Саусгоби сэндс компани орон нутгийн бизнесийг дэмжин ажиллаж байна
Байгалийн эрс тэс уур амьсгалтай говь нутагт ус бол чандмань эрдэнэ. Энэ чандмань эрдэнийг ард түмэндээ эрүүл чанарын баталгаатай бүтээгдэхүүн болгон хүргэх буянтай ажлыг Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулж байгаа Гурван Манх ХХК хийж байна. Гурван Манх ХХК нь Өмнөговь аймагт үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн анхны цэвэр усны үйлдвэр бөгөөд орон нутгийн жижиг дунд бизнес эрхлэгчид үр ашигтай ажиллаж, ажлын байрыг шинээр бий болгож байгаагийн нэгэн тод жишээ юм. Тус компани нь 2006 оноос үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байгаа бөгөөд одоогийн байдлаар цагт нэг тонн цэвэр ус цэвэршүүлэн шүүж, хоногтоо таван тонн цэвэр ус үйлдвэрлэх хүчин чадалтай болоод байна.
Ингээд Гурван Манх ХХК-ийн захирал Т.Сумъяатай уулзаж, дараах ярилцлагыг хийснийг толилуулж байна.
– Сайн байна уу. Та сайхан хаваржиж байна уу?
– Сайн. Сайхан хаваржиж байна. Та сайхан хаваржиж байна уу.
– Сайхан. Говь нутагт цэвэр усны үйлдвэр байгуулж ажиллах санаа танд хэзээ төрсөн бэ?
– Би гэр бүлийн хамт Ирланд Улсад ажиллаж амьдарч байсан. Тэр үед гэр бүлийн хүн маань өвдөж Монголдоо буцаж ирсэн. БНХАУ-д хагалгаанд орж эмчлүүлээд, хоногт 5-8литр цэвэр ус уух эмчийн заавартай буцаж ирсэн юм. Ингээд энэ их цэвэр усыг худалдаж авахад хичнээн төгрөгний зардал гарах вэ гэдгээс үүдэн энэ үйлдвэрээ байгуулж гэр бүлийн бизнесээ эхэлж байсан түүхтэй. Тэр үед манай Өмнөговь аймагт цэвэр усны үйлдвэр байхгүй Улаанбаатар хотоос тээвэрлэн авчирч борлуулдаг байсан.
– Танай компани усаа хаанаас авч, хэрхэн цэвэршүүлдэг вэ?
– Манайх усаа аймгийн төвлөрсөн усан хангамжаас татаж авдаг. Чанарын стандартын MNS 5007:2007 мөрдөн ажиллаж байгаа. Манай компани БНХАУ-ын орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон дэвшилтэт тоног төхөөрөмжтэй. 5 шүүлтүүрээр шүүж хамгийн сүүлд хэт ягаан туяагаар амьд биет, нян бактерийг устгадаг.
– Хөдөө орон нутагт бизнес эрхлэхэд ямар бэрхшээл тулгардаг вэ?
– Усны хэрэглээ өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа боловч бүрэн хүчин чадлаараа ажиллахад цахилгааны бэрхшээл их тулгарч байна. Манай үйлдвэр 380 вольтоор ажилладаг учир цахилгаан үүсгүүр ажиллуулахад үйлдвэрлэлд ашиггүй.
– Борлуулалтын тал дээр хэрхэн ажилладаг вэ?
– Өмнөговь аймгийнхаа бүх сумдад манай цэвэр ус хүрч байгаад бид баяртай байдаг. Манайх олон компаниудад гэрээгээр бүтээгдэхүүнүүдээ нийлүүлдэг. Уул уурхайн компаниуд тэр дундаа Саусгоби сэндс, Оюу толгой, улс хоорондын тээврийн компаниуд гэх мэт. Тэдгээрээс Саусгоби сэндс манай хамгийн том, найдвартай топ харилцагч. Манай борлуулалтын орлогын дийлэнх хувийг дангаараа бүрдүүлдэг.
– Танай компани хэдэн хүнийг ажлын байраар хангаж байгаа вэ?
– Нийт үндсэн 9 ажилчинтай, ачаалал ихтэй улиралд гэрээт ажилчин авч ажиллуулдаг. Манай ажилчид дунд анх байгуулагдсан үеэс тогтвор суурьшилтай ажиллаж байгаа залуучууд ч байгаа.
– Саусгоби сэндс компанитай гэрээ байгуулснаар бизнесээ өргөжүүлэхэд ямар ахиц дэвшил гарсан бэ?
– Саусгоби сэндстэй хамтран ажиллах гэрээ байгуулан ажилласны үр дүнд үйлдвэрийнхээ тоног төхөөрөмжийг шинэчлэн сайжруулах ажлыг хийсэн. Гэрээ байгуулахаас өмнө өвлийн улиралд үйлдвэрээ түр зогсоодог байсан. Сул зогсолтын үед дадлагажсан сайн ажилчнаа алдахгүйн тул цалинтай амраах тохиолдол ч их байдаг байлаа. Одоо тог цахилгаан саатахгүй л бол сул зогсох завгүй ажилладаг болсон.
– Та компанийнхаа ирээдүйг хэрхэн төсөөлж байна вэ?
– Ирээдүйгээ, говь нутгаа маш сайхнаар төсөөлж байгаа. Цаашид үйлдвэрээ бүрэн автоматжуулах, бусад савалгаатай бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэн орон нутгийн зах зээл дээр гарган ажиллах эрмэлзлэлтэй ажиллаж байна. Ойрын ирээдүйд шинээр үйлдвэрийн барилга барих, ажлын байр нэмэгдүүлэх зорилго тавин ажиллаж байна. Зорилгодоо хүрэхэд замыг минь зааж, биднийг дэмжин ажиллаж байгаа та бүхний ач тус ихээхэн байгаа гэдгийг хэлэхэд баяртай байна.
– Таны цаашдын ажилд өндөр амжилт хүсье. Баярлалаа.
– Танд ч бас баярлалаа.