Чөлөөтийнхөн ганзага хоосон хоцров

Хуучирсан мэдээ: 2012.04.02-нд нийтлэгдсэн

Чөлөөтийнхөн ганзага хоосон хоцров

“Лондон-2012” зуны олимпийн наадмын эрх олгох тэмцээнд оролцсон Монголын чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид харамсалтай нь ганзага хоосон нутаг буцах боллоо. Гуравдугаар сарын 30-наас дөрөвдүгээр сарын 1-нд Казахстаны Астана хотноо болсон “Лондон-2012” олимпийн сонгон шалгаруулах Ази тивийн тэмцээнээс Монголын тамирчид эрх нэмж авч чадсангүй. Өнгөрсөн оны есдүгээр сард Туркийн Стамбул хотноо болсон ДАШТ-ээс эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд О.Насанбурмаа, эрэгтэйчүүдийн 120 кг-д Ж.Чулуунбат нар Лондонг зорих эрхээ авсан. Улмаар бусад жинд эрх нэмж авах зорилготой Астанагийн тэмцээнд зодоглосон юм. Тэмцээний хуваарийн дагуу эхний өдөр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн барилдаан болж, 55 кг-д Д.Цогтбаатар, 60 кг-д Г.Мандахнаран, 66 кг-ын жинд Б.Батзориг, 74 кг-д Д.Гомбодорж, 84 кг-д О.Үйтүмэн, 96 кг-ын жинд Д.Хүдэрбулга нар зодоглосон ч Д.Цогтбаатар, Г.Мандахнаран, Б.Батзориг, Д.Гомбодорж, О.Үйтүмэн, Д.Хүдэрбулга нар олимпийн эрхийн төлөөх барилдаанд дийлдсэн.

Харин өчигдөр эмэгтэйчүүд барилдлаа. Хамгийн хөнгөн жин болох 48 кг-д Гавьяат тамирчин Ц.Энхжаргал олимпийн эрхийн төлөөх барилдаанд ялагдаж, хүрэл медалийн төлөө Узбекистаны бөх Даулетбике Якшимуратоваг ялж, медалийн тавцанд гарсан бол 72 кг-ын жинд барилдсан Б.Одончимэг эхний тойрогт Хятадын бөхөд ялагдаж, улмаар дагах барилдаанд Энэтхэгийн бөхийг ялж, хүрэл медаль хүртсэн байна. 55 кг-ын жинд зодоглосон Э.Сумъяагийн тухайд эхний тойрогт хийлж, удаахь тойрогт Хятадын бөхөд ялагдсанаар тэмцээнээ дуусгажээ.

Одоо чөлөөт бөхийн тамирчдын хувьд олимпийн эрх олгох хоёр тэмцээн үлдэж буй. Эхнийх нь дөрөвдүгээр сарын 27-29-нд БНХАУ-ын Тайюань хотноо болох бол Финляндын нийслэл Хельсинк хотод тавдугаар сарын 2-6-нд олимпийн эрх олгох сүүлийн тэмцээн болно. Дээрх хоёр тэмцээнээс эрэгтэй, эмэгтэй нийт 11 жин тус бүрт эхний хоёр байр эзэлсэн буюу алт, мөнгөн медаль хүртсэн тамирчдад олимпийн эрх олгох юм.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж