Р.Бурмаа: Сонгуулиа хийж чадахгүй гэвэл огцор

Хуучирсан мэдээ: 2012.04.02-нд нийтлэгдсэн

Р.Бурмаа: Сонгуулиа хийж чадахгүй гэвэл огцор

“Сонгогчдын боловсрол төв”-ийн тэргүүн Р.Бурмаатай цаг үеийн зарим асуудлаар ярилцлаа.

-УИХ өнгөрөгч чуулганаар сон­гуу­лийнхаа хуулийг батлан гарга­сан. Гэтэл энэ хуулийн зарим заалтыг саяхан Үндсэн хууль зөрчлөө гээд Цэц унагачихлаа. Үүнд судлаачийнхаа хувьд үнэлэлт өгөөч?

-УИХ-ын сонгуулийн хуульд зөрчилтэй заалтууд байсан болоод л уналаа. Ингээд ялагдсан нэр дэвшигч намын нэрийн жагсаалтаар сонгогдож болох гэсэн заалт хүчингүй боллоо. Миний бодлоор Үндсэн хуулийн Цэц харин ч их удаж байж шийдлээ.

-Уг нь УИХ-ын бүхий л шат, хэлэлцүүлгүүдийг дамжин явахад нь бүх л хуульчид нь Үндсэн хуулийн зөрчил байхгүй гэж үзэж байсан юм биш үү?

-УИХ-ын гишүүд л тэгж үзэж баталсан байх. УИХ-с гадна байгаа судлаачид, хуульчид болохгүй гээд хэлээд л байсан шүү дээ.

-Тэгээд Цэцийн хурлаар унасан зохицуулалтыг хэрхэн Үндсэн хуульд нийцүүлнэ гэж. Хувилбар санал болгооч. Үндсэн хууль зөрчсөн гээд дордуулчихаж болохгүй биз дээ?

-Сонгуулийн хуулийн 48-ыг нэрээр, 28-ыг намаар  сонгоно гэдэг заалт хүчингүй болоогүй шүү дээ. Тойрогт ялагдсан ч 28-аас дээш хувийн санал авсан нь намын нэрээр сонгогдож болно гэдэг заалт л хүчингүй болсон. Тэгэхээр сонгогчдоос авах саналаа тэмдэглэх зэрэгт өөрчлөлт гарахгүй. Сонгогдсон нэр дэвшигчдийн нэрсийг гаргах хэсэг л өөр болно. УИХ одоо Цэцийн шийдвэрийг хүлээж авахгүй гээд яах вэ дээ. Харин хурдан хүлээж аваад сонгууль зохион байгуулах болон нэр дэвших хүмүүс бэлтгэлээ хангах боломжийг өгөх хэрэгтэй байна.

-Шилжилттэй холбоотой заалтын зорилго нь сонгогчдын өгсөн санал үнэгүйдэхгүй байх гэж ойлгож байгаа. Гэтэл энэ заалтыг нь авчихаар намын нэрийн ард өнөөх ард түмний сонгохыг хүсэхгүй байгаа нөхдүүд гараад ирэхгүй юу?

-Хуульд, нэр дэвшүүлэхдээ ур чадвар, боловсрол мэдлэг, ёс зүйг харгалзах ёстой гээд заасан байгаа. Энэ дагуу намууд нэр дэвшүүлэх  шалгуураа хуульд нийцүүлж ил тод болгох хэрэгтэй. Хэрэв сонгогчдын сонгохыг хүсэхгүй нөхдүүдийг хүчээр нэрсийн эхэнд бичээд ирвэл сонгогчид хэнийг ч дэмжихгүй гээд саналаа өгөх боломж байна. Тойрогт нэр дэвшигчдээс хэн нь ч таалагдахгүй бол хэнийг ч дэмжихгүй, ямар  ч тэмдэглэгээ хийхгүйгээр саналын хуудсаа санал авах төхөөрөмж рүү хийж бас болно. Таны санал хүчинтэйд тооцогдоно. Аль ч нэр дэвшигч 25 хувиас дээш санал аваагүй бол тэр тойрогт сонгууль дахина, намууд сонгогчдод таалагдах хүнээ дэвшүүлэхээс өөр аргагүй, таван хувь хүрээгүй нам намын нэрээр суудал авч чадахгүй болно.  

-Сонгууль болохоос зургаан са­рын өмнө УИХ-ын сонгуулийн хуу­льд гар хүрч болохгүй байх зохи­цуулалттай шүү дээ. Зарим хуульчид Үндсэн хуулийн Цэц ингэж шийдсэн ч хуулийн хязгаарлалттай хугацаанд багтаж байгаа гэж тайлбарлаж байна. Энэ заалттай харшлахгүй гэж байна л даа?

-УИХ-ын гишүүд өөрсдөө сонгуу­льд оролцож, нэр дэвшигчдийн тоонд ордог тул  өөрсөндөө ашигтай байдлаар өөрчлөлт хийж магад гэдгээс болгоомжилж  зургаан сарын өмнө өөрчлөлт оруулж болохгүй гэдгийг УИХ-д зориулж хийсэн зохицуулалт. Тэрнээс Үндсэн хууль зөрчсөн хууль баталчаад хугацаагаар хааж хууль бус үйлдэл хийгээд явж болохгүй шүү дээ. Тэгэхээр Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг хэрэгжүүлэхэд энэ зургаан сарын өмнө гэдэг зохицуулалт огт хамаарахгүй.

-Ер нь УИХ энэ шийдвэрийг хэрхэн хүлээн авах бол. Одоо хаврын чуулган эхлэнгүүт 15 хоногийн дотор хэлэлцээд нэг шийдэл гаргах байх?

-Хүлээж авахаас өөр аргагүй шүү дээ. Үгүй гэхэд, Цэц их суудлаараа шийдэхэд УИХ дахиж үгүй гэх арга байхгүй, Цэцийн шийдвэр эцсийнх болно.

-Гишүүдийн олонх, тэр тус­маа МАН-ын гишүүд цэцийн энэ шийдвэрийг бараг шуудхан хүлээж авах байх гэж бодож -байна. Сон­гуулийн хууль батлагдахаас өмнө зарим гишүүдтэй уулзаж байхад энэ заал­тыг цэц дээр уначих байх гэж эргэлзэцгээж байсан?

-Сонгууль зохион байгуулах цаг хугацаа, нэр дэвших хүмүүс бэлтгэхэд цаг их давчуу байна. Иймд хурдан шийдэх байлгүй дээ. Тэр нам энэ нам ингэнэ гэдэг талаар би мэдэхгүй байна.

-УИХ-ын болоод орон нутгийн сон¬гуулийг хамтад нь явуу¬лах хуулийн орчинтой. Гэвч энэ нь одоог хүртэл эргэлзээтэй байна. Тэр эргэлзээ гол нь хуулийг хэрэг­жүү­лэгчдэд байсаар байна. Энэ талаар?

-Энэ талаар хүчинтэй гурван хуулиар зохицуулагдаж байна. УИХ, орон нутгийн сонгууль хамт явна гэсэн Орон нутгийн сонгуулийн хууль хүчинтэй байна. Сонгуулийн автоматжуулсан системийн тухай 2011 онд батлагдсан хуулиар орон нутаг, УИХ-н, Ерөнхийлөгчийн болон Бүх ард түмний санал асуулга автоматжуулсан тоног төхөөрөмжөөр явнаа гэчихсэн. УИХ-н сонгуулийн тухай хуулинд үүнийг тусгасан байгаа. Нэгэнт хүчинтэй байгаа хуулийг хэрэгжүүлэх ёстой байгуулгууд хэрэгжүүлэх л ёстой ш дээ. Хүсэл байвал хамт явуулж болно. Хийж чадахгүй гэвэл огцрох л хэрэгтэй.  

-“Хүсэл байвал хамт явуулж болно” гэж байна. Хэчнээн хүсээд хүсээд нээрээ боломж нь бүрдэхгүй болчихвол яана даа?

-УИХ, Орон нутгийн сонгууль хамт явна гэсэн зарчмын шийдлийг одоогийн УИХ-д байгаа намуудаас ч олон намын төлөөлөлтэй байхдаа өмнөх УИХ шийдсэн гэдгийг яагаад хүлээн зөвшөөрөхгүй байна. Тэгэхээр хамт явуулахын тулд процессын зөрөөд байгаа зарим зохицуулалтыг УИХ хаврын чуулганы эхэнд шийдээд өгвөл  асуудалгүй болгож болно. Санал авах, тоолох ажиллагаа, сонгогчдын нэрийн жагсаалт гаргах, сонгуулийн хороодыг байгуулах зэргийг УИХ-н зохих заалтуудыг орон нутгийн сонгуульд хэрэглэнэ гээд л болно шүү дээ.

-Ер нь нэг зүйлээс айж байна. Ирэх сонгуулийн дараа юу болох бол гэдгээс. Яагаад ингэж айхад хүргэв гэдгийг хэлье. Таксинд суугаад явах бүрт жолооч нар нь улс төр ярьж байна. “Муусайн юмнуудыг дээ” гэж занасан, үзэн ядсан хүмүүс. Сонгуулийг шударга, асуудалгүй явуулж чадахгүй бол энэ их бухимдал юунд хүргэх бол. “Сонгуулийн хуулийг нь Цэц Үндсэн хууль зөрчсөн гэж байна, Бүртгэлийн газрын даргаар МАН өөрсдийнхөө хүнийг учиртай тавьжээ, энэ улс төрчид өөрсдийгөө гаргаж ирэх гээд байна” гээд л бухимдсан хүмүүсийн санал шударгаар авч чадахгүй бол?

-Сонгуулийг шударга явуулахын тулд хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй байна. Хүн бүр нэрсийн жагсаалтанд үнэн зөв бичиж үү, манай гэр хажуу хөршийнд илүү хүн бичиж  үү гэх мэт магадлах хэрэгтэй. Сонгогчийн санал худалдан авах гэснийг нотловол арав нугалж урамшуулан СЕХ-с тэр мөнгийг олгоно, дараа нь төр тэр буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ гэсэн шинэ хуулийн заалт байгаа. Сонгогчид сонгуульд оролцохгүй бол ирсэн цөөхөн хүмүүсээс санал аваад сонгогдоно. Бидний хүсээгүй хүмүүс соногдоод дахиад л дөрвөн жил бухимдах болно.

-Нэр дэвших гэж байна уу?

-Би 50 саяыг төлөөгүй. Мөнгөөр шалгуур тавьж байгаад шүүмжлэлтэй хандаж байгаа.

-Танай намын "50 сая төгрөг өгөөгүйг нь нэр дэвшүүлэхгүй" гэх зүйл юу болж байна?

-Мэдэхгүй юм аа.

-Буруугаар битгий ойлгоорой. 50 сая төгрөг ч өөртөө олж чадахгүй байж яаж улс төрд орох гээд байгаа эмэг­тэйчүүд вэ гэх коммент олон явдаг. Гэрээ засаад төрөө зас гэцгээ­дэг. Гэтэл эмэгтэйчүүд гэрээ зассаар, зассаар, дуусч өгдөггүй юм  шиг ээ?

-Асуудал мөнгө олж чадах эсэхдээ биш. Нэр дэвших шалгуур нь мэдлэг чадвар, ёс зүйтэй хүн үү, УИХ-ын гишүүний ажлыг хийж олон түмнийг төлөөлж чадах уу гэхээсээ илүү мөнгөн шалгуур тавьж буй нь таалагдахгүй байна. Нэг компаниас мөнгө босгоод сонгуульд орлоо, сонгогдлоо, гэтэл тэр хүн олон түмний эрх ашгийг эхэнд тавих уу, мөнгө өгсөн компанийнхаа эрх ашгийг эхэнд тавьж ажиллах уу гэдэг асуулт байна шүү дээ, тэгвэл.

-Сонгуулийн хуулиар эмэгтэй­чүүдийн квотыг оруулж өгсөн. Үүнд хэр сэтгэл ханамжтай байгаа вэ?

-Яах вэ, нэг алхам мөн. Гэхдээ намын нэрсийн жагсаалтад эрэмбэлэгдэх асуудлыг шийдээгүй орхисон тул дутуу л шийдэл болсон.

-Дахиад л сөргүүлсэн асуулт. Эмэгтэйчүүд квоттой квотгүй өөрсдийнхөө чадлаар гараад ирж болдоггүй юм уу. Заавал квот гэх ямар хэрэг байна?

-Олон улсад үүнийг судлаад хэрэглэж байна. Тэрбум төгрөг зарцуулахад оролцоод явж байгаа, одоогийн УИХ-ын гишүүн гэсэн давуу эрх, боломж, нөхцөлд байгаа эрчүүдтэй өрсөлдөхөд тун тэнцвэргүй тулаанд орно.  Зарим улс тэнцвэргүй нөхцөл байдал арилтал энэ квотыг тодорхой хугацаанд хэрэглэдэг. Тэрнээс эмэгтэйчүүд мэдлэг боловсрол чадвар нь дутаад квотоор оруулж ирэх гээд байгаа юм биш л дээ.

-Өмнөх сонгуулиудын үеэр явагдсан ямар булхайны аргуудыг мэдэж байна вэ. Жишээ хэлээч. Таны энэ хэлсэн булхайнуудыг одоогийн хуулиар хориглож чадсан уу?

-Сонгогчдын нэрсийн жагсаалтыг будлиулж маш олон хүнийг нэмж давхар санал өгүүлж байсан. 2008 оны сонгуулиар орон нутгийн болон УИХ-ын сонгуулийн нэрсийн жагсаалт 286 мянгаар зөрж байсан. Филантрофи ТББ-аас Баянзүрх дүүргийн сонгогчдын нэрийн жагсаалтыг тулгаж үзэхэд ойролцоогоор гуравны нэг л бодит  байх ёстой сонгогчид гуравны нэг орчим нь огт тэнд амьдардаггүй болон огт байдаггүй хаяг байшинд баахан сонгогчийн бичсэн байсан байна. Үлдэх гуравны нэг орчим нь мэдээлэлийг нь тулгах боломжгүй байсан. Энэ сонгуулиар цахим иргэний үнэмлэхээр сонгууль өгнө. Гарын үсэг, хурууны хээ, фото зурагтай  тулгаж үзэж байж сонгуульд оролцуулна. Мөн хэсгийн хорооныхон айл айлаар очиж тулгалт хийх нэрээр будлиулдаг байсныг болиулж зөвхөн Иргэний бүртгэлийн улсын байгуулга хариуцна. Зөрчил гаргавал төрийн албанаас халагдана, зохион байгуулалттай будлиан зөрчил хийвэл “төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэсэн хэрэг” гэж үзнэ гээд эрүүгийн хуулинд шинэ заалт орсон. Бас нэг сонгуулийн том луйвар бол саналын хуудсыг тоолохдоо өөр хүнд шилжүүлж тоолдог.  Санал өгсөн нь биш санал тоолсон нь сонгуулийн дүнг шийддэг байдал өмнөх сонгуульд гарч байсан.  Энэ байдлыг гаргахгүйн тулд 2012 сонгуулийг автоматжуулсан төхөөрөмжөөр тоолох гэж шийдсэн. Хэрвээ эргэлзээ төрвөл саналын хуудсыг гараар давхар тоолж  нягтлах хувилбарыг сонгосон. Гол нь өмнө нь байгаагүй шинэ чухал заалт энэ хуульд орсон. ТББ ууд сонгуулийн хороодыг хуулийн дагуу ажиллаж байна уу, сонгууль зохион байгуулах ажиллагаанд хяналт мониторинг хийх эрхтэй болсон гээд тоочвол олон зүйл байна.

Б.МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж