ЭЗ-ийн хорооны хамтарсан хуралдаан боллоо

Хуучирсан мэдээ: 2012.03.31-нд нийтлэгдсэн

ЭЗ-ийн хорооны хамтарсан хуралдаан боллоо

Эдийн засгийн хорооны анхдугаар хамтарсан хуралдаан боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн ХБНГУ-д хийж байгаа төрийн айлчлалын хүрээнд 2011 оны 10 дугаар сард Холбооны канцлер А.Меркелийн айлчлалын үеэр гарын үсэг зурсан “Ашигт малтмал, аж үйлдвэр болон технологийн салбарт хамтран ажиллах тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх Монгол, Германы Засгийн газрын ажлын хэсгийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд оролцсон эдийн засгийн хорооны анхдугаар хамтарсан хуралдааныг ХБНГУ-ын Холбооны Эдийн засаг, технологийн яаманд амжилттай зохион байгуулав.

Эдийн засгийн хорооны хуралдааныг Монгол, Германы эдийн засгийн хорооны германы талын тэргүүлэгч ноён Э.Шульц, тус хорооны Монголын талын тэргүүлэгч ноён Б.Энэбиш нар хамтран удирдлаа. Хуралдаанд Монгол, Германы геологи, уул уурхайн салбарт тэргүүлэх аж ахуйн нэгжийн төлөөлөгчид оролцов. Тэд хамтран ажиллах төслүүдийн талаар дэлгэрэнгүй санал солилцож, зарим компани хоёр талын  хамтран ажиллах санамж бичиг, гэрээнүүдийг байгуулсан юм.  Үүнд:

1.Тайшир Алтайн усан хангамжийн төслийг хэрэгжүүлэх тухай санамж бичигт Монголын талаас ЗТБХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ, Германы талаас Ферроштаал ХХК-ийн хөгжил ба худалдаа хариуцсан дэд ерөнхийлөгч ноён М.Напел нар,

2.Фишер-Тропшийн технологид суурилсан нүүрс шингэрүүлэх тоног төхөөрөмжийг нийлүүлэх тухай санамж бичигт Монголын талаас Эм Си Эс холдинг болон Петровис ХХК-иуд, Германы талаас Лурги компани,

3.Жи Ти Эл Эф 1 технологийг ашиглан нүүрс шингэрүүлэх тоног төхөөрөмж дээр хамтран ажиллах тухай гэрээнд Монголын талаас Цэцэнс Майнинг энд Энержи ХХК, Германы талаас Лурги болон Жи Ти Эл Эф 1 компаниуд,

4.Нүүрс шингэрүүлэх үйлдвэрийн хийжүүлэх технологийг нийлүүлэх тухай санамж бичигт Монголын талаас Эм Си Эс холдинг, Петровис ХХК, Германы талаас Сиймэнс ХХК тус тус гарын үсэг зурав.

Хоёр орны Засгийн газар хоорондын ажлын хэсгийн анхдугаар хуралдааныг Монголын талын ажлын хэсгийн ахлагч, ЭБЭХ-ий дэд сайд, хатагтай Ц.Гарамжав, Германы талын ажлын хэсгийн ахлагч, Холбооны Эдийн засаг, технологийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, доктор М.Хайцер нар удирдан явууллаа.

Талууд хуралдааны явцад харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлэх талаар дэлгэрэнгүй ярилцаж, ялангуяа доорхи чиглэлүүдэд онцгой анхаарч ажиллахаар  харилцан тохиролцов. Үүнд:

1.Монголын геологи, хайгуул, уул уурхайн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлж хамтран ажиллах,

2.Монгол Улсад нүүрс шингэрүүлэх төслийг хэрэгжүүлэх,

3.Сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах,

4.Хүрээлэн буй орчинд нөлөөлж буй хүчин зүйлүүдийг багасгах талаар хамтран ажиллах  (Байгаль орчин хамгаалах),

5.
Монгол-Германы хамтарсан уул уурхайн академийг Монголд байгуулах зэрэг болно.

Ажлын хэсгийн хоёрдугаар хуралдааныг 2012 оны есдүгээр сард Улаанбаатар хотноо зохион байгуулахаар харилцан тохиролцлоо. Ярилцаж тохиролцсон асуудлаар хоёр тал протокол байгуулахаар болов.

Эх сурвалж: www.president.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж