Хацартаа “60+” гэсэн логог зурж, гартаа лаа атгасан залуус талбайг чимнэ. Эх дэлхийн цаг 2012-ын оролцогчид ийнхүү гэрэл унтрахыг хүлээж байгаа нь энэ. “Би эх дэлхийн цагт нэгдэж байгаадаа баяртай байна. Өмнө нь зүгээр л телевизээр үздэг байсан. Яг өөрөө оролцохоор гоё юм” гэж Г.Хосбаяр гэх залуу ярилаа. Талбайн доод хэсэгт урлагийнхан уран бүтээлийнхээ дээжсээс сонирхуулна. Тоглолт болж байх хооронд талбайд байх залуусын тоо нэмэгджээ. Дуу, хөгжим ийнхүү залуусыг татсан хэрэг. Хэсэг хугацаанд урлагийн тоглолт болж, тэр хэрээр гэрэл унтраах мөч ойртсоор…
Залуусын гол хүлээж байсан юм нь энэ. Арав, ес, найм… гурав, хоёр, нэг…
“Эх дэлхийн цаг” эхлэв. Гэтэл Төрийн ордон, нийслэлийн Засаг даргийн Тамгын газрууд гэрлээ унтраасангүй. Угтаа тэдэнд эх дэлхийн цаг хамаагүй ажээ. “Централ Тауэр” болоод Дуурийн теарт л гэрлээ унтраав. Дэлхийн 125 оронд хамгийн алдартай барилгууд нь гэрлээ унтрааж байхад Монголд эсэргээ асаалаа. Харин тэнд цугларсан залуус нь утсаа нэг цаг унтрааж, зарим машинууд гэрлээ унтраагаад хөдөлгөөнд оролцох нь багагүй хүнийг гайхшруулсан. “Уг нь талбай хавь тэр чигээрээ унтарсан бол… Даан ч унтраасангүй. Гэхдээ бид нэгдэж талбай дээр цугларч байгаа нь чухал” хэмээн Г.Ууганаа гэж өөрийгөө танилцуулсан залуу ярив. Үнэн хэрэгтээ жинхэнэ утгаараа гэрэл унтраагүй ч тэнд цугларсан залуус өөрсдийнхөө хүсэлтээр электрон эдлэлийнхээ гэрлийг унтраав.
Энэ бол “Эх дэлхийн ца”-гийн энэ жилийн уриа. Залуус амлалтаа өргөж, төв талбайд лаа барин нэг цагийн турш зогссон. Гэвч эрх мэдэлтнүүдийн байр энэ амлалтанд нэгдсэнгүй. Эрх мэдэлтнүүд нэгдээгүй ч залуус эх дэлхийн цагт нэгдсэн. Тэдний хэлсэн бүх амлалтууд сүхбаатарын талбайд цугларсан олонд хоёр цагийн турш хүрсэн юм. Нийтдээ тав орчим их сургуулийн оюутнууд амлалтаа өргөж, эх дэлхийн цагт нэгджээ. Хэдийгээр амлалтаа өргөсөн залуусын тал хэсэг нь ирсэн ч Монголд эх дэлхийн цагийг амжилттай зохиосон билээ.
Энэ жил Говь-Алтай аймагт эх дэлхийн цаг болсон юм. Албаны хүмүүсийн мэдээлж буйгаар Алтай хотод амьдардаг цөөнгүй залуус цугларч эх дэлхийн цагийг дэмжин оролцжээ. “Эх дэлхийн цаг”-ийн үеэр аймгийн Засаг даргын Тамгын газрын төв байрны гэрлийг унтраасан байна. Улаанбаатарт амлалтаа өргөсөн мянга, мянган залуусын адил, Алтай хотын залуус амлалтаа өргөжээ.
Улаанбаатарт 6000 хүн Сүхбаатарын талбайд цуглан “Эх дэлхийн цаг”-ийг дэмжсэн юм. Монгол оронд энэ үйл ажиллагаа хөдөө орон нутагт тэлж 2011 онд Увс аймгийн төв Улаангом хотын 1000 гаруй хүн, Ховд аймгийн төв Ховд хотод 500 орчим хүн нэгдсэн гэх мэдээлэл бий. Увс аймаг нь Монгол орны харьцангуй сэрүүн бүсэд оршдог тул 2011 оны “Эх дэлхийн цаг”-ийг цасан дээр тэмдэглэн өнгөрүүлснээрээ, мөн хөдөөний монгол хүн харанхуй бүдүүлэг гэж төсөөлдөг байсан гадны олон хүнд ухаалаг монгол хүний имижийг өсгөж өгсөн онцлог үйл явдал болсон юм.
“Эх дэлхийн цаг” дэлхийн бусад оронд ч болж өнгөрсөн. Тэнд гэрэл асах нь томоохон үйл явдал болдог бол манайд харин гэрэл асах тийм ч сүртэй байсангүй. Яагаад гэвэл унтраагүй учраас. Гэхдээ залуусын сэтгэл дотор гэрэл ассан гэдэгт эргэлзэхгүй. Ямар ч байсан эх дэлхийнхээ төлөө хийж чадах зүйлсээрээ тэмцэх урам зоригийг тэд олж авсан биз.
Дараа жил хүртэл баяртай. Жилийн дараа гэрлээ унтраая!