Өнөөдөр баримтат өвийг хамгаалах өдөр

Хуучирсан мэдээ: 2012.04.01-нд нийтлэгдсэн

Өнөөдөр баримтат өвийг хамгаалах өдөр

ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн 20 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ нь хосгүй үнэт судар, ном, пянз, сийлбэр зэрэг сор болсон бүтээлүүд  дахин нөхөгдөхгүйгээр элэгдэж, гэмтэж, устан алга болж байгааг зогсоож,  хамгаалах зорилгоор “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийг ЮНЕСКО 1992 онд эхлүүлсэн байна.  Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахаар ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Г.Жаргалсайхантай ярилцлаа. 

– ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийг хэрэгжүүлсэнээр ямар ач холбогдолтой вэ?

– Баримтат өвийн Олон улсын болон бүсийн бүртгэлийн жагсаалтанд өнөөдрийн байдлаар дэлхийн нийт 238 баримтат өв бүртгэгдээд байна. Манай улсын хувьд 2005 онд “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Монголын Үндэсний хороог байгуулсан бөгөөд тус хороо энэ хөтөлбөрийг Монголд танилцуулах ажлыг ЮНЕСКО-гийн Бээжингийн төлөөлөгчийн газар, Өмнөд Солонгосын ЮНЕСКО-гийн Үндэсний Комисс болон ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисстой хамтран зохион байгуулсанаар Монгол оронд хэрэгжих эхлэлийг амжилттай тавьсан.

“Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн гол зорилго нь “Баримтат өв”-ийг олон улсын болон бүс нутгийн өвийн бүртгэлд бүртгэх юм. Ингэхдээ олон улсын, бүсийн, үндэсний ач холбогдол бүхий Баримтат өвийг баталгаажуулах, хамгаалах ухамсар ойлголтыг гишүүн орон, ард иргэдэд нэмэгдүүлэх, ийм төрлийн  өвийг хамгаалах талаар гишүүн орнуудын дотор хамтын ажиллагаа, харилцан солилцоог хөгжүүлэхэд ач холбогдолтой.

– “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн үндэсний хороогүй улс орнууд байдаг гэсэн. ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Үндэсний хороо байгуулсанаар ямар боломж нээгддэг вэ?

-“Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн үндэсний хороог орон бүхэнд байгуулах нь стратегийн ач холбогдол бүхий зорилт юм. Үндэсний хороо нь Засгийн газар болон мэргэжлийн байгууллагуудтай хамтран олон улсын баримтат өвийн бүртгэлийн жагсаалтанд нэр дэвшүүлэх, сурталчилах, олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зэрэг олон арга хэмжээ авч хэрэгжүүлдэг.

 “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн үндэсний хороогүй улс оронд ЮНЕСКО-гийн Үндэсний комисс ижил түвшний үүрэг хариуцлага хүлээж, түүний дотор үндэсний хэмжээний бүртгэл явуулж болох боловч Үндэсний хороог аль болох түргэн хугацаанд байгуулахад дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байдаг. Улс орнууд үндэсний хэмжээнд хороо байгуулан ажилладаг бөгөөд Ази-Номхон далайн бүсийн хэмжээнд ярихад нийт 12 улс өөрсдийн үндэсний хороог байгуулан ажиллаж байна.

-Баримтат өвийн жагсаалтад манай улсаас ямар бүтээлүүд бүртгүүлсэн бэ?

-2011 оны 5 дугаар сарын 22-25-ны өдрүүдэд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсын Манчестер хотноо ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Олон улсын зөвлөлдөх хорооны ээлжит 10 дугаар бага хурал болж өнгөрсөн. Энэхүү хурлаар гишүүн орнуудаас  2010 онд нэр дэвшүүлсэн нийт 80 гаруй баримтат өвийн материалыг судлан хэлэлцэж Бүртгэлийн хорооны тайлан, үнэлгээ, дүгнэлтийг үндэслэн 45 хосгүй үнэт баримтат өвийг Олон Улсын Баримтат өвийн (Дэлхийн Баримтат өвд) бүртгэлийн жагсаалтад бүртгэсэн. Харин Монгол улсын хувьд Лу.“Алтан товч”, “Монгол Шунхан Данжуур”-аа Дэлхийн баримтат өвийн жагсаалтад бүртгүүлсэн.

Өнгөрсөн оны хувьд ЮНЕСКО-гийн “Дэлхийн Дурсамж” хөтөлбөрийн Монголын Үндэсний Хорооны хийж гүйцэтгэсэн ажлуудаас цухас дурдвал дэлхийн дурсамж хөтөлбөрт нэр дэвшүүлэх ном судрын судалгаа, тодорхойлолтыг бэлтгэж явуулах зэрэг асуудлуудыг хэлэлцэж тухай бүр шийдвэр гарган ажилласан. Төслийн хүрээнд “Дэлхийн дурсамж” хөтөлбөрт бүртгүүлэх ном судрын тодорхойлолт маягтыг боловсруулах ажлыг хийж, судалгааны багийн гишүүд болон нийт 21 аймаг, хотын томоохон музей, соёлын байгууллагуудад илгээсэн. Түүнчлэн Монголын Үндэсний Номын Санд хадгалагдаж байгаа ном судрын судалгааг хийж, нийт 30 бүтээлийг нэгтгэн тэдгээрээс Монгол Улсын Засгийн Газраас олгодог “Хосгүй үнэт бүтээл” болон ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрт нэр дэвшүүлэх бүтээлүүдийг тодруулах, бүтээлийн судалгааны тодорхойлолтыг бичих, холбогдох байгууллагуудад илгээх ажлуудыг хийсэн.  

Дээрхи жагсаалтаас Дэлхийн дурсамж хөтөлбөрийн “Баримтат өв”-д нэр дэвшүүлж болох 10 Баримтат өвийг төслийн судалгааны баг болон Монголын Үндэсний Номын Сангийн эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлэн баталгаажуулсан. Дээрх эрдэмтэн судлаачдыг хамруулж ЮНЕСКО-гийн Дэлхийн дурсамж хөтөлбөрийн “Баримтат өв”-д нэр дэвшүүлж болох 10 Баримтат өвийн шинжлэх ухааны судалгааны ажлыг хийлгэж байна.

-Баримтат өвийг олон улсын болон бүс нутгийн өвд бүртгэхэд ямар шалгуур тавьдаг юм бол?

-Хамгийн гол нь баримтат өв нь өөрийн анхны жинхэнэ эхээр байхаас гадна эх төрх байдлаа сайн хадгалсан байх учиртай.  Мөн нэр дэвшүүлж байгаа өв нь дэлхий дахины үнэ цэнэ, ач холбогдолтой байх ёстой ба Дэлхийн түүх, хүн төрөлхтний соёл иргэншилд онцгой бөгөөд үлэмж нөлөө үзүүлсэн байх учиртай. Түүнчлэн уг өв нь дэлхийд буюу бүс нутагт онцгой ховор, хосгүй бөгөөд давтагдашгүй байх ёстой. Хэрэв тэр өв устваас хүн төрөлхтний соёлын өв санд нөхөгдөшгүй гарз хохирол учирах болно. Нэр дэвшсэн тухайн өвийн энэхүү дэлхий дахины үнэ цэнэ, ач холбогдол нь цаг хугацаа; газар нутаг, орон зай; хүмүүс, хүмүүсийн бүлэг, үндэстнүүдийн үйл хэргийг гэрчлэх; өвийн агуулга, сэдэв; өвийн хэлбэр, стиль зэрэг шалгууруудыг нэг буюу хэд хэдэн шалгуураар нотолсон байх ёстой байдаг.

-Баримтат өвд ямар дурсгалт зүйлсийг оруулах вэ?

  • Бичиг үсгээр ямар нэг зүйл дээр бичиж, сийлж, зурж, оёж хатгаж, барлаж, хэвлэж үлдээсэн бичгийн дурсгалууд
  •  Марк, ил захидал, мөнгөн тэмдэгт зэрэг зураг, гэрэл зураг болон бусад дүрслэлийг ашигласан хэвлэмэл дурсгалууд 
  • Бүх төрлийн гэрэл зургийн дурсгалууд
  •   Кино
  •   Дүрс, дуу авианы бүх төрлийн бичлэгийн дурсгалууд (пянз, туузан бичлэг) гэх мэт түүхэн үнэт дурсгалууд багтдаг.

-Бид үнэт өвүүдээ ЮНЕСКО-д бүртгүүлснээр ямар боломжууд нээгдэж байна вэ?

-ЮНЕСКО-д бүртгүүлнэ гэдэг ойлголтыг Монгол улсын хувьд авч үзвэл соёлын өвүүдээ ЮНЕСКО-д бүртгүүлснээр ямар их өргөн уудам зан заншил, соёлтой ард түмэн гэдгээ дэлхий дахинд тунхаглаж байгаа хэрэг. Түүнээс гадна ЮНЕСКО-гийн гишүүн  190 гаруй орон өөрсдийн соёлын өвүүдээ ЮНЕСКО-д бүртгүүлж байдаг. Ийнхүү бүртгүүлснээр улс орнууд өөрсдийн соёлын өв, зан заншил, тус улсын өвөрмөц байдлыг илэрхийлсэн арга техник, технологиудыг бид аль болох устгачихгүйгээр хадгалж хамгаалаад хойч үедээ өвлүүлэх бололцоо нээгдэж байгаа юм.

-2012 ондоо ЮНЕСКО-гийн “Дэлхийн Дурсамж” хөтөлбөрийн 20 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан ямар үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөж байгаа вэ?

-Гадаад дотоодын судалгааны байгууллага, эрдэмтэдтэй холбоо тогтоон ажиллаж байна. Энэ ажлыг улам эрчимжүүлэн ажиллахын зэрэгцээ судар номын тодорхойлолтыг нэгтгэж, хянах зурагжуулан баримтжуулж архивлах, судалгааны үр дүнгээр товхимол бэлтгэх, “Дэлхийн дурсамж” хөтөлбөрт бүртгүүлсэн ба бүртгүүлж болох ном судруудын нэгдсэн бүртгэл мэдээллийн сантай болох гэх мэт олон олон ажлыг гүйцэтгэл сайтай хийж гүйцэтгэхээр ажиллаж байна.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж