Шүүх хурал хойшлохын өмнө ч, дараа нь ч улстөрчид болоод энэ сэдвийг сонирхогчдын хооронд ширүүхэн “тулаан” өрнөж байгаа. Твиттерээр жиргэж байгаа жиргээчдийн хэрүүлийн сэдэв ч гэсэн мөн л долдугаар сарын 1-ний хэрэг. Тэдний нэг Сангийн дэд сайд Ч.Ганхуяг “Харин би энэ үймээнийг эхлүүлсэн эздийг шүүхгүй байгааг хараад гайхаад сууж байна. Хачирхмаар, харамсмаар” хэмээн халагласан байна лээ. Сайдад сануулахад Ж.Батзандан, О.Магнай нарын хувьд “төрийн эсрэг гэмт хэрэг” гэдэг цаазын ялтай зүйл ангиар шалгагдаж байгаад хожим Өршөөлийн хууль гарч, өршөөлд хамрагдсан юм. Өршөөлийн хуулиар тухайн хүн гэмт хэрэгт холбогдолтойгоо хүлээн зөвшөөрсөн тохиолдолд мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолын дараа өршөөлд хамрагдаж болдог. Харин гэмт хэрэгт холбогдолгүй, өөрийгөө гэм буруугүй гэж үзэж байгаа бол хэргээ шүүхээр эцэслэн шийдүүлдэг хуультай. Тэгэхээр иргэний хөдөлгөөний хоёр тэмцэгч тухайн үед өөрийн “гэм бурууг” хүлээн зөвшөөрөөд яллагдчихсан гэсэн үг. Хэрвээ тэгээгүй бол, өөрсдийгөө гэм буруугүй гэж зүтгээд шүүхээр яллуулсан бол, хэрвээ Ерөнхийлөгч цаазын ял дээр хориг тавиагүй байсан бол тэд өдийд бидний дунд байхгүй ч байсан байж мэднэ.
Гэтэл үнэндээ бол тэд зүгээр л “Бидний сонголтыг хулгайллаа” гэж хэлээд босч жагссан жирийн иргэд, Монголын мянга мянган залуусын л нэг шүү дээ. Тэдний дор цагдаагийн бүхэл бүтэн бие бүрэлдэхүүн ажиллаагүй, тэд сум, галт зэвсэг тараагаагүй, намын байрыг галдаж шатаагаагүй. Худлаа гэвэл жагсагчид МАХН-ын байрны шил цонхыг хагалж, чулуу нүүлгэж эхэлсэн тэр үед Ж.Батзандан, О.Магнай хоёр жагсаалыг тараах гэж очоод өөрсдөө тархиа хага цохиулаад буцаж байсныг нотлох телевизийн бичлэг ч одоо хэр нь байгаа. Тэгээд тэд цагдаагийн дарга нартай адил дүүргийн эмнэлэгт хоргодох биш, Ганцхудагийн шоронд өөрсдийг нь өмгөөлөх эр зориг гаргах өмгөөлөгч олдох болов уу, шүүх шударга шийдэх болов уу хэмээн айн хоригдож байсан.
Хоёр дахь нь жагсаал цуглааныг тараахаар ажиллаад хөл, гар, тархи толгойгоо хагалуулж, хүнд, хөнгөн гэмтэл авсан цагдаа нарын асуудал. Энэ явдлыг цагдаагийн дарга нарын хэрэгтэй жишиж ярих явдал одоо “мода” болоод байгаа. Уг нь бол энэ хоёр үйл явдал огт өөр зүйл л дээ. Нэг нь эмх замбараагүй байдлыг зохицуулахаар ажил үүргээ гүйцэтгэж яваад эрүүл мэндийн хувьд хохирсон, нөгөө нь хэн нь тушаал өгсөн, хэн буудсан нь ойлгомжгүйгээр онц байдлын үеэр галт зэвсэг ашиглан олон хүний амь хохироосон хэрэг. Онц байдлын үеэр болсон бүх үйл явдлын хариуцлагыг тухайн үед ажил хариуцаж байсан албан тушаалтнууд хүлээх ёстой. Хэрвээ энэ нь хуулийн хүрээнд болсон бол түүнийгээ шүүхийн өмнө нотлох ёстой л гэсэн үг. Хэрвээ цагдаагийн бие бүрэлдэхүүн, албан хаагч нар хохирол амссан бол нэг бол хохирол учруулсан этгээдийг нэг бүрчлэн тогтоож, шүүх хариуцлагыг нь хүлээлгэх ёстой. Ингэх боломжгүй бол төр өөрөө хохирлыг барагдуулах үүрэгтэй. Үүнээс гадна Засгийн газар ажил олгогчийн хувьд цагдаагийнхныг нэг бүрийн хамгаалах хэрэгсэл буюу үймээнийг таслан зогсооход шаардлагатай хэрэгслээр хангасан байх ёстой. Хангаагүй бол буруутан нь ажил олгогчийн хувьд Засгийн газар, Хууль зүй, дотод хэргийн яам болж байгаа юм. Гэтэл өнөөдрийг хүртэл намынхаа байрыг шатаалгасны нөхөн төлбөрт 11 тэрбум төгрөг төсвөөс төлүүлж авсан хэрнээ цагдаа нарынхаа эмчилгээнд бараг л юу ч өгөөгүй л гэх юм билээ.
Уг нь бол цагдаагийн дарга нарыг “хүн буудсан” хэрэгт холбогдуулан шүүж буй энэ үед бэртэж гэмтсэн цагдаа нарын гэр бүл бус, харин гэм зэмгүй таван хүнийхээ амь насыг хөнөөлгөсөн хохирогчдын ар гэрийнхэн жагсч, цуглан, хэргийн үнэн мөнийг олуулахаар тэмцэх ёстой байсан юм. Харамсалтай нь, одоо хэр нь тэд дуугүй л байна. Арай хохирогчдын амь насны төлбөр болгон Засгийн газраас өгсөн 50 сая төгрөгт амаа үдүүлсэн, эсвэл тэр мөнгөнийхөө төлөө Засгийн газарт “гомдолгүй” гэдэг гэрчлэлийг ар гэрийнхнээс нь авсан баймааргүй л юм. Шүүх хурал шүүгдэгчийн эрхийг хамгаалсан байхаас гадна хохирогчдын эрхийг ч бас хамгаалсан байх ёстой гэдгийг энэ удаад мартаад байгаа бололтой.
Цагдаагийн дарга нарт холбогдох хэргийг Улсын ерөнхий прокурор 2010 оны сүүлчээр сэргээж, гэмт хэргийн зүйлчлэлийг өөрчлөн шалгаж эхэлсэн билээ. Өмнө нь албан тушаалын хариуцлага алдсан хэргээр шалгагдаж, мөрдөн байцаалтын явцад Өршөөлийн хуульд хамрагдсан энэ хэргийг “цэргийн гэмт хэрэг” гэдэг шинэ зүйл ангиар шалгаж байгаа. Энгийнээр бол цагдаагийнхан армийнхантай адил тушаалаар явдаг, мөрдөс хэрэглэдэг учраас гээд ойлгочиход болно. Түүнээс биш хэн нэг нь албан тушаалаа урвуулан ашигласан, өмч хөрөнгө үрэгдүүлсэн, шамшигдуулсан төдий хэрэг биш шүү дээ. Хэн нэг нь тушаал өгсөн бол тушаал өгсөн хүн буруудна, тушаал өгөөгүй бол тушаал зөрчсөн нөхдүүд буруудах ёстой. Ингэхэд одоо хүртэл Онц байдлын штабынхан болоод цагдаагийн дарга нар “Буудах тушаалыг хэн ч өгөөгүй, цагдаа хүн буудаагүй” гэдэг хэрнээ “Бид үүргээ гүйцэтгэсэн” гэж мэлзсээр байгаа шүү дээ. Үүний л үнэн мөнийг олох нь шүүхийн үүрэг. Гэтэл хэргийн шалгалтыг аль болох удаашруулахаар саад тавьсаар өдий хүргэсэн нөхдүүд /тухайн үеийн Хууль зүй дотоод хэргийн сайд, Онц, байдлын штабыг ахалж ажилласан Ц.Мөнх-Оргил болон одоогийн сайд Ц.Нямдорж нар/ одоо ирж энэ хэргийг “Сонгуулийн шоу боллоо” хэмээн гасалцгааж байгаа нь харин ч гайхалтай хэрэг шүү.
Ерөнхийдөө одоо болж байгаа үйл явдлууд мэргэжлийн ёс зүй, хариуцлага гэдэг юмгүйгээр хуульчид яаж шившгээ дэлгэдэг, хууль ёсыг уландаа гишгэдэг, шүүх нь ч шүүх биш болдгийн нэгээхэн тод жишээ боллоо гээд хэлчихэд гэмгүй. Үндсэндээ шүүхийн логик, нотлох баримт, хууль зүйн үндэслэл бус, хэн илүү чанга хэвлэлээр хашгирсан нь, эсвэл эрх мэдэлтэй, хууль ёсыг уландаа гишгэж сурсан нь хүссэндээ хүрдэг, түүний зөв болдог голдрил руу шилжиж байх шиг. Шүүхийн шинэчлэлийн тухай багц хуулийг УИХ-д өргөн барьсны дараа зарим нэг улстөрчид rule of law буюу хууль зүйт ёсыг бий болгоход Монголд дахиад 10 жил шаардагдана гэж хэлж байсан. Харин одоогийн энэ хурдаар, шүүхийн процесст гарч буй алдаа завхарлаас харах юм бол түүнээс ч илүү хугацаа шаардагдах нь. Цагдааг хувийн байгууллага шиг болгосон цагдаагийн хэдэн хурандаа нарыг шүүх болоход л шүүхийн систем тэр чигээрээ нуран унаж байна шүү дээ. Жирийн иргэд шүүх, хуулийн өмнө хүлцэн тэвчиж, шударга ёсыг хайж байхад албан тушаалтнууд шүүхийг нулимж, хариуцлагаас зугтаж болдог л юм байна. Иргэдэд хийгээгүй хэргийг нь тулган хүлээлгэхийн тулд эрүүдэн шүүж, ял хүлээлгэж байсан нөхдүүд эргээд энэ шүүхийг нь шинэчлэе гэхээр намыг нь тараах гэж байгаа юм шиг эсэргүүцэж байна. Урьд өмнө шүүхийг улайран хамгаалж байсан хүмүүс цагдаагийн хэдэн дарга нараас болоод улс орныг шүүхгүй, хууль ч үгүй болгож чадаж байгаа нь гайхалтай биш гэж үү. Бас харамсалтай, хачирхмаар…