Хамбург хотод Ази, Америкийн болон бусад тивийн орны худалдаа, аж үйлдвэрийн 3000 гаруй пүүс, компани үйл ажиллагаа явуулж байна. Боомт хот учраас хөлөг онгоцны үйлдвэрлэл, далайн тээвэр, нефть, бусад түүхий эд боловсруулах, баяжуулах үйлдвэрүүд өндөр хөгжжээ. Түүнчлэн иргэний агаарын тээврийн үйлдвэрлэл, электроник, технологийн үйлдвэрүүд бий. Nivea, Tesa, Daimler, Hansa, Adobe systems, Lufthansa systems зэрэг олон брэнд энд үйлдвэрлэл явуулж байна.
Хэдийгээр Хамбург хот хүн амын төвлөрөл ихтэй (1.8 сая хүн амтай) аж үйлдвэржсэн хот боловч Германы хамгийн ногоон хот гэж зүй ёсоор хүлээн зөвшөөрөгддөг юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хамбург хотыг байгальд ээлтэй технологийн төв юм гээд агаарын бохирдлыг бууруулах болон ногоон хөгжлийн технологийг монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах санал тавилаа.
Мөн дэлхийд томд тооцогдох Хамбург хотын боомтыг монголчууд ирээдүйд хэрхэн ашиглаж болох талаар хоёр орны мэргэжилтнүүдийн уулзалт яриаг зохион байгуулахыг санал болгов.
Хамбург муж улсын Засаг дарга, хотын захирагч О.Шольц Ерөнхийлөгчийн саналыг талархан хүлээж авч байгаагаа илэрхийллээ.
Уулзалтын төгсгөлд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хамбург хотын Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав.