“Чалко” “Саут гоби сэндс”-ийн гол хувьцаа эзэмшигч болно

Хуучирсан мэдээ: 2012.04.02-нд нийтлэгдсэн

“Чалко” “Саут гоби сэндс”-ийн гол хувьцаа эзэмшигч болно

Өмнөговийн “Овооттолгой” нүүрсний уурхайд үйл ажиллагаа явуулж буй “Саут гоби сэндс” компани Хятадын “Чалко”-той хамтран ажиллах гэрээ байгуулснаа өчигдөр мэдээлжээ. Тус компани Хятадын төрийн өмчийн “Чалко”-той хамтран ажиллах гэрээ байгуулснаар ирэх хоёр жилд олборлосон бүх нүүрсээ “Чалко”-гоор дамжуулан худалдаалах эрхтэй болж буй юм. Мөн тус компанийн Монгол дахь үйл ажиллагаанд шаардлагатай эрчим хүч болон зам тээврийн дэд бүтцийг байгуулахад “Чалко” дэмжлэг үзүүлэх заалтууд гэрээнд тусгагджээ.

Нөгөөтэйгүүр “Чалко” хамтын ажиллагааны гэрээний хүрээнд “Саут гоби сэндс” компанийн 60 хүртэлх хувьд оногдох нэгж хувьцаа бүрийг 8.48 канад доллараар буюу нийтдээ 889 сая канад доллараар худалдан авахаар болж байна.

Одоогийн байдлаар “Саут гоби сэндс” компанийн 57.6 хувийг “Айвенхоу Майнз” компани эзэмшиж байгаа юм. “Чалко” “Айвенхоу”-той хувьцааны үнэлгээ хэлбэлзэх эрсдэлээс хамгаалсан гэрээг хэдийнэ байгуулжээ. “Саут гоби сэндс”-ийн “толгой” компани “Саут гоби ресорсиз” (HK: 1878)-ийн хувьцаа өнөөдрийн байдлаар Хонконгийн бирж дээр 51.25 хонконг долларын үнэлгээтэйгээр худалдаалагдаж байна.

“Чалко”-гийн санал болгосон 8.48 канад доллар нь “Саут гоби”-ийн хувьцааг 29 хувийн илүү үнээр худалдаж авах үнэлгээ юм. Гэхдээ “Саут гоби”-ийн хувьцаа богино хугацаанд багагүй хэмжээгээр өсөхийг үгүйсгэх аргагүй. Хувьцааны арилжаа хэдийд хийгдэхийг тодорхой мэдээлээгүй ч “Айвенхоу Майнз”-ын тус компани дахь 57.6 хувийн эзэмшлийг “Чалко” худалдаж авах нь тодорхой болоод байна. Хэрэв “Чалко” “Саут гоби”-ийн 60-аас илүү хувийг авах болвол бусад хувьцаа эзэмшигч бүрээс эзэмшлийг нь худалдаж авна гэж мэдээлснээс үзэхэд “Айвенхоу Майнз” компани “Саут гоби” дахь эзэмшлийн хувиа зарахаар болсон нь илэрхий байна.

“Саут гоби сэндс” компанийн олборлолт явуулж буй Өмнөговийн Гурвантэс сум дахь “Овооттолгой” орд нь хагас коксжих болон сайн чанарын эрчим хүчний нүүрсний уурхай юм. Хамгийн сүүлийн хайгуулын ажлаар ордын нөөцийг 302.3 сая тонн гэж тогтоожээ. Үүний 175.7 сая тонн нь батлагдсан нөөц юм.

Г.Төгс

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж