Эрэгтэй теннисчид чансаагаа ахиуллаа

Хуучирсан мэдээ: 2012.04.01-нд нийтлэгдсэн

Эрэгтэй теннисчид чансаагаа ахиуллаа

Ширээний теннисний багийн 51 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Германы Дортмунд хотноо өндөрлөж байна. Тэмцээнд эрэгтэй 120, эмэгтэй 96 орны багийн тамирчид оролцлоо. Монголын багийн тухайд эрэгтэй, эмэгтэй багийн бүрэлдэхүүнтэй оролцож багийн даргаар Монголын ширээний теннисний холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Амарсанаа, багийн ахлах дасгалжуулагчаар А.Мэндбаяр (МШТХ-ын тэргүүлэгч гишүүн), ахлах дасгалжуулагчаар С.Галбадрах, туслах дасгалжуулагчаар Б.Цэрэнтогтох нар ажиллав.

Эмэгтэй багийн бүрэлдэхүүн:

ОУХМ Б.Батхишиг (МБАТ XIII их наадмын хүрэл медальт, Улсын зургаан удаагийн аварга)
Спортын мастер Б.Эрдэнэсувд (МБАТ XIII их наадмын аварга)
Спортын дэд мастер А.Анх-Эрдэнэ (МБАТ XIII их наамдын мөнгөн медальт)
Спортын дэд мастер Б.Энхжин

Эрэгтэй багийн бүрэлдэхүүн:

ОУХМ Л. Алтантулга (МБАТ XIII их наадмын хүрэл медальт, Улсын дөрвөн удаагийн аварга)
Спортын мастер Б.Лхагвасүрэн (2004 оны Монгол Улсын аварга)
Спортын дэд мастер Б.Баатарсүрэн
Спортын дэд мастер Б.Билэгт
Спортын дэд мастер А.Батдэлгэр

Ингээд эмэгтэй, эрэгтэй багийн тоглолтыг тоймлон хүргэж байна.

2010 онд ОХУ-ын Москва хотноо болсон багийн ДАШТ-д D ангилалд амжилттай тоглосноор чансаагаа ахиулсан Монголын эмэгтэй теннисчид энэ удаад С хэсэгт багтан Групп К-д Канад, Мексик, Ирланд, Иран болон Армяны багтай оноолт таарч хожил авч чадаагүй бөгөөд 69-70 дугаар байрын төлөө Азербайжаны багийг 3:2-оор буулган авч анхны хожлоо авч улмаар Монтенегрогийн багтай тоглож 2:3-аар ялагдал хүлээж 70-р байр эзлэв.

ОУХМ Б.Батхишиг таван хожил, спортын мастер Б.Эрдэнэсувд хоёр хожил, спортын дэд мастер Б.Энхжин нэг хожил авсан байна.

Харин эрэгтэй баг групп E-д Киргизстан, Тринидад ба Тобаго, Либери, Куракао, Фароэн арлуудтай оноолт таарсан бөгөөд бүх багуудаа буулгаж авснаар арван оноотой хэсгээ тэргүүллээ. Улмаар E группийн аваргын төлөө Исландийг 3:0 харьцаатай, Ямайкийн багийн 3:0-аар хожиж группийн аваргын төлөө Шриланкийн багийг 3:2-аар буулган авч 97-р байр эзэлж дараагийн ДАШТ-д чансаа ахих боломжтой боллоо.

Эрэгтэй багийн тухайд ОУХМ, улсын дөрвөн удаагийн аварга Л.Алтантулга есөн хожил, спортын мастер Б.Лхагвасүрэн зургаа хожил, спортын дэд мастер Б.Баатарсүрэн, Билэгт нар хоёр хожил, А.Батдэлгэр нэг хожил авлаа.

Ийнхүү 51 дэх удаагийн багийн ДАШТ-ээс эмэгтэй баг 96 орноос 70-р байр, эрэгтэй баг 120 орноос 97-р байр эзлэв.

Эрэгтэй баг:

Алтан медаль: Хятад
Мөнгөн медаль: Герман
Хүрэл медаль: БНСУ, Япон улсын баг эзэллээ.

Эмэгтэй баг:

Алтан медаль: Хятад
Мөнгөн медаль: Сингапур
Хүрэл медаль: Хонконг, БНСУ-ын баг эзэллээ.

2014 оны багийн ДАШТ Япон улсын Токио хотноо зохион байгуулагдах юм байна.

Тэмцээний дэлгэрэнгүй мэдээлэлийг ЭНД дарж үзнэ үү.

Ч.БОЛОРЧУЛУУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж