Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2012.04.02-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Холбооны Бүгд найрамдах Герман улсад хийсэн албан ёсны айлчлал өндөрлөж айлчлалын бүрэлдэхүүн өнөөдөр эх орондоо ирнэ.

Ингээд өнгөрөгч өдрүүдийн айлчлалын арга хэмжээний талаар товчлон хүргэе.

Гуравдугаар сарын 28

 -Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн ЭЛБЭГДОРЖ, гэргий Хажидсүрэнгийн БОЛОРМАА нар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч Ёоахим Гаукийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийхээр Берлин хотод хүрэлцэн ирлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэхүү  айлчлал нь Монгол Улсаас Европт хийж буй анхны төрийн айлчлал төдийгүй Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ХБНГУ-ын шинэ Ерөнхийлөгч Ё.Гаукийн анхны зочин болж байгаагаараа тус улсын улс төрийн хүрээнийхэн болон хэвлэл мэдээллийнхний анхаарлыг татаж байлаа.

-Зочдыг тус улсын Ерөнхийлөгч Ё.Гаук , гэргий Д.Шадт нар “Бэллвью” өргөөнөө албан ёсоор угтаж авлаа. Энэхүү уулзалтын үеэр тэд Монголд нүүрс шингэрүүлэх үйлдвэр барих, нүүрс-химийн аж үйлдвэрийн суурийг бий болгох, төслийг амжилттай хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардагдах хөрөнгө оруулалт, хууль эрхзүйн таатай нөхцлийг хангаж  хамтран ажиллах талаар санал солилцов.

Гуравдугаар сарын 29

-Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид ХБНГУ-ын Канцлер хатагтай А.Меркел бараалхав. Хатагтай А.Меркел Германы Засгийн газар анх удаа Монгол Улстай ашигт малтмалын салбарт хамтран ажиллах хэлэлцээр байгуулсныг онцолж энэхүү хэлэлцээрийг ажил хэрэг болгох саналуудыг дэмжихээ илэрхийлэв. Тэд нүүрснээс шингэрүүлсэн түлш гаргах үйлдвэр барих төсөл, германы уул уурхайн стандартыг Монголд нэвтрүүлэх, сэргээгдэх эрчим хүчний томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлэх, шинжлэх ухааны парк барих зэрэг асуудлуудаар ярилцаж санал солилцлоо. Дараагаар нь Берлин хот дахь Холбооны Канцлерын Тамгын газарт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ХБНГУ-ын Канцлер А.Меркел нар хамтран хэвлэлийн мэдэгдэл хийв.

-Холбооны дэд канцлер, Эдийн засаг, технологийн сайд ноён Филипп Рөслер Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид мөн бараалхав. Уулзалтын төгсгөлд “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш, Дойчэ банкны ТУЗ-ийн гүйцэтгэх захирал Ю.Фитчен нар “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн хувьцааг олон улсын хөрөнгийн бирж дээр арилжаалахад /IPO/ хамтран ажиллах гэрээнд, мөн “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш Германы Сийменс компанийн эрчим хүчний асуудал эрхэлсэн захирал М.Такэтай цахилгаан станцын төслийн хүрээнд трубин нийлүүлэх гэрээнд тус тус гарын үсэг зурлаа.

Гуравдугаар сарын 30

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Берлин хотын дарга К.Вовэрайтыг хүлээн авч уулзан, Берлин дэх “Нойе Вахе” дурсгалын газарт ирж, дайн болон бурангүй дэглэмийн хохирогч, хэлмэгдэгсдийн дурсгалд зориулсан хөшөө цогцолборт цэцэг өргөв.

Дараагаар нь тус улсын Бундестагийн Ерөнхийлөгч Н.Ламмерт бараалхлаа. Монголын парламентын болон Германы Бундестагийн удирдлагын түвшний,мөн байнгын хорооны дарга нарын харилцаа улам бүр эрчимжиж байгааг энэ уулзалтын үеэр санал нэгтэй сайшаалаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж тус улсын хууль тогтоох дээд байгууллага болох парламентын доод танхим-Бундестагт үг хэлсэн нь энэхүү айлчлалын хамгийн анхаарал татсан, түүхэн үйл явдал байлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн ХБНГУ-д хийж байгаа төрийн айлчлалын хүрээнд 2011 оны 10 дугаар сард Холбооны канцлер А.Меркелийн айлчлалын үеэр гарын үсэг зурсан “Ашигт малтмал, аж үйлдвэр болон технологийн салбарт хамтран ажиллах тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх Монгол, Германы Засгийн газрын ажлын хэсгийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд оролцсон эдийн засгийн хорооны анхдугаар хамтарсан хуралдааныг ХБНГУ-ын Холбооны Эдийн засаг, технологийн яаманд амжилттай зохион байгуулав.

Гуравдугаар сарын 31

Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын үр дүн болсон нэгэн чухал арга хэмжээ ХБНГУ-ын Дюсселдорф хотын Ландсберг шилтгээнд боллоо. Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээний уулзалт, яриа хэлэлцээнүүдийн үер Ашигт малтмал олборлох, боловсруулах салбарт манай хоёр орон стратегийн түншлэл тогтоож байгааг хоёр тал санал нэгтэй олзуурхаж байсан бөгөөд энэхүү түншлэлийн хүрээнд зарим тодорхой саналыг ажил хэрэг болгох асуудлыг ярьж байсан юм. Тухайлбал Таван толгойг түшиглэсэн коксын үйлдвэр байгуулах, мөн нүүрсийг шингэрүүлж түлш гаргах чиглэлээр хамтран ажиллах боломжтой болохыг харилцан санал нэгтэй ярьж байв.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж