Үндэсний брэнд Могул компьютер худалдаалагдаж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.05.06-нд нийтлэгдсэн

Үндэсний брэнд Могул компьютер худалдаалагдаж эхэллээ

Өчигдөр дэлхийд өрсөлдөх үндэсний брэнд Могул компьютерийн нээлтийн үйл ажиллагаа Өргөө кино театрт ёслол төгөлдөр болж өнгөрлөө.
М-Си-Эс Электроникс компани нь 2008 онд импортын бүтээгдэхүүнийг бүрэн орлох үндэсний брэнд компьютерийг дэлхийн стандартын дагуу Монголдоо үйлдвэрлэх зорилгоор “Могул” компьютерийн үйлдвэрийг байгуулсныг уншигч та бүхэн мэдэх билээ. Тус компанийн чадварлаг инженер, техникийн ажилчдын  хоёр жилийн нөр их хөдөлмөр, туршилт судалгаа, шинжилгээний үр дүнд “Могул” компьютер үйлдвэрлэгдэн гарч, өнөөдрөөс эхлэн ийнхүү албан ёсоор худалдаалагдаж эхэлж байна. Тус компани нь 2000 онд Venus, Apollo, 2004 онд Athena компьютерийг өөрсдийн инженерүүдийн гараар угсран зах зээлд гаргаж байсан арвин туршлагатай компани юм.
Энэхүү нээлтийн үйл ажиллагаанд тус компанийн амжилтын түнш болсон харилцагчид, түншүүд нь болон төр засаг, урлаг соёлын алдартнууд оролцлоо. Олон улсын стандартын дагуу Монголд үйлдвэрлэгдэж буй Могул брэндийн анхны компьютерийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Сайханбилэг, М-Си-Эс Группийн дэд ерөнхийлөгч Л.Энх-Амгалан, МШХХТГазрыын дэд дарга А.Мөнхбат, Интел корпорацийн Бизнес хөгжлийн газрын захирал Субидо Карло болон М-Си-Эс Электроникс компанийн гүйцэтгэх захирал Н.Баттулга нар хамтран асаав.
Интел корпорацийн төлөөлөгч ноён захирал Субидо Карло “Анх 2008 онд М-Си-Эс Электроникс компани манайд ‘Монголд компьютерийн үйлдвэр барих’ төслөө танилцуулсан. Компьютерийн тоног төхөөрөмж үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч Интел корпорацийн хувьд Монголын мэдээллийн технологийн хөгжилд шууд түлхэц үзүүлэх энэхүү дэвшилтэт санаачлагыг анхнаас нь дэмжин ажилласан” хэмээн нээлтийн үеэр цохон дурьдлаа.
Мэдээллийн технологийн чиглэлээр салбартаа 14 жил амжилттай ажилласан М-Си-Эс Электроникс компани өөрийн арвин их туршлага, чадварлаг Монгол инженерүүдийнхээ тусламжтайгаар Монголд анх удаа компьютер үйлдвэрлэж, Могул нэртэйгээр худалдаанд ийнхүү гаргаж байна.
‘Могул’ гэдэг нь XVI-XVII зууны үе дэх Монголын эзэнт гүрний нэр бөгөөд Англи хэлнээ бизнесийн магнатуудын ерөнхий нэршил юм. Монгол улс нэгэн цагт дэлхийн талыг эзэлж байсны адилаар 21-р зуунд Монголчууд бид оюун ухаанаараа дэлхийг байлдан дагуулахыг бэлэгшээн ийнхүү монголд үйлдвэрлэгдэж буй анхны брэнд компьютерт Могул хэмээх үндэсний нэрийг оноож өгчээ.
М-Си-Эс Электоникс компанийн хамт олон Монголчуудынхаа бүхий л онцлог, хэрэгцээ шаардлагад бүрэн нийцсэн Могул компьютерийг үйлдвэрлэн гаргахаар зорьж ажилласны үр дүнд Могул компьютер нь өөр өөрийн онцлог загварын шийдэл, нэмэлт боломжуудаар дүүрэн Nationmate, Workmate, Homemate, Mediamate, болон Extreme гэсэн 5 загварын ширээний компьютер болон 2 төрлийн зөөврийн компьтерийг зах зээлд гаргаад байна.
Загвар тус бүр өөрийн онцлог шинж чанар, давуу талуудтай бүтээгджээ. Жишээ нь Mogul Homemate нь өрхийн хэрэгчдэд зориулагдсан бөгөөд тус загварын шийдэл нь айлын тавилгатай гайхалтай зохицох, хэмжээний хувьд жижигхэн, зай бага эзэлдэг байхаар дизайны хувьд шийдэгдсэн байсан. Харин Mediamate болон Extreme загварууд нь  график дизайнер, тоглоомчид гээд жинхэнэ компьютерийн фанатуудад зориулагдсан бөгөөд дизайны шийдэл нь уралдааны машинаас санаа аван бүтээж, агаарын солилцоог төгс шийдвэрлэсэн, хэрэглэгч хүссэн үзүүлэлтээрээ компьютераа өргөтгөдөг гайхалтай бүтээл болсон байна.   
Дээр нь Могул компьютер Монгол хэрэглэгчдэд зориулан үйлдвэрлэгдэж байгаагийнхаа хувьд компьютер хэрэглэх гарын авлага, видео хичээлүүдийг монгол хэл дээр, цаашлаад компьютерийн гар нь крил үсэгтэй, ус нэвтэрдэггүй, бүх төрлийн санах ойн карт уншдаг, тв үзэж, фм сонсох боломжтой зэрэг олон нэмэлт боломжуудыг давхар оруулсан байна. Дээр нь Могул компьютерийн хэрэглэгчдэд компьютераа бүрэн ажиллагааг нь баталгаажуулж Майкрософт корпорацийн албан ёсны лицензтэй ‘Windows 7’ үйлдлийн систем, дэлхийн шилдэг вирусын эсрэг програм болох үйлдлийн системийг хамгийн бага ачаалладаг ESET NOD32-ийг суулгаж өгсөн байна.
М-Си-Эс Электроникс компани нь Могул компьютертаа компьютерийн эд анги үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч компаниудын хамгийн найдвартай, дээд зэргийн чанартай эд ангиудыг ашиглаж байгаа бөгөөд эдгээр эд ангиудыг өөрийн бүрэн автоматжуулсан компьютерийн үйлдвэрт олон улсын стандартын дагуу 5 шат дамжлагаар хоорондын нийцэл, ажиллагааг лабораторийн хяналт дор туршин, тестлэж, эцсийн шатанд компьютерийг 100 хувь хүчин чадлаараа найдвартай, тасралтгүй ажиллагааг ханган ажиллаж байхаар үйлдвэрлэн гаргадаг байна. Энэ ч утгаараа Могул компьютер нь дэлхийд алдартай Дэлл, Эйсэр зэрэг брэнд компьютеруудтай чанар чансаагаар шууд өрсөлдөх бүтээгдэхүүн болж чаджээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж