С.Батболдыг хамтарсан мэдээлэлд урилаа

Хуучирсан мэдээ: 2012.04.02-нд нийтлэгдсэн

С.Батболдыг хамтарсан мэдээлэлд урилаа

Ардчилсан намын дарга Н.Алтанхуягаас өнгөрөгч 30-ний өдөр нэгэн албан бичгийг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод хаяглан явуулжээ. Уг бичгээр Ерөнхий сайдыг энэ өдрүүдэд буюу дөрөвдүгээр сарын 2, 3, 4-ний аль нэг өдөр олон нийтэд хамтран мэдээлэл хийхийг хүссэн байна. Ийнхүү хамтран мэдээлэл хийх сэдэв нь хамтарсан Засгийн газрын үед гарсан 1072 хувьцааны ажил Ардчилсан нам хамтарсан засгаас гарснаас хойш яагаад зогссоныг тодруулах, үнэн зөв мэдээллийг иргэдэд өгөх зорилготой бололтой. Энэ талаар уг бичигт “Монгол Улсын иргэдэд нэг сая төгрөг /хувьцаа/ олгох асуудлаар УИХ-аас гарсан шийдвэрүүд хэрэгжихгүй удаж байгаа тул мэдээлэл хийе” хэмээсэн аж.  

Хэрэв Ерөнхий сайд энэхүү урилгыг хүлээн авбал УИХ-аар Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай УИХ-ын 39 дүгээр тогтоолын дагуу тооцвол иргэн бүрт 532 ширхэг хувьцааг олгохоор  байсныг нь сүүлд өөрчлөлт оруулж Аж ахуй нэгжүүдэд худалдах гэж байсан хувьцааг иргэдэд нэмж олгох болж шийдсэн УИХ-ын энэ шийдвэрийг Засгийн газар яагаад хэрэгжүүлэхгүй байгаа талаар тайлбар өгөх биз.

Иргэдийн хувьд сонгуулийн өмнө сая төгрөгийн хувьцаагаа авсан байх ёстой гэдэгтээ итгэлтэй байгаа бөгөөд  536 хувьцаа ч үгүй, 1072 хувьцаа ч үгүй л болчих гээд байгаад нь ямар хариулт өгөхийг удахгүй харах боломжтой болох нь.

Б.МАНДАХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж