Дуучин Н.Наранбаатар, “Баянмонгол” чуулгын үлээвэр найрал хөгжим “Jazz big band” хамтлаг, Монгол Улсын Филармони оркестр, утсан хөгжмийн уран бүтээлчид хамтран “Strangers in the Night" нэртэй тоглолт зохион байгуулах гэж байна. Уг тоглолт нь дэлхийн болон Монголын классик поп, жазз хөгжмийн бүтээлийг анх удаа олонд хүртээл болгох гэж байгаагаар онцлог. Тэр дундаа дээрх уран бүтээлчид алдарт Michael Buble болон домогт Frank Sinatra, Elvis Presley, нэрт хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав зэрэг алдартнуудын үзэгчдийг сэтгэл зүрхэнд өнөөг хүртэл хоногшсон гайхамшигт дуунуудыг тэр үеийн стиль жанр, өнгө аясаар нь жазз хөгжмийн фенүүдэд мэдрүүлэх гэнэ.
Тус тоглолтод эгшиглэх бүтээлүүдийг Монголд анх удаа жазз амьд хөгжмийн хамгийн өргөн бүрэлдэхүүнтэйгээр “Jazz big band” хамтлаг найруулан тоглох аж. Энэхүү тоглолтод манай орны жазз хөгжмийн хамгийн чадварлаг хөгжимчид, дуучид, бүжигчид оролцох юм билээ. Түүнчлэн концертын найруулга болоод хөгжмийн дуугаралтыг мэргэжлийн өндөр түвшинд байлгахаар уран бүтээлчид нь ажиллаж байна. “Strangers in the Night" жазз тоглолт энэ сарын 13-нд 19.00 цагаас Тусгаар тогтнолын ордонд болно.
М.Урин