Орон сууцны хоёр дахь жагсаалт гарлаа

Хуучирсан мэдээ: 2012.03.31-нд нийтлэгдсэн

Орон сууцны хоёр дахь жагсаалт гарлаа

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны гуравдугаар сарын 16-ны өдрийн 82 дугаар тогтоолоор “100 мянган айлын орон сууц”-ны хөтөлбөрт хамрагдсан барилга, орон сууцны хоёр дахь ээлжийн жагсаалтыг баталсан билээ.  Хоёр дахь жагсаалтад багтсан барилгуудын тухайд нийслэлд Налайх, Багануур дүүргийн орон сууцны барилгыг нэмж, найман дүүргийг хамруулан 37971, орон нутагт 9566 орон сууцны барилгыг баталсан байна. Өөрөөр хэлбэл, “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн үргэлжлэл болгож, хоёрдугаар жагсаалтаар улсын хэмжээнд 47537 орон сууцны барилгыг нэмж баталсан юм.

Засгийн газрын 2011 оны 11 дүгээр сарын 30-ний өдрийн 341 дүгээр тушаалаар баталсан эхний жагсаалтад нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд 68875, орон нутагт 10611 орон сууцны барилга багтсан байсан. Харин энэ нийслэлийн алслагдсан хоёр дүүргийг нэмсэн гэдгээрээ онцлогтой юм. Эдгээр барилгыг 2016 он хүртэлх хугацаанд орон сууцны барилга барих эрх авсан компаниуд барих юм.

Харин эхний жагсаалтад багтсан орон сууцны барилгын гүйцэтгэлийг шалгахаар ЗТБХБЯ-ны Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газрын даргын 2012 оны 94 дүгээр тушаалаар нийслэлийн 55 байршилд гуравдугаар сарын 6, 7-нд шалгалт хийсэн юм. Шалгалтаар нийслэлийн төвийн зургаан дүүргийн 4382 орон сууцны барилгын 68875 айлын сууцнаас одоогийн байдлаар 98 орон сууцны барилга баригдаж байгаа. Үүнээс 50 хувиас дээш гүйцэтгэлтэй 75 барилгын 6350 айлын орон сууц байгаа ажээ. Харин  55 м2 хүртэлх талбай бүхий айлын орон сууц 4128 байгаа тухай албаныхан мэдээлж байна.

“100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдах Улаанбаатар хот, орон нутагт барих орон сууцны барилга, хотхон, хорооллын хоёрдугаар жагсаалт

“100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн орон сууцны барилгуудын хоёр дахь жагсаалтын талаар ЗТБХБЯ-ны Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын газрын орлогч дарга Ц.Баярбатаас тодрууллаа.

-“100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд барих орон сууцны барилгыг дахин батлах уу?

-Ерөнхийдөө айл өрхийг орон сууцжуулах ажлын хүрээнд нэмж барилга барих, иргэдийг зургаан хувийн зээлд хамруулах ажил цаашдаа нээлттэй л байна. 2016 он хүртэл орон сууцыг хамруулах чиглэлтэй л ажиллаж байна.

-Хоёр дахь жагсаалт нийлүүлэлтийг ихэсгэхийн хажуугаар барилгын үнийн хөөрөгдлийг барих байх? 

-Хамгийн гол нь нийлүүлэлт ихэссэн шууд ач холбогдолтой болж байна. Ерөнхийдөө 100 мянган айлын орон сууцны захиалга 2016 он хүртэл авах юм. Энэ хугацаанд зургаан хувийн хүүг эдлэх боломж бийг онцолмоор байгаа юм. Харин нэг хэсэг ачаалал ихтэй, орон сууцны захиалгаа өгөх болон үл хөдлөх хөрөнгийн лавлагаа авах гэж олноор хандаж байгаа нь үнэ хөөрөгдөх үйл явцад хүргэж байна.  Тиймээс хоёр дахь жагсаалтыг гаргалаа. Харин хамтарч ажиллах банкны тухайд, эхний ээлжинд Капитрон банк, Төрийн банк зээлийн эх үүсвэрүүдийг гарган ажиллаж байна. Цаашдаа арилжааны банкийг идэвхтэй оролцуулах тал дээр ажиллана.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж