Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын үр дүн болсон нэгэн чухал арга хэмжээ 2012 оны 3 дугаар сарын 31-нд ХБНГУ-ын Дюсселдорф хотын Ландсберг шилтгээнд боллоо. Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээний уулзалт, яриа хэлэлцээнүүдийн үер Ашигт малтмал олборлох, боловсруулах салбарт манай хоёр орон стратегийн түншлэл тогтоож байгааг хоёр тал санал нэгтэй олзуурхаж байсан бөгөөд энэхүү түншлэлийн хүрээнд зарим тодорхой саналыг ажил хэрэг болгох асуудлыг ярьж байсан юм. Тухайлбал Таван толгойг түшиглэсэн коксын үйлдвэр байгуулах, мөн нүүрсийг шингэрүүлж түлш гаргах чиглэлээр хамтран ажиллах боломжтой болохыг харилцан санал нэгтэй ярьж байв.
Харин айлчлалын үр дүнд дээрх яриа хэлцээг тун удахгүй хэрэгжиж, эдийн засгийн үр ашгаа богино хугацаанд өгөхийг баталгаажуулсан баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа.
-Нүүрс шингэрүүлж түлш үйлдвэрлэх төслийг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон “Tyssen Krupp Удэ” ХК-ийн санамж бичигт Монгол Улсын Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Ц.Гарамжав, “Tyssen Krupp Удэ” компанийн гүйцэтгэх захирал А.Хофман нар
-Эрдэс баялаг, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар болон “Tyssen Krupp”-ийн санамж бичигт Монгол Улсын Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Ц.Гарамжав, “Tyssen Krupp”-ийн ТУЗ-ийн гишүүн Э. Айхлер, захирал К.Потхофф нар
-Хатуу бодисыг хийжүүлэх тухай лицензийн гэрээнд Монгол Улсын Аж үйлдвэрийн корпорацийн захирал Я.Батсүх, “Tyssen Krupp Удэ” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Хофман нар
-Коксын нүүрсийн үйлдвэрийг барих төслийг хэрэгжүүлэх тухай санамж бичигт Монгол Улсын Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Ц.Гарамжав, “Tyssen Krupp Удэ” компанийн гүйцэтгэх захирал А.Хофман нар
-Газрын ховор элементын “Халзанбүргэдэй” төсөл дээр хамтран ажиллах тухай санамж бичигт “Монголын үндэсний ховор элемент” корпорацийн захирал Д.Бат-Эрдэнэ, “Tyssen Metallurgical Products” ХХК-ийн гүйцэтгэх захирал К.Кнөч нар
-Уул уурхай, эрдэс баялгийн чиглэлээр инженер бэлтгэх, сургах тухай санамж бичигт Монгол Улсын Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Ц.Гарамжав, “Tyssen Krupp”-ийн ТУЗ-ийн гишүүн Э. Айхлер нар тус тус гарын үсэг зурлаа.
Ийнхүү Монгол Улс, Герман Улсын хооронд байгуулсан Ашигт малтмал, аж үйлдвэр болон технологийн салбарт байгуулсан хэлэлцээр хэрэгжих эхлэл Монгол Улсын Төрийн тэргүүний айлчлалын үеэр бодитойгоор тавигдав.