Хятад 250 ам.доллараар орон сууц барих санал тавьжээ

Хуучирсан мэдээ: 2012.04.02-нд нийтлэгдсэн

Хятад 250 ам.доллараар орон сууц барих санал тавьжээ

БНХАУ м.кв нь 250 ам.доллараар орон сууц барьж өгөх саналыг ОХУ-д тавьжээ

Засгийн газраас 100 000 айлын орон сууц хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсний дараа үнэ ханш нь огцом нэмэгдсэн билээ. Барилгын компаниуд үүнийг эрэлттэй холбоотой гэж тайлбарлаж байгаа юм. Хөтөлбөр хэрэгжиж хараахан эхлээгүй, бэлтгэл хангах ажил явагдаж байгаа энэ үед холбогдох байгууллагууд нь анхаараасай хэмээн мэдээлэл цуглууллаа.

"100 000" бодит тоо юу

Манай улсын хувьд орон сууцны эрэлт хэрэгцээ маш их байгаа. 100 000 айл хөтөлбөр бүрэн хэрэгжлээ ч энэ эрэлтийг хангаж дийлэхгүй. Байр орон сууцны 2010 оны нэгдсэн тооллогоор Монгол Улсад 713.8 мянган өрх тоологдсон. Монгол Улсын нийгмийн давхраажилтыг хоёр жилийн өмнө тодорхойлоход гурван хувь нь дээд, 35 хувь нь дунд, үлдсэн 62 хувь нь доод түвшинд хамаарч байгаа гэсэн судалгаа гарсан байна.

Эндээс 280 орчим мянган өрх дунд, болон дээд түвшний амьдралтай гэсэн тооцоог хялбархан хийж болно. 2010 онд хийсэн тооллогоор, 152.3 мянган өрх орон сууцанд 3.6 мянган өрх хувийн тохилог орон сууцанд амьдардаг гэсэн байна. Ингэж бодохоор доод давхаргыг нь хаяад тооцоход Монголд 124 000 орон сууцны хэрэгцээ байна. 40 000, 50 000-тын барилгуудыг нураах ёстой гэсэн УМХГ-ын дүгнэлт байдгийг бодолцвол энэ тоо бүр ч ихэсэнэ. Гэвч худалдан авах чадварыг нь тооцох юм бол огт өөр тоо гарна.

Дунд гэж тодорхойлогдсон өрхийнх нь сарын орлого 496 мянган төгрөг. Харин Засгийн газраас тавьж байгаа болзол нь 700 000 төгрөг. Чухам тийм учраас л "100 000 айлын орон сууц" хөтөлбөрийн болзол нь хэтэрхий хатуу байна гэсэн яриа гарахад хүргэж байгаа юм. Хэрэгцээ их байгаа ч худалдан авах чадвар байхгүй учраас "Байр" залуусын мөрөөдөл болж, зарим нэг ухвар мөчид охид хайр сэтгэлээ ч солих явдал гарах болсон нь нууц биш юм.

Монгол Улс яг одоогийнхоо шалгуураар орон сууцжуулах бодлого явуулбал, орон сууц худалдаж авах боломжтой өрхийн тоо буурч, жил хүрэхгүй хугацааны дараа болзлоо эргэн харахаас өөр аргагүй байдалд хүрнэ.
 
Орон сууцжуулах асуудлаа бүрэн шийдсэн улс одоохондоо байхгүй. Гэхдээ нэлээд дөхүүлсэн улс мэр сэр байна аа. Тэдний нэг нь Сингапур. Энд орон сууцтай болох нь хүндрэлтэй асуудал биш. Тиймээс залуус өөрсдийн хайр сэтгэлээрээ гэрлэцгээдэг. Байр хүрэлцээтэй болохоор энэ улсад "Хайртай юу. Байртай бол хайртай" гэх мэт дуу байхгүй. Гэхдээ зээл байхгүй юу гэвэл тийм биш.

Орон сууцны үнээр дэлхийд тэргүүлэх улс бол Сингапур. Гол нь байрны үнэ, худалдан авах чадвар хоёр хоорондоо тохирч байгаа учраас ийнхүү асар богино хугацаанд орон сууцжуулж чадсан байна. БНСУ-ын иргэдийн 82 хувь нь орон сууцанд амьдарч байгаа нь ч мөн орлоготой холбоотой. Ингэж уялдаагүй тохиолдолд нэг бол худалдан авагч, барилгын компани хоёрын нэгийг хөлдөө чирдэг байна.

БНХАУ м.кв нь 250 ам.доллараар орон сууц барьж өгөх саналыг ОХУ-д тавьжээ

Дэлхийн улс орнуудын эдийн засгийн байдал, иргэдийнх нь олох орлого харилцан адилгүй. Гэхдээ л БНХАУ-ыг эс тооцвол байрны үнэ ерөнхийдөө ижил байгаа юм. Дэлхийн банкнаас хийсэн судалгаагаар, Европ болон өмнөд Америкт үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ буурч байна. Одоогоос 20 гаруй жилийн өмнө хөгшин тивд үл хөдлөх хөрөнгийн үнэ тэнгэрт хадаж байсан ч эдүгээ байдал орвонгоороо өөрчлөгджээ.

2011 оны гурав, дөрөвдүгээр улиралд Германд байрны эрэлт огцом буурсан бол энэ байдал 2012 оны эхний улиралд Францад ажиглагдах болжээ. АНУ-д ч мөн адил орон сууцны үнэ буурч байна. Тус улсад 60 орчим мянган ам.доллартай байхад 70 м2 талбайтай орон сууц худалдаж авч чадна. Харин амины орон сууц 130-250 мянган ам.долларын үнэтэй байдаг аж. Монголтой төстэй уур амьсгалтай Чикаго зэрэг мужид нь ийм байгаа юм.

