Дээд хэмжээний уулзалтын үеэр Олон улсын валютын сангийн бодлогыг шинэчлэх, Дэлхийн банкны ерөнхийлөгчийн сонгон шалгаруулалтыг хэрхэн явуулах болон Сирийн хямралаас эхлээд дэлхий дахиныг хамарсан олон асуудлыг хөнджээ. Гэхдээ ерөнхийдөө БРИКС-ийн орнуудын хүч нөлөө ихэсч байгааг нотлохыг хичээж байв.
Одоогийн байдлаар АНУ, Европын орнууд Сирийн эсрэг хориг арга хэмжээ авахыг хичээж байгаа. Гэхдээ Арабын холбоо болон БРИКС-ийн орнууд үүнийг дэмжихгүй байгаагаас болж НҮБ-ын энхийг сахиулагчид тус улс руу нэвтэрч чадаагүй хэвээр байна. Энэ тухай "New York Times" сонинд "БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Сирийг хамгаалсан улс төрийн хоригоо улам чангатгах төлөвтэй байна" хэмээн онцолжээ. Харин "Hindu" сонинд "БРИКС-ийн орнууд АНУ, Европын эсрэг зогсох гол төв нь болж байна" гэж мэдээлсэн байна.
Уулзалтын үеэр БРИКС болон бусад хөгжингүй орнуудаас санхүүжилтийг нь гарган Хөгжлийн банк байгуулахаар болов. Гэхдээ энэ талаар ирэх зун болох дээд хэмжээний уулзалтын үеэр дэлгэрэнгүй мэдээлэх юм.
Энэтхэгийн Ерөнхий сайд М.Сингх "Дэлхийн эдийн засаг хямарч байгаа энэ үед тэнцвэрт байдлыг хангаж буй орнууд бол БРИКС" гэдгийг онцлов. Үүнээс улбаалаад Олон улсын валютын сан, Дэлхийн банкны удирдлагын бүтцэд хөгжиж буй орнуудын төлөөллийг оруулахыг шаардаж эхэллээ.
БРИКС-ийн орнуудын эдийн засаг хурдацтай тэлж байгаа. Үүнтэй зэрэгцээд тэд үнийн хөөрөгдөл, инфляциас болгоомжилж, эдийн засгийн өсөлтөө сааруулахыг хичээх болсон юм. Тухайлбал, Бразилийн эрх баригчид энэ онд дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөө 2.7 хувь болгож бууруулахаар төлөвлөж байгаа.
Харин хөгжингүй орнуудынхтай харьцуулахад Оросын эдийн засаг хямралын дараа хурдацтай сэргэж байна. Энэ тухай Дэлхийн банкны тайлан мэдээ харуулсан юм. Энэтхэгийн хувьд нөхцөл байдал арай өөр. Тус улсын Засгийн газар нүүрс олборлогчидтой хийсэн гэрээнээсээ 211 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн мэдээлэл саяхан цацагдсан. Түүнчлэн сүүлийн үед төсвийн алдагдал нь ихэсч, инфляци нэмэгдэж, үүнээс болж иргэдийнх нь эсэргүүцэл туйлдаа хүрч байна. Хятадын эрх баригчдын хувьд эдийн засгаа хөргөх бодлогыг тууштай баримтлах болсон.
Саяхан болж өнгөрсөн парламентын хуралдааныхаа үеэр энэ онд дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг 7.5 хувь болгон бууруулахаар төлөвлөж байгаагаа Вэнь Зябао мэдэгдсэн юм. Хэрэв тэрбээр хэлсэндээ хүрч чадвал Хятадын эдийн засаг 1990 оноос хойшхи хамгийн бага өсөлттэй гарна гэсэн үг. Түүнээс гадна сүүлийн үед Хятадын улс төр тогтворгүй болж байгаа тухай мэдээлэл их гарч байна. Энэ нь хэтдээ эдийн засагт нь ч нөлөөлж мэдэх юм. Ямартай ч "Голдман Сакс"-ын шинжээчид БРИКС-ийн орнуудыг Их наймын энд хүрэхүйц хүчирхэг нэгдэл байгууллаа хэмээн дүгнэж байсан нь бий.
Хүйтэн дайны үед дэлхий хоёр туйлд хуваагдаад байсан. Энэ нь барууны орнууд болон хойд Америкийн эдийн засагт хөгжих боломжийг олгож байв. Харин одоогийн БРИКС-ийн орнууд тийм байсангүй.
Өнгөрсөн онд олон улсад валютын дайн дэгдлээ хэмээн нэлээд шуугисан. Бразил, Хятадын эрх баригчид мөнгөн тэмдэгтийнхээ ханшийг хүчээр сулруулах замаар экспортын бүтээгдэхүүнийхээ өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж байв.
Оросын эдийн засгийн хувьд түүхий эд, тэр дундаа газрын тосны салбараас хэт хамааралтай байдаг. Хэрэв газрын тосны үнэ буурвал Оросын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт ч буурна. Тиймээс ийнхүү нэг салбараас хэт хараат байгаа нь аюултай юм. Гэхдээ шинжээчид БРИКС-ийн орнуудыг нэгтгэх улс төрийн гол хүчин нь Орос гэж дүгнэдэг.
Энэтхэгийн дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт долоон хувьтай байгаа. Гэхдээ авлига газар авч, гадны хөрөнгө оруулалтыг өөртөө татахаа больсон зэрэг нь зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд бүрэн шилжиж чадаагүйг нотолж байна. Тиймээс БРИКС-ийн орнуудад өөрсдөд нь бэрхшээл мундахгүй их байгаа юм.
БРИК гэх нэр томъёог анх 2001 онд "Голдман Сакс"-ын шинжээч Жим О Нил гаргаж ирсэн. Тухайн үед тэрбээр "БРИК"-ийн орнуудад багтах Бразил, ОХУ, Энэтхэг, Хятад улс 2050 он гэхэд дэлхийн хамгийн баян гүрнүүд болно хэмээн онцолж байсан юм.
Үнэхээр ч дэлхийн санхүү, эдийн засгийн хямралын үед эдгээр орны эдийн засгийн өсөлт хурдасч, өнөөх эдийн засгийн гигантууд болох АНУ, Япон тэргүүтний араас гүйцэж түрүүлэхээр нэхэх болсон. Харин өнгөрсөн жилээс эхлэн энэхүү нэгдэлд Өмнөд Африк улс багтсан юм.