
Үнэхээр ч Европын хэд хэдэн орныг хамраад байгаа төсвийн хямралын нэгэн тод жишээ нь Испанийн өнөөгийн нөхцөл байдал бөгөөд тус улс олон тааруухан үзүүлэлтээрээ Европтоо “толгой цохиж” эхэлсэн байна. Испанид ажилгүйдлийн төвшин 24 хувьтай байгаа нь өнөөдөр Европ дахь хамгийн өндөр үзүүлэлт болон “шалгарч” байгаа юм. Тус улсын 25 хүртэлх насны залуусын тал хувь нь ажилгүй болсон байгаа аж. Испанийн сөрөг хүчин болон бусад мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар бол өнгөрөгч арваннэгдүгээр сард болсон сонгуулийн дараа гарч ирсэн Мариано Рахояагийн Засгийн газрын эрс өөрчлөлтийн алхмууд иргэдийн уур бухимдлыг дэвэргэсээр байгаа гэнэ.
Испанийн одоогийн Засгийн газрын ихэнх шийдвэрүүд нь нийгмийн халамжийн маш олон таатай хуваарилалтуудыг танаж хассан тул жирийн испаничуудад хүндээр тусаад байгаа юм байна.
Испанийн одоогийн Засгийн газар тус улсын түүхэнд урьд өмнө нь огт гарч байгаагүй хатуу арга хэмжээг авч байгаагийн тод жишээ нь улсынхаа төсвийг маш их хэмжээгээр хассан явдал болж байна. Испанийн Засгийн газар 2012 оны улсын төсвөө 27 тэрбум еврогоор бууруулахаар болж байгаа бөгөөд энэ нь маш олон сөрөг үр дагаврыг авчирч байгаа гэнэ. Иймээс өнгөрөгч долоо хоногт сүрт жагсаал цуглаан болсон гэж ажиглагчид үзэж байгаа юм. Тус улсын төсвийг 27 тэрбум еврогоор бууруулна гэдэг нь тус улсын эдийн засгийн бүтээмжийн 2.5 хувьтай тэнцэх их хэмжээний тоо ажээ. Испаничуудыг маш их бухимдуулж байгаа шийдвэрүүд дээрх төсвийн таналт дотор багтаж байгаа бөгөөд төрийн байгууллагад ажиллагсдын цалинг нэмэлгүй, харин ч одоо байгаа хэмжээнд нь царцааж улмаар төр захиргааны байгууллагын төсвийг бараг 20 хувиар танасан ажээ. Энэ шийдвэр нь төрийн байгууллагад ажиллагсдын амьдрал ахуйг бууруулаад зогсохгүй уур хилэнг нь маш их дэвэргэж байгаа талаар Испанийн хэвлэлүүд бичиж байна. Төсвийн асар их хэмнэлтийн “шуурганд” хамгийн их хэлмэгдсэн төрийн яамаар Испанийн Гадаад хэргийн яам “шалгарч” байгаа гэнэ. Испани өөрийн гадаад бодлогыг хэрэгжүүлэгч бүтцийнхээ төсвийг 50 хувь танаад байгаа аж. Тэгвэл төрийн өмчид байгаа зарим аж үйлдвэр, эрчим хүчний салбар болон аялал жуулчлалын салбарынхны төсөв 32 хувиар танагдаж байгаа бөгөөд нийт улсын төсөвт байгууллагын төсөв бүхэлдээ 34 хувь багасч байгаа юм байна.
Тэгвэл зөвхөн төрийн төдийгүй хувийн хэвшилд ажиллагсдын дургүйцлийг хүргэхээр ноцтой шийдвэрийг ч Испанийн Засгийн газар бас гаргаж байгаа юм. Энэ онд том компаниудад ноогдуулж байгаа татварын хэмжээг нэмэгдүүлэн авснаар 12.3 тэрбум еврогийн нэмэлт хөрөнгийг төсөвт татаж авна гэж тооцоолсон байна. Энэ нь Испанийн хувийн хэвшлийн тэргүүлэгч компаниудад хатуу сорилт болохоор байгаа гэнэ. Тэртээ тэргүй өрсөлдөх чадвараа алдаж эхлээд байгаа Испанийн хувийн хэвшлийн томоохон “брэнд”-үүд дээрхи татварын нэмэгдлийг үүрснээр улам ч хэцүү байдалд орж болохоор байгаа ажээ.