Манай хойд хөрш ОХУ-д орон сууцны 1 м2-ын үнэ 30 орчим мянган рублийн үнэтэй байна. Гэхдээ дэлхийн худалдааны байгууллагад элссэний дараа БНХАУ-ын барилгын компаниуд орон сууцны нэг м2-ын үнийг 250 ам.доллараас хэтрүүлэлгүй барьж өгье гэсэн саналыг тавьсан тул барилгын компаниуд нь эсэргүүцэл зарлаж бослого гаргах дээрээ тулаад байгаа аж.

Оросын барилгачдын ассоциацийн захирал Николай Кошман "БНХАУ манайх хоёрын уур амьсгал өөр. Тэдний технологи манайд таарахгүй. Орон сууцны нэг м2-ын үнийг 20 мянгад барь гэж улсаас шаарддаг. Гэтэл тийм үнэтэй орон сууц хаана байна, хаана ч үгүй" хэмээн бухимдан ярьсан байх юм. Тэрбээр барилгын үнийг буулгахын тулд барилгын компаниудад газрыг үнэгүй олгох хэрэгтэй гэж хэлсэн байна. Учир нь газрын үнэ нийт зардлын 35 хувь болдог аж. Тус улс өнгөрсөн жил 80 сая м2 байр ашиглалтад өгөхөөр төлөвлөсөн ч 62 сая м2-ыг барьсан тул үнэ харьцангуй өндөр тогтоогдсон байна. Гэхдээ 2014 онд 140 сая м2 барилга ашиглалтад өгөх тул үнэ эргээд буурна гэж тооцож байгаа аж.

БНХАУ-ын барилгын компаниудын хувьд, ОХУ-ын шаардлагад 100 хувь нийцсэн барилгыг дээрх үнэд багтаан барьж өгөх санал тавьсаар байгаа аж. Манайх бол Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орон. Тиймээс хамтрах асуудал нээлттэй харагдаж байна. Энэ тохиолдолд өрсөлдөөн үүсч, үнэ буурах боломж харагдаж байгаа юм. Ер нь 100 000 айлын орон сууцны тодорхой хувийг гадныхнаар бариулсан нь салбарын хөгжил ач тусаа өгөх нь тодорхой билээ.

Сонголт хийх эрх хаана байна…

Монголд орон сууц худалдан авагчдын эрх зөрчигдсөөр ирсэн. Барилгын компани худалдан авагчаасаа мөнгийг нь эхлээд авдаг, дараа нь хулхиддаг тогтолцоог хэлээд байгаа юм. Орон сууцны "Ургах наран" хорооллын барилгын ажлыг гүйцэтгэсэн компанид эрүүгийн хэрэг үүсгэсэн явдал энэ салбарт тогтчихоод байгаа гажиг тогтолцоог дэлгэсэн юм. Улсын комисс хүлээж аваагүй барилгынхаа цахилгааныг таслахаас өөр эрх мэдэл байдаггүй бололтой юм билээ. Муу ёрлож байгаа юм биш. Газар хөдөллөө гэж бодоход ийм байдлаар мөнгөө түрүүлж өгч хохирсон иргэдийн амь нас, эрүүл мэндийг хэн хариуцах вэ. Хаити улсын нийслэл Порто Пренс газар хөдлөлтөд сүйрсэн нь чанаргүй барилга барьснаас болсон гэсэн дүгнэлт гарснаас болж иргэд барилгын компаниудын хооронд өш хонзон үүссэн жишээ байна.

Засгийн газраас 100000 айлын хөтөлбөр баталсан ч энэ байдлыг өөрчлөх талаар арга хэмжээ авсангүй. Барилгын салбар хөрөнгө мөнгө их шаарддаг гэдэг нь мэдээж. Гэхдээ л Монголоос бусад орны иргэд орон сууцаа сонгох эрхээ эдэлсээр байна. Иргэн орон сууцныхаа үнийг төлж чадахгүй бол байраа хураалгаад торгууль төлдөг, барилгын компани чанаргүй барилга барьсан тохиолдолд алданги төлдөггүй. Тиймээс лизингийн байранд хамрагдсан иргэд "Ямар байр баригдаж байгаа бол доо" хэмээн байнга сэтгэл түгшиж сууцгаана. Талбайг тооцохдоо ханын зузааныг оруулж тооцдог, хуучин материалаар барьдаг гэх зэргээр энэ салбарт дутагдал маш их байна.

Тиймээс эхлээд худалдан авагчийн сонголт хийх эрхийг олгох, дээр дурьдсан хүндрэл бэрхшээл үүссэн тохиолдолд шийдэх аргуудыг тодорхой болгох нь нийгмийн захиалга болоод байгаа юм. Үнэндээ барилгын компаниуд худалдан авагчдад "Барьчихлаа. Авбал ав, боливол боль" гэж ч хэлж чадахгүй арчаагүй байдалд байна. Олж байгаа ашгийг нь харвал ийм байдлаасаа аль хэдийнэ гарчихсан баймаар… Гэвч мөнгөө түрүүлж татсаар байгаа явдлыг "Амташсан хэрээ 13 нахихын үлгэр" гэхээс өөр юу гэх билээ.

Х.САЙХАН

Эх сурвалж: "Монголын мэдээ" сонин



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж