Хар тамхинаас сэргийлэх талаар хэлэлцэв

Хуучирсан мэдээ: 2012.04.02-нд нийтлэгдсэн

Хар тамхинаас сэргийлэх талаар хэлэлцэв

Монгол Улсаас БНХАУ-д суугаа консулын төлөөллүүдийн ажлын ээлжит уулзалт 2012 оны гуравдугаар сарын 30-31-ний өдрүүдэд Эрээн хотод болов.

Уулзалтаар БНХАУ-д үйл ажиллагаа явуулж буй консулын албадын ажлын уялдааг сайжруулах, мэдээлэл солилцох механизмийг төгөлдөржүүлэх замаар улсын иргэд, хуулийн этгээдийн хууль ёсны эрх, эрх ашгийг хамгаалах, ялангуяа Хятадын нутаг дэвсгэр дээр хар тамхи, хулгайн гэмт хэрэгт холбогдох явдал эрс нэмэгдэж байгаад анхаарал хандуулж, урьдчилан сэргийлэх талаар хэлэлцэв.

Энэ хүрээнд харьяа тойрогт нь байнга оршин суугч болон хэрэг зөрчилд холбогдсон иргэдийн талаар мэдээлэл шуурхай солилцох, зорчигчид 20 мянган юань-аас дээш буюу түүнтэй тэнцэх валют бэлнээр авч явснаас Хятадын гаалийн байгууллагад торгууль төлөх, хориглосон, хязгаарласан бараа нэвтрүүлэхийг завдах явдлыг бууруулах зорилгоор БНХАУ-ын холбогдох хууль тогтоомжийг орчуулж, нийтийн хүртээл болгох. Бусдад уруу татагдаж хулгай, залилангийн хэрэгт холбогдож байгааг харгалзан сэрэмжлүүлэг гаргах, дипломат, консулын төлөөлөгчдийн газруудын цахим хуудсыг тогтмол шинэчилж ажиллах, иргэдийн өргөдлийг хүлээн авч, хариу өгөх ажлыг онлайн хэлбэрт шилжүүлэх зэрэг олон асуудлыг хөндөж ярилцав.

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 199 дүгээр тогтоолыг үндэслэн консулын хураамжийн хэмжээг шинэчилж Бээжин, Хөх хот, Хонконг, Эрээн, Шанхай хотод суугаа консулын төлөөллүүд жигд мөрдөх, консулын үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх менежмент, техникийн нөхцлийг бий болгох зорилт, арга замын талаар хэлэлцлээ.

Бодлогын хувьд консулын төлөөллийн байршлын хэтийн төлөвийг дүрслэх, эдийн засгийн макро түвшинд иргэд зорчих өнөөгийн нөхцлийн үзүүлж буй нааштай үүргүүдийг тодорхойлох, хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, аялал жуулчлалыг хөгжүүлэх хөшүүрэг болгох зэрэг асуудлаар санал солилцов.
 
Мөн Консулын төлөөллүүдийн хооронд видео конференци хийх, интернэт харилцааны нөхцөл улам сайжирч байгааг тэмдэглэв.

Ажлын уулзалтын хүрээнд консулын төлөөллийн тэргүүнүүд Эрээн хотын ачаа тээврийн шинэ боомт, шилжүүлэн ачих ложистик төвийг үзэж танилцлаа. Монгол, Хятадын хооронд байгуулсан автотээврийн хэлэлцээр хүчин төгөлдөр болж байгаатай холбогдуулан олон улсын эрх зүйн заалтуудыг хэрэгжүүлэх ажилд илүү анхаарах шаардлага бий болж байгаа ажээ.

Гадаад харилцааг иргэншүүлэх зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд болсон энэхүү ажлын уулзалт иргэд харилцан зорчих таатай нөхцөлд тулгуурласан худалдаа, бизнес, соёл боловсрол, аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд үр дүнтэй боллоо гэж оролцогчид үзэв.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж