийдэг хуульчид бий болж байгаа нь шинээр гарч ирж байгаа зүйл биш л дээ. Өмнө байсаар байсан. Харин одоо бүр ил цагаан­даа гарчихаж. Шүүхийн үйл ажил­лагааг тасалдуулахын тулд маш их мөнгө, хэвлэл мэдээллийн сүлжээ­гээ ашиглан улс төрд хийдэг пиар шиг аргаа ашиглаад байгаа бүлэг этгээдүүд байна.

Үндсэндээ энэ бол цагдаагийн хэдэн дарга нарын хариуцлага алдсан асуудал биш болоод хувир­чихлаа. Энэ бол МАН гэдэг намын хувь заяаны асуудал мэт  бол­чих­лоо. Сүүлийн үед МАН-ынхан хууль бусаар олсон тэр их мөнгө, хэвлэл мэдээлэл, танил тал, албан тушаалын хүрээгээ ашиглан цаг­даа­гийн хариуцлага алдсан энэ хэдэн албан тушаалтныг хамгаа­лах, өмгөөлөх гэж л оролдох болжээ. Гэхдээ энэ үйл явц нь хуулийн хүрээнд бус Монгол Улсад шүүх хурал, шүүх засаглал байгаа эсэхийг нь хэмжих хүртэл хүрээнд явагдаж байна.

-Та дээрх яриагаа­раа Ц.Нямдорж сайдад үг дайх гээд байна аа даа. Ц.Нямдорж сайд өнгөрөгч долоо хоногт хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Хэн дуртай ги­шүүн нь сумны хонгио барьдаг болж" гэж байсан?

-Энэ долоо хоногт хэвлэл мэ­дээллийн хэрэгслээр тодорхой мэдэглэл хийх бодолтой байна. Яагаад гэвэл Ц.Нямдорж сайдын сүүлийн хоёр гурван удаагийн ярилцлагыг нь харлаа, үзлээ. Болсон үйл явдлаас тэс өөр зүйлүү­дийг яриад эхлэхээр би маш их гайхаж байна. Улстөрч хүн ийм богино санах ойтой байж болохгүй. Би бүх баримтуудыг дахин гаргаж тавьдаг юм уу гэж бодож байгаа. Долдугаар сарын 1-ний дараа Хүний эрхийн дэд хороон дээр ажлын хэсэг байгуулагдаж, мэдээ­лэл цуглуулж эхэлсэн. Тухайн үед манай дэд хорооноос "шүүх хуу­лийн байгууллага хуулиа барил­гүйгээр хүмүүсийг улс төрийн үн­дэс­лэлээр хоморголон ял оноо­гоод эхэллээ, Дээд шүүхийн шүүгч нь "Манай намын байрыг шатаа­сан" гэж ил цагаан яриад сууж байна, прокурор Алтанхуяг гэдэг хүн нь дээрээс үүрэг даалгавар өгч "хорьж байгаад яллаад явуул" гээд 270 залууг бүгдийг цагдан хорилоо. Өмгөөлөгч авах эрх нь хязгаар­лагд­чихлаа, шүүх бүгдийг хаалт­тайгаар яллаад эхэллээ" гэсэн дүгнэлтийг хийж байхад хэн ч юу ч ярихгүй байсан. Тэгсэн мөртлөө өнөөдөр цагдаагийн дөрвөн албан тушаалтан дээр болохоор ямар их сандарч, ач холбогдол өгч байна вэ.

-Та яг ямар баримтуудыг дэлгэх юм бэ?

-Яг гурван жилийн өмнө миний ярьж байсан бүх зүйлийг шударга ёсны цоо шинэ баг өмсчихсөн сайд нь яриад сууж байгааг би ойлгохгүй байна. Ц.Нямдорж "Х.Тэмүүжин УИХ дээр бараг шүүх хурал хийсэн" ухааны юм ярьж байна лээ. Алтанхуяг ерөнхий прокуророосоо бичиг авчруулаад, Ц.Нямдорж намайг бүр "гөлөг" гэж хэлж байгаад галт зэвсэгтэй холбоотой сонсголыг яагаад хийлгэхгүй болгосон тухайг нь одоо сануулж хэлэхээс өөр аргагүй юм байна. Ц.Нямдорж гэдэг хүн өөрөө тэр үед юу ярьж байсан, юу зохион байгуулж, ямар үйл ажиллагааг тасалдуулсан, одоо тэдний намынхан ямар байр суурьтайгаар УИХ-д ажлын хэсэг байгуулчихаад сууж байгааг сануулж, бичиг баримттай, он сартай нь хэвлэлийнхэнд хэлье гэж бодож байгаа.

Ц.Нямдорж оо, ярьсан үгээ миний гаргаж тавих баримтуудтай харьцуулаад үзээрэй. Хэн юу гэж худлаа хэлээд байгааг чинь сайн хэлээд өгье.

-Тэгвэл өмнө нь дэлгэж бай­сан баримтуудаас шинэ зүйлийг дэлгэнэ гэсэн үг үү? 

-Шинэ баримт гэхээсээ илүү­тэйгээр явсан процессуудын ба­римтуудыг дэлгэнэ. УИХ дээр яг юу болсон, хэн юу гэж хэлж байсан. Ц.Нямдоржийн хэлээд байгаа шүүх хурал гэгч нь яагаад болоогүй тухай, түүнийг болгуулахгүйн тулд тэр юу хийчихээд өнөөдөр Х.Тэмүү­жин УИХ дээр шүүх хурал хийсэн гэсэн зүйл яриад байгаа нь би бүр тодорхой хэлээд яриад, үзүүлээд өгнө.

-Тэгвэл мэдэгдэл дан ганц Ц.Нямдорж сайдад чиглэгдэх нь ээ?

-УИХ дээр нээлттэй сонсголыг албан ёсоор хийе гэхэд хийлгэхгүй гээд эсэргүүцэж байсан Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин, Ц.Мөнх-Оргил нарын талаар ч ярих болно. Тэд тухайн үед УИХ-ын хийх ёстой зүйлийг хийлгэхгүй байсан мөрт­лөө өнөөдөр мөн шүүх дээр явах ёстой үйл ажиллагааг явуулахгүй байгаа нь энэ хүмүүсийн ямар увайгүй, баг зүүсэн арчаагүй амь­тад вэ гэдгийг нь харуулж байгаа юм. Тэдний ингэж ухаан алдан алдан гүйгээд байгаа үйлдлүүдийн цаана ард түмэн, шударга шүүх, хуулиас нуух маш том "но" байна гэдгийг л харуулаад байгаа юм шүү дээ.

-Хурандаа нар шүүх хурлын үйл ажиллагааг өмгөөлөгч­дөө­рөө дамжуулан ийн тасалдуулж байгаа нь цаанаа ямар учиртай гэж та бодож байна вэ?

-Мэдээж цаг хугацаа хожих гэсэн оролдлого. Хурандаа нарын энэ явуулж байгаа үйл ажиллагаа нь эцсийн логик дээрээ "бидэнд бол ямар ч хамаагүй, буу аваад, эргүүл хийгээд явж байсан тэр хэдэн цагдаа нар буудчихсан юм байна лээ" гэж хэлэх нь л дээ. Яг үнэн хэрэгтээ хурандаа нарын хэргийг Өршөөлийн тухай хуулиар зохицуулаад дуусгасан ч цаана нь өршөөгдөхгүй үлдэх нь нөгөө "цагдаа хүн буудсан" хэрэг нь үлдэж байгаа юм. Энэ бол албан тушаалтнуудын арчаагүй, өөрс­дийнхөө арьсыг хамгаалж, жирийн цагдааг "гэмт хэрэгтэн" болгож золиослохын том жишээ болно. Тийм учраас дайралтад өртөж, толгойгоо хагалуулаад үлдсэн хэдэн цагдаа нарын буруу болоод дуусч болохгүй юм.

Дөрвөн хүнийг цагдаа буудаж амь насыг хохироосон. Гэхдээ хэн нэгэн хүний заавар, тушаалаар буудсан юм шүү. Тэгэхээр энэ нь тушаал гүйцэтгэсэн цагдаа нарын буруу биш.  Харин тэр тушаалыг хэн өгсөн бэ гээд тодруулах гэхээр шүүх хурлыг хийлгэхгүй, "бид өр­шөөлд хамрагдсан" гээд зугтаагаад байна гэдэг нь эцсийн дүндээ жирийн цагдаа нарыг хэрэгт түл­хэж, тэдний хохь болгоод үлдээх гэсэн санаа. Байдал ийм байж болохгүй. Энэ бол албан тушаал­тан, тэдэнтэй холбоотой тодорхой хэмжээний улстөрчдийн асуудал.

Яг үнэндээ энэ шүүх хурал чинь бодит үнэнийг л тогтоох гэж орол­дож байгаа болохоос бус хурандаа нарыг түрүүлээд яллах гээд байгаа хэрэг огт биш. Тиймээс хурандаа нар ч гэсэн гэм буруугүй, бид ту­шаал л гүйцэтгэсэн гэдгээ шүүх хуралдаан дээр хэлчихвэл өөрс­дөө, дор байгаа цагдаа нар ч гэм буруугүй болно. Хэрэв үүнийгээ хэлчихвэл нөгөө Онц штабыг хэн ахалж байсан түүнээс цааших асуудал яригдах юм шүү дээ. Ингэж хэлээд байхад энэ хэдэн муйхар нөхдүүд "тэр хэдэн цагдаа нар л өөрсдөө буудсан" гэдэг арчаагүй үгийг хэлээд байх юм.

Дараагийн нэг зүйл бол цаана нь байгаа улстөрчдийн арчаагүй байдал харагдаж байгаа юм.

-Цагдаагийн дарга нарыг хам­гаалаад байгаа хүмүүсийг хэ­лээд байна уу?

-Өнөөдөр болж байгаа зүйлийг урьдчилан хараад төр уучлалт гуйчихъя, тэгвэл цагдаа нарыг буруутгах биш хариуцлагыг төр өөр рүүгээ шилжүүлж авна гэдэг үүднээс УИХ-д тогтоолын төсөл оруулж байсныг санаж байгаа байх. Тухайн үед МАН-ынхан "Яа­гаад төр хариуцлага хүлээдэг юм. Буудсан хүмүүс нь хариуцлагаа хүлээдэг юм байгаа биз. Бидэнд ямар хамаатай юм" гээд тогтоолын төслийг унагасан хүмүүс нь нэр устайгаа байж байна шүү дээ. Одоо энэ асуудлыг бид ярих ёстой.

Хариуцлагыг төр авъя, буудсан гэдгээр цагдаагаа буруутгаад байх биш албан тушаалтнууддаа ууч­лалаа үзүүлээд явъя гэхэд МАН-ынхан үгүй гэсэн. Гэтэл одоо шүүх хурал болж, хариуцлагын тухай яриад эхлэхээр шүүх хурлыг явуу­лахгүй гээд зогсч байгаа энэ Ц.Нямдорж гэдэг хүнийг юу гэж ойлгох вэ. Тухайн үед төслийг сайд Д.Зоригт, Э.Мөнх-Очир нар үгсэн унагасан. Тэр ч бүү хэл бүх үйл ажиллагааг Ц.Мөнх-Оргил зогсоох гэж оролдсон. Энэ хүмүүсийн үнэн нүүр царайг задлах ёстой. Тэд санах ой богинотой байж болно. Та нараас хавигүй урт санах ойтой хүмүүс бий. Бас баримтууд нь ч бий. Одоо эдгээрийг ил болгоод л ярихаас өөр арга алга.

-Тэгвэл өмгөөлөгч нар ч гэсэн өөрсдийгөө золиос гэдгээ ойл­гохгүй байгаа юм байна. Тийм үү?

-Өмгөөлөгч нар хоёр янз байх шиг байна. Би хувьдаа юу гэж ойлгосон бэ гэхээр яаж ийгээд шүүх хурал битгий хийлгээрэй гээд үүрэг даалгавар цаанаас нь өгчихсөн байна. Нөгөө талаас өмгөөлөгч нар үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцэнэ гэдэг ойлголтоор асуудалд хандаад байх шиг байна. Олон нотлох баримтаар асуудал шийдэгдээд шүүх хурлаар бүх зүйл тодорхой болох учраас өмнө нь аль болох худлаа мэт яриад байх нь үр дүнгүй юм байна гэж үзээд энэ хэргээс эртхэн холдох нь зөв юм байна гэсэн үүднээс ийм сон­голтыг хийсэн ч байж болно шүү дээ.

Т.ГЭРЭЛМАА

Зохиогчийн эрх: "Өдрийн сонин"

Эх сурвалж: http://www.dailynews.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж