УИХ-ын дарга ОУПХ-ны Асамблейд үг хэллээ

Хуучирсан мэдээ: 2012.04.02-нд нийтлэгдсэн

УИХ-ын дарга ОУПХ-ны Асамблейд үг хэллээ

Бүгд найрамдах Уганда Улсын нийслэл Кампала хотноо “Хууль тогтоох засаглал ба ард түмэн:-Заагийг арилгах нь” гэсэн ерөнхий сэдвийн хүрээнд болж байгаа ОУПХ-ын 126 дугаар Ассамблейн чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны эхэнд Ассамблейн Ерөнхийлөгч, дэд Ерөнхийлөгч нарыг сонгосны дараа парламентын төлөөлөгчид чуулганаар хэлэлцэж буй үндсэн асуудалтай холбогдуулан үг хэлж, санал бодлоо илэрхийлж эхэллээ.

Чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанд 30 шахам улсын парламентын төлөөлөгчдийн тэргүүн үг хэлэхээ нэрээ ирүүлсэн байна. Монгол Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл Египет, Нигери, Австрали, Канад, Кувейтын парламентын төлөөлөгчдийн дараа үг хэллээ.

Улсын Их Хурлын дарга үгийнхээ эхэнд, Олон Улсын Парламентын Холбооны 126 дугаар Ассамблейн хурлыг өөрийн оронд зохион байгуулж, бид бүхнийг найрсгаар хүлээн авч байгаад Уганда Улсын парламент, Эрхэмсэг спикер хатагтай Ребека Кадага болон Уганда Улсын ард түмэнд талархал илэрхийлж сайн сайхныг хүсэн ерөөлөө.

Тэрбээр цааш нь хэлэхдээ, хууль тогтоох засаглал болон ард түмний хоорондын зааг ялгааг арилгах асуудал нь Та бидний хамгийн тулгамдсан асуудал юм. Бид ард түмэндээ үйлчлэх үүрэгтэй гэж ярьдаг, энэ үүргээ биелүүлэхийг эрмэлзэж ажилладаг,  энэ нь ч бодит байдал юм. Ард нийт, сонгогч олонтойгоо ойр байж, тэдний санал бодлыг нухацтай судлан, баталж буй эрх зүйн баримт бичигтээ тусгах талаар ч чамгүй анхаарал тавьдаг нь бас үнэн. Гэлээ гээд сонгогчид, ард нийтийн итгэлийг төгс төгөлдрөөр олж авч чаддаагүй л байгаа. Ийм болохоор ямар аргаар хэрхэн энэ зорилгод ойртох, яаж ажиллах талаар санал солилцон жишээ туршлага,  мэдээллээ харилцан ярилцахын чухлыг ойлгож байна.

1.Юуны өмнө парламентын үйл ажиллагааг  бүхэлд нь нээлттэй байх зарчмыг нэвтрүүлэх нь ач холбогдлоороо илүү гэсэн дүгнэлтийг бид хийж байна. Ард түмэн бүгдийг харж, хянаж байхыг хүсч, үүнийгээ бүхнээс илүүд тооцдог болжээ.

Ийм шаардлагыг харгалзан Монгол Улсад парламентын нэгдсэн чуулган, Байнгын хороодын хуралдааныг иргэд, олон нийт, хэвлэл мэдээллийнхэнд бүхэлд нь нээлттэй болгосон юм. Парламентыг ард түмэнд нээлттэй ил тод болгохын тулд парламентын тусгай суваг нээж ард түмэнд мэдээлэл хүргэж байна. Мөн парламентын вэб хуудсыг байнга ажиллуулж байна.

Хууль тогтоох үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог хангах эрх зүйн үндсийг бататгах арга хэмжээ авсан. Бараг 20-иад хууль тогтоомжид иргэдийн саналыг сонсох, эрэлт хүсэлтэд нь хариу өгөх, засаглалын байгууллагуудаас мэдээллийг хүссэнээрээ авах, тэдний үйл ажиллагаа нь хэвлэлд ил тод байх, хуулийн төсөл боловсруулах, хэлэлцэх үе шатанд иргэдийн санал бодлыг аль болох өргөн тусгагдсан байхаар хуульчилсан юм.

Бүхнийг хуульчилж тунхаглан зарласнаар асуудал шийдэгдэхгүй байна. Харин засаглалын ажилд иргэдийн идэвхи, санаачлагатай оролцоог бодитойгоор дэмжиж зохион байгуулах хэрэгтэй болдог. Иргэдээс санал бодлыг нь хүлээн авах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэд “Иргэний танхим” ажиллуулахын зэрэгцээ Улсын Их Хурлын Байнгын болон дэд хороод нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Ийм нөхцөлд бодлого, шийдвэрийг гаргахдаа ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа иргэд, тэдний төлөөллийг сонсож ажиллах нь нэн чухал юм.

2.Хууль тогтоох засаглал болон ард түмний хоорондын зааг ялгааг ойртуулах нь сонгуулийн тогтолцоотой салшгүй холбоотой байна.

Монгол Улс ардчилсан зарчмаар 1992 оноос парламентын сонгуулийг 5 удаа явуулсан бөгөөд парламентад сонгогчдын санал бодитой тусч чадахгүй байгаа талаархи шүүмжлэлийг харгалзан саяхан бид Улсын Их Хурлын сонгуулийн хуулийг шинэчлэн батлав. Ингэхдээ төлөөлөл болон сонголт, нэр дэвшигчдийн хариуцлагыг өндөржүүлэх шинэ нөхцөл, боломжийг дахин авч үзэж чөлөөт, шударга сонгуулиар иргэд Улсын Их Хурал болон орон нутгийн сонгуульд эрх тэгш оролцох нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарав.  
    
Сонгогчдын парламентдаа итгэх итгэл Улсын Их Хурлын гишүүн тойргийн сонгогчид хоёрын холбоон дээр тогтож байна. Сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд  парламентын гишүүд тойрогтоо байнга очиж сонгогчидтойгоо нүүр учирч биечлэн ярилцаж, дотно элгэмсэг байж санал бодлыг нь сонсож,  ажил амьдралын нь жаргал зовлонг хуваалцах хэрэгтэй болдог. Манай парламентын гишүүд жилийн хугацааны гуравны нэгийг ийнхүү зарцуулж байна.

3.Хүн амын тархалт сийрэгжилт, нягтрал хотжилт, түүнийг дагасан нийгмийн асуудлууд байнга бэрхшээл дагуулах болов.

Өдөр тутмын аж амьралдаа санаа зовж байдаг орлого багатай хүн амын тэр хэсэг, нөгөө талаас нийгмийн нэг хэсгийн гарт баялаг хэт төвлөрөх болсны балансыг зөв барих нь нийгмийн шударга ёсны нэг чухал үзүүлэлт болж байна. Өөрөөр хэлбэл, баялгын хуваарилалт ямар байхаас их зүйл шалтгаалж байна. “Баялаг” оршин байгаадаа бус харин баялгын “буруу хуваарилалтын хараал” сүүлийн үед нийгмийг донсолгох болов. Үүнд дүгнэлт хийх ёстой.
      
Орон оронд өөр өөрийн онцлог, бас бэрхшээл бий. Манай улсын тухайд төрт ёсны уламжлал, нүүдэлчин ардын өвөрмөц үндэсний соёл, зан заншилтай орон. Хүн ардын хүсэл санаанд үндэслэгдсэн соёл, улс төрийн болон хөгжлийн ирээдүйгээ тодорхойлох эрх нь хүмүүст хадгалагдах ёстой. Хөгжиж буй орны хувьд ашигт малтмалын нөөцийг улс  орныхоо хөгжил, ард иргэдийнхээ сайн сайхны тусын тулд ашиглах гэсэн тэмцэл нь улс дамжсан корпорацуудтай тэмцэлдэх болсон нь өнөөдөр нууц биш болжээ. Санхүүгийн болон эдийн засгийн хямрал, үнийн болон инфляцийн өсөлт нь амьжиргаа дорой, орлого багатай хэсгийг илүү их нэрвэдгээс нийгэмд бэрхшээлийг буй болгож байна. Аливаа бэрхшээл, хүндрэлийг шийдвэрлэхийг эцсийн эцэст ард түмний төлөөлөл болсон парламентад үүрүүлдэг. Энэ бүхнийг хянаж зохицуулах, зөв бодлого явуулах чадамжаас парламентын нэр хүнд шалтгаалах болж байна гэлээ.
     
Улсын Их Хурлын дарга үгийнхээ төгсгөлд, Монгол Улс 2011 оны 7 дугаар сараас Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг тэргүүлж байна. Ингэхдээ бид улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын байгууллаа өөрсдөө чөлөөтэй сонгосон, ард түмний хүсэл эрмэлзэл, иргэдийнхээ оролцоонд тулгуурласан хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйл болох ардчиллыг тууштай дэмжиж байна гэдгээ илэрхийллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж