Э.Номин: “Киви”-гийн гишүүн байх нь надад тохирохгүй юм шиг санагдсан

Хуучирсан мэдээ: 2010.03.02-нд нийтлэгдсэн

Э.Номин: “Киви”-гийн гишүүн байх нь надад тохирохгүй юм шиг санагдсан

 "Номин
талст"-ын хамтлагийн дуучин Д.Хаянхярваатай хамтран дуулсан "Бодол",
"Чингис хаан" хамтлагийн Ц.Байдрагтай хамтран дуулсан "Нар ойрхон
жаргадаг" зэрэг уран бүтээлээрээ рок попын ертөнцөд хөл тавьж буй залуу
дуучин Э.Номинтой ярилцлаа.

-Багаасаа л урлагт элэгтэй байв уу, аль эсвэл гэнэтхэн л дуучин болохоор шийдэв үү?
-Багаасаа л дуулах дуртай, эршүүд сөөнгөдүү хоолойтой хүүхэд байлаа. Үргэлж л хашхираад л явж байдаг охин байсан юм.

Манайх гэр бүлээрээ Щвейцарт гурван
жил орчим амьдарсан юм. Тэр үед дуулах боломж олдож байгаагүй. Монголд
ирээд зурагт үзээд сууж байтал дуучин Маралжингоо "Nature Sound"-ийн
элсэлт авч байгаа талаар ярилцлага өгч байгааг харсан юм. Тэгээд л гэр
бүлийнхэнтэйгээ зөвлөлдөөд "Nature Sound"-д элсч, гурван сарын турш
суралцсан. "Nature Sound"-ийнхан элсэгчдийг гурван сар бэлтгэсний эцэст
төгсөлтийн концерт гэж хийдэг юм билээ. Тэр үед л Монголын олны танил
хөгжмийн зохиолчид надад дуу бэлэглэсэн. Тэдний бэлэглэсэн дуунууд
надад маш их урам зориг өгсөн.

-"Киви" хамтлагт орооч гэсэн Б.Ангирмаагийн саналаас өөрийг чинь татгалзсан гэж сонссон. Яагаад татгалзах болсон юм бэ?
-Тийм
ээ, тэр бол үнэхээр сайхан боломж байсан. Биднийг "Nature Sound"-д
бэлтгэл хийж байх үед Б.Ангирмаа эгч ирдэг байсан. Бэлтгэл хийгээд
дуулж байхыг минь харсан байх л даа. 2007 оны эхээр "Киви"-гийн
Халиунаа хамтлагаасаа гарч байсан юм билээ. Тухайн үед "Киви"-гийн
гишүүн болохын хүссэн хүн олон байсан. Б.Ангирмаа эгч тэдэнд маш өндөр
шалгуур тавьж байсан л даа. Хамгийн наад тал нь гэхэд бие хаа, царай
зүс гээд л гадаад төрх сайтай байх ёстой. Миний хувьд тэр саналаас
яагаад татгалзсан бэ гэхээр би ер нь их даруухан талдаа. Тиймээс
"Киви"-гийн гишүүн байх нь надад, миний зан чанарт арай тохирохгүй юм
шиг санагдсан. Бас тэгээд олонд хэзээний танигдсан тэр хамтлагт орвол
хичээл сургууль хэцүүднэ байх гэж бодсон. Ер нь бол арван жилийн
хүүхдэд арай ахадсан юм шиг санагдсан л даа. Ийм санал тавьсанд нь,
намайг тэгж их үнэлсэнд Ангирмаа эгчид маш их баярласан шүү

-Ер нь дуучин Номин гэж хэн бэ? Цөөхөн үгээр өөрийгөө тодорхойлооч?
-Би
нэлээд даруухан, ичимхийдүү зантай. Хэрвээ ямар нэгэн зүйлийг эхэлбэл
түүнийгээ эцсийг нь хүртэл хийхийг хүсдэг маань миний нэг сайн чанар
гэж боддог юм.

-Өөрийг чинь багадаа нэлээд махлагдуу хүүхэд байсан гэж сонссон шүү?
-Яг
нуулгүй хэлэхэд би багадаа их тарган хүүхэд байсан. Хүмүүс намайг "Сайн
уу Номин" гэхээсээ илүүтэйгээр "тарган Номи"н гэдэг байлаа. (инээв)

Щвейцарт очоод л цэвэр хүнс хэрэглэж, дүүтэйгээ хөөцөлдөж гүйсээр байгаад турсан байх аа.

-Швейцарьт гурван жил амьдарсан болохоор "Je taime" дууг дуулахад хэдний бэрхшээл гараагүй байх, тийм үү?
-Тийм
ээ. Би Щвейцарьт байхдаа Легаффа Блейн гэдэг дуучны дууг сонсох их
дуртай байсан. Боломж олдвол түүний дууг дуулах юмсан гэж мөрөөддөг
байлаа. Тэгээд энэ тухайгаа Байдраг ах Б.Ангирмаа эгч нарт хэлсэн.
Тэгээд л "Je taime" дууг дуулсан.

-Таны хувьд хүндэлж явдаг хүн тань хэн бэ?
-Юуны өмнө аав ээжийгээ л гэж хэлнэ. Бас Дашка багш, гавьяат дуучин Т.Ариунаа гээд л. Миний хүндэлж явдаг хүн олон доо.

-Өөрийн чинь бодлоор хайр гэж юу вэ?
-Хайр бол маш агуу зүйл гэж боддог. Гэхдээ энэ би тодорхойлж хэлэхэд нас минь залуудах байх аа.

-Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?
-Хоолойны бэлтгэл хийж, гам их уншдаг. Залуусын адил найзуудтайгаа зугаалж, бас "Тэнгис" кино театрт кино үзэх дуртай.

-Номингийн хобби?
-Дуулах
бол миний хобби. Тиймээс миний хувьд мэдлэг мэргэжил нэн түрүүнд
тавигдах ёстой зүйл гэж боддог. Гадаадын олон хэлийг эх хэл шигээ
эзэмших хэрэгтэй байна. Хэдийгээр би англиар ойр зуурын хэмжээгээр
ойлгох ч гэсэн Монгол хэл шигээ төгс эзэмшихийг зорьж байгаа.

-Сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхан юу байна?
-"Хайрын охин" дуундаа "Cross" студиар клип хийлгэхээр төлөвлөөд байгаа.

-Үеийнхээ залууст хандаж юу хэлмээр байна?
-Хамгийн
гол нь мэдлэг боловсролыг нэгдүгээрт тавьж цаг хугацааг алдалгүй хичээх
хэрэгтэй. Залуу хүний хувьд нэг минут, секунд ч үнэ цэнэтэй байдаг.
Тиймээс эрч хүчтэй байцгаая л гэж хэлмээр байна.

Ц.Өлзийбилэг /2008 оны 2 сарын 27/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж