Гуравдугаар сарын эхээр Орон сууцны санхүүжилтийн корпорациар ороход жилийн зургаан хувийн хүүтэй зээлд хэрхэн хамрагдах тухай мэдээлэл авах гэсэн иргэдийн хөлд дарагдаж байв. Харин өнгөрсөн долоо хоногийн сүүлээр тус газраар “шагайхад” өмнө нь бужигнаж байсан иргэд хаачив аа гэмээр нэг л нам гүмхэн байна лээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр Засгийн газрын санал болгож байгаа жилийн зургаан хувийн хүүтэй зээлийн талаар эерэг сөрөг мэдээлэл их цацагдаж байгаа болохоор иргэд телевизороор, хөршөөсөө, найз нөхөд, ажлын газрынхнаасаа энэ талаарх ойлголтыг хангалттай авч чадсан биз. Төр засгаас олгож байгаа боломжийг ашиглаад байртай болох гэж хэн хэнгүй бодож, зүтгэх нь зүйн хэрэг. Гэхдээ уг зээлд яаж ийгээд хамрагдлаа гэхэд бага, дунд орлоготой иргэд худалдан авах байр байхгүй байгаа нь л тэднийг бухимдуулж буй хамгийн том асуудал болоод байгаа юм.
Албаны хүмүүс ийн зөвлөх маягтай. Барилгачдын холбооны ерөнхийлөгч М.Батбаатар болон ЗТБХБЯ-ны Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын газрын дарга Ц.Ганхүү нар байр худалдан авахаа бага зэрэг хүлээзнэхийг анхааруулж байгаа. Олон жил гэр хороололд амьдраад болоод байсан юм чинь, одоо ядаж нэг жил хүлээчих гээд л. Бага зэрэг хүлээчихвэл байрны үнэ ирэх намраас буух юм даг уу даа. Монгол Улсын Засгийн газрын 2012 оны гуравдугаар сарын 16-ны өдрийн 82 дугаар тогтоолоор “100 мянган айлын орон сууц”-ны хөтөлбөрт хамрагдсан барилга, орон сууцны хоёр дахь ээлжийн жагсаалтыг баталсан. Уг жагсаалтад Улаанбаатарт баригдаж буй болон баригдахаар төлөвлөсөн 37971, орон нутагт 9566 орон сууцны барилга оржээ. Хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ ирүүлсэн компаниудын орон сууцны барилгын гүйцэтгэлийг шалгахаар ЗТБХБЯ-ны мэргэжилтнүүд шалгалт хийсэн байна. Шалгалтаар нийслэлийн төвийн зургаан дүүргийн 4382 орон сууцны барилгын 68875 айлын сууцнаас одоогийн байдлаар 98 орон сууцны барилга баригдаж байгаа гэнэ. Үүнээс 50 хувиас дээш гүйцэтгэлтэй 75 барилгын 6350 айлын орон сууц байгаа ажээ. Харин 55 метр квадрат хүртэлх талбай бүхий айлын орон сууц 4128 байгаа тухай албаныхан мэдээлж байна.
Бага дунд орлоготой иргэдэд зориулсан байрны үнэ доод тал нь нэг сая 400 мянган төгрөг байгаа. Тавлаж байгаа юм шиг, зарим компаниуд 2200000 төгрөгийн үнэтэй байрыг нь бага, дунд орлоготой иргэдэд санал болгож буй. Энэ асуудалд албаны хүмүүс “иргэд минь ээ, өнөө маргаашгүй байранд орох гээд өндөр үнэтэй орон сууц худалдан авах хэрэггүй. Хөтөлбөр 2016 он хүртэл хэрэгжинэ. Жилийн зургаан хувийн хүүтэй зээл ч 2016 он хүртэл хүчинтэй” гэдэг ганцхан тайлбарыг хийсээр. Хөтөлбөрийн хүрээнд жилийн зургаан хувийн хүүтэй зээлийн хүрээнд өгч байгаа 50 саяас илүүг өөрөө гаргах ёстой. Тэрхүү зөрүүг нь гаргах 20-40 сая төгрөг, бага дунд орлоготой иргэдэд байхгүй байгаад л хамаг учир байгаа юм.
“Барилга.мн”-ийн захирал Л.Батсүх төр нийлүүлэлтийг нь нэмэгдүүлэхэд анхаарахгүйгээр худалдан авалтыг дэмжээд үр дүнгүй гэдгийг тайлбарлаж байна лээ. Монгол Улсын Засгийн газар өөрөө үнэ хөөрөгдөх бодлого барьж байгааг буруутгаад нийлүүлэлт нь бүрдээгүй байхад төр, засгаас орон сууцны баахан хөтөлбөр зарлаж, үнийг замбараагүй өсгөсөн хариуцлагаа хүлээх ёстой гэдэг байр сууриа илэрхийлсэн. Төр засгаас худалдан авалтыг дэмжиж, эрэлтийг нэмэгдүүлчихээр үнэ өсч таараа. Энэ нь иргэдийг дэмжих биш эргээд гай болдог үзэгдэл. Өмнө нь Монголын төр хэд хэдэн хөтөлбөр нэртэй үнэ хөөсрөх бодлого баримталсныг тэрбээр шүүмжилсэн. Төр, засгаас орон сууц болон үл хөдлөх хөрөнгийн худалдаа, хөрөнгө оруулалт, түүний эргэлт, бүртгэл зэрэг дээр анхаарч энэ талын эрх зүйн орчинг сайжруулах тал дээр ажиллаж зохицуулаад өгвөл тэр нь ёстой орон сууцны үнийг бууруулахад маш хэрэгтэй, хөшүүрэг болох гэсэн. Тиймээс жилийн зургаан хувийн хүүтэй зээлийн асуудлаар шоу хийхээ зогсоож, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, барилгын салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг сайжруулах талаар анхаарах ёстой юм байна. Эхлээд нийлүүлэлтийг нь хангаад өгчихвөл үнийг хүчээр бууруулах шаардлагагүй. Зах зээлийнхээ жамаар хүссэн, хүсээгүй буурах юм байна. Өнөөдөр арилжааны банкууд барилгын компаниудад олгох зээлээ хумисан гэнэ. Тэгэхээр жилийн зургаан хувийн хүүтэй зээл гаргахаас өмнө барилгын компаниудыг бага хүүтэй зээлээр хангачихвал харин ч иргэд хямдхан байртай болох нөхцөлийг бүрдүүлэх аж. Ийм аргаар л үнийг бууруулахгүйгээр бага, дунд орлоготой иргэд байртай болно гэдэг худлаа гэв.
Эрчим хүчний газрынхан ийм тайлбарыг хийж байна лээ. Хэдийгээр төр засгаас хэрэгжүүлж буй “100 мянган айлын орон сууц”-ны хөтөлбөрийг дэмжих нь зөв ч эрчим хүчний эх үүсвэрийн хүчин чадал дийлэхгүй гэдгийг Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагчдын зөвлөлийн дарга Н.Мягмарсүрэн ярьсан. Улаанбаатарыг цахилгаан, дулаанаар хангаж байгаа эх үүсвэрүүд ачааллаа дийлэхээ болиод байгааг тэрбээр учирлана лээ. Тэгэхээр Засгийн газар тавдугаар цахилгаан станцыг барихгүйгээр “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүндрэл учирч болзошгүй юм байна. Оронсууцжуулах үндэсний хорооныхон хэдийгээр хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд эрчим хүчний асуудалгүй гэдэг ч харин салбарын мэргэжилтнүүд нь “тийм биш ээ” гэж хариулж байна. Орон сууцны үнэ ийнхүү хөөсрөхөд юу нөлөөлсөн бэ гэдэгт барилгын салбарынхан болоод эдийн засагчид янз бүрээр тайлбарлаж байна.
Нэгдүгээрт, Засгийн газрын бодлого. Нийлүүлэлтийг нэмэгдүүлэхгүйгээр ахмадын, төрийн албан хаагчдын, “100 мянган айлын” гээд орон сууцны элдэв хөтөлбөр хэрэгжүүлж эрэлтийг нэмэгдүүлсэн. Хоёрдугаарт, өнгөрсөн 2011 оны хавар үндэсний үйлдвэрээ дэмжих нэрээр гаалийн татварыг нэмсэн явдал. Гаалийн татварыг нэмснээр барилгын материалын үнэ өссөн. Гуравт, барилгын материалыг гаднаас оруулж ирэхэд багагүй хүндрэл учирдаг аж. Тухайлбал,, Замын-Үүдийн боомт 120 мянган айлын орон сууц барих хэмжээний материал нэвтрүүлэх хүчин чадалтай байдаг. Түүнээс илүүг чаддаггүй. Дээр нь тээвэрлэлт, ложистикийн зардлууд орон сууцны үнэ өсөхөд нөлөөлсөөр байгаа ажээ. Мөн авто болон төмөр зам, цахилгаан эрчим хүчний дутагдал зэрэг дэд бүтцийн хөгжил саармаг байгаа нь орон сууц олноор барихад бэрхшээл учруулсаар байгаа бололтой. Эцэст нь хэлэхэд байрны үнэ хэзээ буурч, бага дунд орлоготой иргэд баярлах бол доо.
хот, орон нутагт барих орон сууцны барилга, хотхон, хорооллын хоёрдугаар
жагсаалт