Улс төрийн ардчилал ЭЗ-ийн ардчиллыг нэхэж байна

Хуучирсан мэдээ: 2012.04.02-нд нийтлэгдсэн

Улс төрийн ардчилал ЭЗ-ийн ардчиллыг нэхэж байна

АН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт нэмэрлэх миний санал

Яг 85 хоногийн дараа УИХ-ын ээлжит сонгууль болно. Ард түмэн албан тасалгааны цонхоор дөрвөн жилийн цаадхийг харсан популист амлалтуудад хууртах нь өнгөрчээ. Монголын улс төрийн ардчилал эдийн засгийн ардчиллыг нэхэж байна. Ард түмэн өнөөдөр бусдаас ядуу амьдарсандаа бус, алхам тутамд нь шударга бус явдал тулгарч байгаад асар их бухимдаж байна. Цаашид тэсвэрлэж суух аргагүй болсон учраас нийгмийн амьдрал дахь хогийн ургамлыг үндсээр нь тасалж, шударга ёсны үр суулгахыг хүсч байна. Ардчилсан нам энэ бүхнийг зайлшгүй эхэлж хэрэгжүүлэх учиртай.

1. Улс төрийн намуудыг албан ёсны гишүүнчлэлгүй болгож, байр, эд хөрөнгийг нийтийн өмчид шилжүүлэн, санхүүжилтийг ил тод нээлттэй болгоё. Хүүхэд, эмэгтэйчүүдэд эмнэлэг, сургууль, цэцэрлэг хүрэлцээгүй байхад тэнгэр баганадсан барилга бариулж, улс төрийн сонгуульд нэр дэвшигчдээс хэдэн зуун сая төгрөгийн хандив татдагийг зогсоох ёстой. Ялангуяа архи, тамхины бизнес, байгаль орчинд халтай үйлдвэрлэл эрхлэгчдээс санхүүгийн дэмжлэг авч, атганд нь ордгоо болих цаг болжээ. Харин мэдлэг боловсролтой, нэр хүндтэй, шударга хүмүүсийг сонгон улс төрийн сонгуульд нэр дэвшүүлж, төрийн өндөр албан тушаалд томилдог болохгүй бол УИХ, Засгийн газар үнэ цэнээ алдаж байна. Яг л загас толгойноосоо өтдөг шиг.

2. Олон жижиг аймаг, сумын тоог цөөлж, бүсчилсэн хөгжлийн дагуу засаг захиргааны нэгжийн оновчтой шинэтгэл хийх ажил сүүлийн 20-иод жилд эзнээ хүлээсээр өдий хүрэв. Хангай, говь, тал хээр хосолсон нутагтай, эдийн засгийн бүсчилсэн хөгжлийн чиг хандлага бүхий таван аймгийн зохион байгуулалтад шилжиж, хотуудыг төрөлжүүлэн хөгжүүлэх шаардлагатай. Өмнийн бүсийг уул уурхай, боловсруулах үйлдвэр, хойд бүсийг газар тариалан, хөнгөн үйлдвэр, зүүн бүсийг аялал жуулчлал, мал аж ахуй, баруун бүсийг хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, төвийн бүсийг эрчим хүч, аж үйлдвэрийн чиглэлээр хөгжүүлж, тэр дундаа Хархорин аялал жуулчлал, Сайншанд аж үйлдвэрийн технологийн парк зэргээр дагнасан хандлагатай байж болох юм.

2. Нийслэл, 21 аймаг, 330 сум, дүүрэг, 1568 баг, хорооны Засаг дарга нарыг ард олноос шууд сонгодог, ажлыг нь үнэлж дүгнэдэг болбол шударга ёсыг тогтооход алхам ойртоно. Нэг үгээр хэлбэл төлөөллийн ардчиллаас шууд ардчилалд шилжиж байна гэсэн үг. Хариуцлагын тогтолцоог чангатгаж, иргэдийн өргөдөл гомдлыг хуулийн хугацаанд шийдвэрлэдэггүй албан тушаалтанд хариуцлага тооцож, авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон хэнийг ч төрийн албанд ажиллах эрхийг хасч, Өршөөлийн хуульд ч хамруулахгүй байх нь зүйд нийцнэ. Иргэд  санал хүсэлтээ цахим засаглалд тавьж, хариуг нь авдаг хатуу журам мөрдөж ажиллая. Энэ бол хөрөнгө мөнгө шаардахгүй амин чухал асуудал. Төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай хүргэхэд 148.2 мянган албан хаагчтай энэ арми хангалттай. Хот суурин газар, нийслэлийн гэр хорооллыг утасгүй интернэтийн сүлжээнд холбож, айл өрх бүрийг компьютертэй болгоё.

3. Монголд хохирогчийн эрх хөсөр хаягджээ. Тэдний хохирлыг цагдаа, шүүхийнхэн үл ойшоож, гэмт этгээд хоёр чихээ өгөхгүйгээс хойш хорих ялаа эдэлж, хохирогчийн хохь нь болоод хоцордог. Хохирлыг бүрэн барагдуулах механизм алга. Ер нь шүүх засаглалын тогтолцоонд дагнасан шүүх байгуулахыг амьдрал шаардаж байна. Уул уурхай хөгжихийн хэрээр гадаад, дотоодын компани, байгууллагуудын хооронд зөрчилтэй олон асуудал тулгарч, тэр бүхэнд Сингапур, Лондон, Токиогийн арбитрын шүүхэд сая сая доллар гарздах уу. IPO хийх хөрөнгийн бирж, эрхтэн солиулах эмнэлэг, маргаан таслах арбитрын шүүхгүйгээс алийн болгон гадагшаа явах юм бэ.

4. Улаанбаатарын гэр хорооллыг орон сууцжуулах далбаан дор иргэдийн хашааны газрыг булааж таарахгүй ээ. Дуудлага худалдаанд оруулж, аж ахуйн нэгж оролцогчид үнэ хаялцаж, эрэлт нийлүүлэлтийн зарчмаар үнэ тохиролцох нь зах зээлийн жам. Эсвэл дор хаяж 3-4 өрөө байраар солих, газраа барьцаалан орон сууц худалдан авах, хувийн хаус барих урт хугацааны бага хүүтэй зээл олгодог болбол эдийн засгийн эргэлтэд жинхэнэ утгаараа орно. Хэрэв газрыг барьцаалж болохгүй юм бол үнэгүй гэсэн үг. Нийслэлийн 294.4 мянган өрхийн 60 гаруй хувь нь гэр хороололд амьдардаг. Тэгвэл улсаас мал, орон сууцыг үнэгүй хувьчлахад тэдэнд төрөөс юу өмчилж өгсөн юм бэ. Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо гэхэд тэр чигээрээ гэр хороолол. Орон сууцны нэг ам. метр талбайн үнэ 1,5 сая төгрөгт хүрч байхад нэг ам. метр газрыг дөнгөж 100 мянгаар үнэлэх эрх нийслэлийн Засаг даргад байхгүй. Хашааны газрын ханшийг хамгийн багаар бодоход 4-5 өрөө байрны үнэтэй адил жишгээр анхнаас нь тогтоох учиртай.
    
5. Нэг хүнд 20 толгой мал ногддог монголчууд өнөөдөр махыг хамгийн өндөр үнээр хүнсэндээ хэрэглэж байна. Япон, Өмнөд Солонгост хүнсний гол бүтээгдэхүүн цагаан будааны үнэ ялимгүй өсөхөд Засгийн газар нь өөрийн эрхгүй дэнжигнэдэг. Төрөөс нөөцийн мах бэлтгэхээс илүүтэйгээр дорвитойхон фермерийн аж ахуйг дэмжин хөгжүүлж, хөдөө аж ахуйн бирж байгуулан мах, сүүний эрэлт нийлүүлэлтийг тэнцвэржүүлж, зах зээлийн жамаар нь хөгжүүлье.

6. Жижиг, дунд үйлдвэрийг эхний 5 жилд татвараас чөлөөлж, өмнө нь олгож байсан 90 тэрбум төгрөгийн зээлийн хэмжээг 10 дахин нэмэгдүүлж, урт хугацаатай, хөнгөлттэй  зээл олгох бодит дэмжлэг дутагдаж байна. Улс орны эдийн засаг дан ганц уул уурхайгаас хамаардаг байж таарахгүй ээ. Үйлчилгээ, аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулж, жижиг, дунд үйлдвэр, хоршооллыг хөгжүүлснээр ажлын байрыг нэмэгдүүлэх боломжтой. Ялангуяа өрх толгойлсон 81013 эмэгтэйчүүдийг ажлын байраар хангаж, нийгмийн халамжийн үйлчилгээг эн тэргүүнд үзүүлэх хэрэгтэй. Эдгээр гэр бүлд эх орны ирээдүй хүүхдүүд өсч өндийж байна.

7. Эдийн засгийн ардчиллын хүрээнд томоохон ХК-иудын 50-иас доошгүй хувийг нээлттэй болгож, иргэдэд хүргэх хувьцааны тоог нэмэгдүүлэх ажлыг Хөрөнгийн биржээр дамжуулан хэрэгжүүлье. Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр, “Мобиком”, Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрээс эхэлж үлгэр жишээ үзүүлбэл зохино. Уул уурхайн томоохон ордуудаас ард түмэнд хувь хүртээхийн тулд стратегийн ордуудын 51 хүртэл хувийг иргэдэд хувьцаа хэлбэрээр олгох асуудлыг хуульчилья. Монголын төр Монголын ард түмнийг өмч хөрөнгөтэй болгох үүрэгтэй.

8. Уул уурхайн компаниудын ухаж, нөхөн сэргээлт хийгээгүйн улмаас  7.359.6 мянган га газар сүйджээ. Байгаль орчны шүүх, цагдаатай болъё. Монгол Улсын нутаг дэвсгэрт цөмийн хаягдлыг булшлах хуулийн цоорхой болгоныг бөглөх хэрэгтэй. Энэ бол үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын нэгэн баталгаа.

9. Жилд 700-900 оюутан гадаадад суралцаж байна. Өндөр хөгжилтэй орны Харвард, Оксфорд, Кембриджийн сургалттай их, дээд сургуульд Засгийн газрын тэтгэлгээр сургах оюутны тоог 10 мянгад хүргэх хэрэгтэй. Монголын их, дээд сургуулиудын 80 хувь нийгэмд баялаг бүтээдэггүй салбарын мэргэжилтнүүд бэлтгэдэг шүү дээ. Хүн төрөлхтөний технологийн хөгжил нано төвшинд хүрээд байхад бид газрын баялгаа ухаж авах аргатайгаа зууралдаж байна. Үрлэн төмөр, шингэн түлш, зэс утас зэргийг дотооддоо үйлдвэрлэх нь чухал. Дорнодын Тамсагаас жилд 350 мянган тн түүхий нефть Хятадад экспортолж байхын оронд түлш шатахууны үнийг 30 хувь хямдруулах нөөц бололцоо бий.

АН-ын гишүүн Жалбасүрэнгийн Батзандан
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж