Францын сүрчгийн эртний үйлдвэрийн нэг Guerlain-ий эзнийг Парисын шүүх расист үг хэлсэн гэж торгохоор шийдсэн гэнэ. Өдгөө 75 настай Жан-Поль Герлен 6000 еврогийн торгууль төлөх болсон ажээ. 2010 онд өгсөн нэгэн ярилцлагадаа Герлен ажил, амжилт, амьдралын талаар дэлгэрэнгүй ярьсан байна. Тэрбээр өнгөрснөө дурсан ярихдаа “Би яг л хар арьстан шиг ажиллаж байсан. Гэхдээ бүх негрүүд тэгтлээ хүнд хүчир ажил хийдэг, үгүйг би мэдэхгүй юм” гээд хэлчихсэн нь шуугиан тарьжээ.
Шүүхээс түүний хэлсэн үгийг расист үзэлтэй гэж торгууль төлөх ял оноосон байна. Ер нь расист үг хэллэг хэлсэн хүнд зургаан сарын хорих ял эсвэл 22,5 мянган еврогийн торгууль оноодог аж.
Пүрэв гаригт болсон шүүх хурлаар сүрчиг үйлдвэрлэгчид зургаан мянган еврогийн торгууль төлөх шийдвэр гаргасан байна. Жан-Поль Герлений өмгөөлөгч давж заалдах талаар мэдэгдэл хараахан өгөөгүй байгаа юм.
Н.Тунгалаг