Тус тэмцээний шигшээ тоглолтод дэлхийн чансааны хоёрдугаарт эрэмбэлэгдэж буй ОХУ-ын теннисчин Мария Шарапова болон дэлхийн чансааны тавдугаарт эрэмбэтэй Польшийн Агнешка Радванска нар шалгараад байсан юм. Улмаар шигшээ тоглолтод Радванска хоёр сэтийн турш Шараповаг 7:5, 6:4 харьцаатай буулган авч тус тэмцээний аваргаар шалгарлаа. Энэхүү тэмцээнд түрүүлснээрээ Польшийн Агнешка Радванска 712 мянга ам.доллар хүртэж, чансааны 1000 оноо хүртсэн бол Шарапова 352 мянган ам.доллар хүртэж, чансааны 700 оноо хүртлээ.
23 настай тэрээр 2012 онд дэлхийн чансааны номер нэг Викториа Азаренкагаас өөр теннисний холбооны томоохон тэмцээнүүдэд түрүүлсэн цөөхөн тамирчдын нэг болжээ. “Би энэ жил хэзээ ч мартахааргүй сайхан жилийг өнгөрөөж байна. Би бүх хүч бололцоогоо дайчилж сайн тоглохыг хичээсэн. Тэр маань ч үр дүнгээ өглөө. Маш их баяртай байна” гэж тэмцээний дараа Радванска ярьсан юм. Тэрээр Майямигийн аваргийн цомийг авахад 57 минут л хангалттай байсан юм. “Тэр өнөөдөр үнэхээр сайн байсан. Бөмбөгний араас хэрхэн тэмцэж байгааг хараад би түүнийг хүндэллээ. Гэхдээ би өнөөдөр маш их алдаа гаргалаа. Тэр ч миний алдаа нэг бүрийг өршөөгөөгүй” гэж Шарапова сэтгүүлчдэд ярьжээ.
Мария Шараповагийн хувьд 2005, 2006, 2011 онд “Sony Ericsson open” тэмцээний шигшээд шалгарч байсан бөгөөд энэ жил цомыг өргөж чадсангүй. Польшийн Агнешка Радванска анх удаа шигшээд шалгарч цомын эзнээр шалгарсан бөгөөд дэлхийн чансааны дөрөв хүртэл дэвшихээр болж байгаа билээ. Энэ түүний хувьд карьерийн түүхэн дэхь хамгийн өндөр амжилт билээ.
Мөн эрэгтэй хосын аваргаар тус тэмцээнд долоод эрэмбэлэгдэн тоглосон Энэтхэгийн Леандэр Пайс болон Чехийн Радек Штепанек нарын хослол Канад, Беларусын хосыг 3:6, 6:1, 10:8-аар буулган авч оны хоёрдахь цомоо хүртлээ. Тэдний хувьд оны анхны Их дуулга болох "Австралийн нээлттэй тэмцээн"-ийн аваргаар шалгарч байсан билээ. Хосын аваргууд 216 мянган ам.доллар хүртэж, чансааны 1000 оноо хүртсэн бол дэд аваргууд 105 мянган ам.доллар хүртэж, чансааны 600 оноо хүртжээ.
Өдгөө 38 настай, Энэтхэгийн Леандэр Пайсын хувьд тус тэмцээнд сүүлийн гурван жил дараалан түрүүлж байгаа бөгөөд хосын төрөлд таван удаа, холимог хосын зургаан "Их дуулга" хүртээд байна. Мөн түүний тэмцээнээс олсон шагнал 6 тэрбумд хүрээд байгаа билээ.
Хосын төрлийн аваргууд хагас шигшээд тус тэмцээний нэгд эрэмбэлэгдсэн АНУ-ын теннисчин ах, дүүс Майк Брайн, Боб Брайн нарын хосыг буулгаж авсан билээ.
Харин эрэгтэйчүүдийн шигшээд дэлхийн тэргүүн теннисчин Новак Жокович болон дэлхийн чансааны дөрөвт эрэмбэтэй Их Британий Энди Муррей нар шалгарлаа.
Тус тэмцээнд Новак Жокович 2007, 2011 онд, Их Британий Энди Муррей 2009 онд түрүүлж байжээ.