Энэ талаар Испанийн Засгийн газрын тэргүүний орлогч хатагтай Сораяа Сантамария тайлбар хийхдээ “Манай улс үндэстэн маш төвөгтэй байдалд орчихоод байгаа юм” гэж учирласан байна. Мөн тэрээр “Өнөөгийн энэ ээдрээтэй нөхцөл байдал аливаа зардлыг эрс бууруулахыг биднээс шаардаж байгаа ч үүний зэрэгцээ бүтцийн өөрчлөлтийг хийснээр эдийн засгийн өсөлтийг бий болгож ажлын байрыг нэмэгдүүлэхийг бас шаардаж байгаа” гэжээ. Харин олон эдийн засагчид Испанийн Засгийн газрын хэрэгжүүлж байгаа одоогийн төсвийн таналт нь Европын холбооны түншүүдэд нь хангалттай санагдахгүй байгаа гэж шүүмжилсээр байна. Өнгөрөгч сард Европын холбооны комиссоос Испанийн ерөнхий сайд Мариано Рахояатай зөвшилцсөнөөр Испанийн ДНБ-ний 8.5 хувьтай тэнцэхээр байгаа төсвийн алдагдлыг энэ онд 5.3 хувь болгон бууруулах үүргийг Испанийн тал авсан байна. Гэвч энэ үүргийг биелүүлэхийн тулд Испанид маш олон жилийн хугацаа шаардлагатай бөгөөд испаничуудад тун таагүй үр дүн авчирна гэж мэргэжилтнүүд таамаглаж байгаа аж. “Испанийн Засгийн газрар энэ олны сүүлч гэхэд илүү хатуу чанга арга хэмжээ авахаас өөр аргагүйд хүрэх байх. Энэ нь тэртээ тэргүй хэцүү байгаа эдийн засагт нэмэлт ачааллыг өгөх болно” гэж эдийн засагч Раж Бадиани ВВС агентлагт ярилцлага өгөхдөө хэлжээ.
Улстөрийн хүрээнд Испанийн хямралыг зохицуулах гэж янз бүрийн хэлэлцээ тохиролцоо хийгдэж байх хооронд жирийн испаничуудын амьдрал улам л хэцүү байдалтай болж байгаа юм. Испанийн эрчим хүчний сайд Хосе Мануэль Сориа өчигдрөөс эхлэн испаничуудын амьдралын өртөг чамгүй өсөх болсныг зарлахад хүрчээ. Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 1-ээс эхлэн Испанид хэрэглээний цахилгааны үнэ 7 хувиар, харин ахуйн хэрэглээний хийн төлбөр 5 хувиар тус тус өсч байгаа юм байна. Дашрамд хэлэхэд энэ нь ямар ч тоглоом шоглоом харамсалтай нь биш байсан бөгөөд албан ёсоор мөрдүүлж эхэлсэн байна. Түүнээс гадна Испанийн Засгийн газар иргэдийнхээ орлогын албан татварыг 1.9 хувиар нэмэх тухайгаа удахгүй зарлах болно гэсэн мэдээлэл гарч байгаа аж. Нэг үгээр хэлбэл испаничуудын уур хилэнг намжаахаар сайн мэдээ ойрын мөдөд сонсогдохгүй гэж Засгийн газрын ойр эх сурвалжууд мэдээлсээр байгаа гэнэ. Мөн өнөөдрөөс илүү дэлгэрэнгүй задаргаатайгаар олон нийтэд зарлагдах Испанийн төсвийн төсөөлөл нийтлэгдсэний дараа нөхцөл байдал дахин хурцдаж болохыг зарим шинжээчид үгүйсгэхгүй байна. Харин өнгөрсөн долоо хоногийн эцсээр Данийн Копенхагенд хуралдсан Европын орнуудын сайд нарын уулзалтын үеэр Европын орнуудыг хямралаас гаргах сангийн хэмжээг 800 тэрбум евро буюу нэг триллион ам.доллар хүртэл нэмэгдүүлэхээр тохиролцсон бөгөөд энэ сангийн зээл өгөх бололцоо болон ОУВС-ийн дэмжлэг нь Испани болон Италийн нөхцөл байдлыг ойрын гурван жилд одоогийнхоос муутгалгүй барьж байхад хүрэлцэнэ гэж зарим шинжээчид үзжээ. Гэхдээ угаасаа халуун цустай испаничууд болон тэдэнд хатуурхаад байгаа Испанийн Засгийн газар хоорондын ширүүн тэмцэл цаашид үргэлжлэхгүй гэсэн баталгааг харин хэн ч өгч чадахгүй байгаа билээ.
