У.Мөнх-Эрдэнэ Польшид түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2012.03.31-нд нийтлэгдсэн

У.Мөнх-Эрдэнэ Польшид түрүүлэв

Польшийн нийслэл Варшав хотноо жил бүрийн хавар болдог алдарт дасгалжуулагч Феликс Штаммын нэрэмжит 29 дэх удаагийн боксын олон улсын тэмцээн өнгөрөгч пүрэв гаригт өндөрлөв. Европын нэр хүнд бүхий тус тэмцээнд үе, үеийн шилдэг ширэн бээлийтнүүд оролцож байсан бөгөөд хожим нь мэргэжлийн рингэнд алдраа цуурайтуулсан Льюис Леннокс, Анжей Голота, Томаш Адамек нар аваргалж байсан түүхтэй ажээ.

Монголын ширэн бээлийтнүүдийн тухайд 1983 онд болсон зургаа дахь удаагийн тэмцээнд Ц.Амаржаргал түрүүлж, тэмцээний шилдэг тамирчнаар шалгарч байсан юм. Харин энэ удаад гуравдугаар сарын 24-28-нд болсон тус тэмцээнээс Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ 64 кг-ын жинд түрүүллээ. Өнгөрсөн жил болсон ДАШТ-ээс Лондонгийн олимпийн эрхээ авсан тэрбээр Польшийн Рафал Перчинский, Беларусийн Денис Юцкевичийг дараалан ялж, аваргын төлөө Туркийн боксчин Цетин Оздемиртэй тоглож, ялсан байна. Тэмцээнд У.Мөнх-Эрдэнийн дасгалжуулагчаар Ц.Амаржаргал оролцсон бөгөөд тэмцээний уламжлал ёсоор түрүүлсэн тамирчин дасгалжуулагчийн хамт альан медаль хүртсэн байна. Ц.Амаржаргал дасгалжуулагчийн тухайд ийнхүү Феликс Штаммын тэмцээний аваргын медалиа ихэрлүүлжээ.

А.Жирэм
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж