Тэргүүн хатагтай “Сос Киндердорф”-т зочлов

Хуучирсан мэдээ: 2012.03.31-нд нийтлэгдсэн

Тэргүүн хатагтай “Сос Киндердорф”-т зочлов

Тэргүүн хатагтай Х.Болормаа Берлин хотын Маобит дүүрэг дэх “Сос Киндердорф” олон улсын байгууллагад зочиллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, тэргүүн хатагтай Х.Болормаа нарын  ХБНГУ-д хийж байгаа төрийн айлчлал амжилттай үргэлжилж байна. Тэргүүн хатагтай Х.Болормаа өнчин болон харж асрах хүнгүй хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг  “Сос Киндердорф” олон улсын байгууллагад зочлон үйл ажиллагаатай нь танилцлаа. Тэргүүн хатагтайг тус байгууллагын дарга хатагтай К.Спийвак угтан авч байгууллагынхаа зорилго, явуулж буй үйл ажиллагаатай товч танилцуулав.

“Сос Киндердорф” Берлиний хүн ам ихтэй дүүрэг болох Маобитд 2005 онд салбараа байгуулжээ. Тус дүүрэгт цагаач иргэд, ажилгүйчүүд олноороо оршин суудаг. Тиймээс тэдний үр хүүхдэд зориулан сургалт явуулах, урлаг спортын авьяасыг нь дэмжих, хэлний мэдлэг болон мэргэжлийн чиг баримжаа олгоход чиглэсэн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.

Өнөөдөр тус төвд 5-15 насны 24 хүүхэд  байнга амьдарч, өдөр өнжүүлэх бүлгийн 90, цэцэрлэгийн 70 хүүхэд хамрагдан хүмүүжиж байна.

Түүнчлэн Маобит дүүрэг дэх гадаадын олон үндэстний цагаач иргэд, орлогогүй, ажилгүй иргэдэд мэргэжлийн чиг баримжаа олгох, эцэх эхийн үүрэг хариуцлагыг дээшлүүлэх, сэтгэлзүйн зөвлөгөө өгөх зэрэг тусламж үйлчилгээг мөн үзүүлдэг юм байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 1998 онд Ерөнхий сайд байхдаа энэхүү “Сос” олон улсын байгууллагыг монголд байгуулах тухай гэрээнд гарын үсэг зурснаас хойш Улаанбаатар, Дархан хотуудад салбар байгууллагууд байгуулагдаж, нийт 130 гаруй хүүхэд амьдарч хүмүүжиж байгаа тухай Тэргүүн хатагтай Х.Болормаа ярилаа. Уулзалтын үеэр хатагтай К.Спийвак Тэргүүн хатагтай Х.Болормаагийн тэргүүлдэг “Болор-Халамжит гэр бүл” төвийн үйл ажиллагааны талаар сонирхон асууж, хамтран ажиллах боломжийн талаар санал бодлоо солилцлоо.

Уулзалтын дараа хүүхдүүд урлагийн тоглолт үзүүлж Монгол Улсын Тэргүүн хатагтайд хүндэтгэл үзүүлэв.

Эх сурвалж: www.president.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж